Ц.Өлзийцэрэн: Бидний ажлын төлөвлөгөө өдөр, цаг минутаар өөрчлөгдөж байдаг онцлог салбар
Ярилцлагын зочин:
Ц.Өлзийцэрэн
Байгууллагын нэр:
AIMM LLC
Албан тушаал:
AIMM LLC -ийн гүйцэтгэх захирал, МҮХХЗН Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн.
Чиглэл:
Үл хөдлөх хөрөнгө зуучлал
Ажлын туршлага:
5 жил
Баримталдаг зарчим:
Болохгүй юм гэж хэзээ ч байдаггүй
Ц.Өлзийцэрэн: Бидний ажлын төлөвлөгөө өдөр, цаг минутаар өөрчлөгдөж байдаг онцлог салбар
2017 оны 05 сарын 03 өдөр
10237     12
Зочны цахим хаяг
Хуваалцах - 13 Жиргэх

"АЖЛЫН ӨДӨР" булангийн хамгийн анхны зочноор AIMM LLC компанийн захирал Ц.Өлзийцэрэн уригдан оролцлоо.  Үл хөдлөх хөрөнгийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа түүнтэй ярилцаж суухад  МАНАЙ РЕАЛТОРУУД гэж газар гээхгүй тэд нараараа бахархан ярьж байсан юм. Байгуулагдсанаас хойш 5 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл 6 реалтор нь  он цагийг захиралтайгаа  хамт туулан, салбараа хамт хөгжүүлж  тууштай явааг нь харахад үнэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Олон залуучуудад ажил олгон, нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэн улсдаа татвар төлж,  иргэдэд зуучлалын үйлчилгээ үзүүлэн салбартаа манлайлж яваа  залуухан захирлын ярилцлагыг хүргэж байна.

-Юун түрүүн хийж байгаа ажлынхаа онцлогийг дурдаач.

- Манай ажлын онцлог хүмүүсийн харилцаа болон гэрээнд тулгуурладаг. Листинг / Үл хөдлөх хөрөнгийн жагсаалт/ авах, үл хөдлөх хөрөнгө үзэх. үзүүлэх, худалдах, түрээслүүлэх, хөлслүүлэх гээд реалтор / Үл хөдлөх хөрөнгө зуучлагч / зуучлуулагч хоёрын харилцаан  дээр өрнөж гэрээгээр зохицуулагддаг гэсэн үг. Мөн реалторууд маань оффист ажлаа хийж өнгөрүүлэхээс илүү гадуур үл хөдлөх хөрөнгүүд дээр ихэвчлэн ажиллаж явдаг. Бас нэг онцлог гэвэл тэд үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой хуулийн зөвлөгөө, үнэ болон орчны судалгаа,  үр ашгийн тооцоо  үнэлгээ зэргийг хийдэг. Нэг үгээр хэлбэл реалтор гэдэг нь хуульч, санхүү, эдийн засагч, судлаач, сэтгэл зүйч, зурагчин, хот төлөвлөлт, архитектурч, интерьер дизайнер гээд маш олон нарийн мэргэжлийг өөртөө агуулсан байдгаараа онцлог.

-Яагаад энэ үл хөдлөх хөрөнгийн салбар луу орох болов.  Зах зээлийн  судалгаа шинжилгээ хийсэн үү.

- Өрсөлдөгчийн болон салбарын судалгааг тодорхой хэмжээнд хийсэн. Цаашид ирээдүйтэй хөгжих ёстой салбаруудын нэг гэж харсан. Энэ салбарыг хөгжсөний дараа хүмүүс ойлгосны дараа гэж хойш тавилгүй, энэ салбарлуу орж, хамт хөгжиж яагаад болохгүй гэж бодсон. Бидний үйлчилгээг хүмүүс бүрэн утгаар нь ойлгох хүртэл тодорхой цаг хугацаа шаардах нь мэдээж. Олон асуудлыг даван туулаад туршлагажаад явж байна. Энэ үйлчилгээг хүмүүс аваад сурч байна. Санал, гомдол, талархал, шүүмжлэлийг бидэнд өгч байгаа. Манай компани энэ салбарын нэг хэсэг болоод явж байгаадаа баяртай байдаг.

-Танай ажил хэдэн цагаас эхэлж ямар дэс дарааллаар ажилладаг вэ?

- Реалторуудынхаа нөхцөл байдал, ажлын онцлогоос шалтгаалан 10:00 цагаас  ажил маань эхэлдэг. Гэрээ хийх, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар очих зэрэг ажлууд эрт төлөвлөгдсөн байвал тухайн ажлыг хариуцаж байгаа хүн өглөө 08:00 цагт ирдэг. Хэдийгээр ажил маань 18 цагт тардаг ч гэлээ 22 цаг хүртэл ажиллах тохиолдлууд бий. Лист авсан газруудынхаа  гэрээг цэгцлэх  зургуудыг нь янзлах, зарах хөрөнгөө өөрийн болон бусад зарын сайт руу оруулах зэрэг ажилтай байхад нөгөө хэсэг нь гадуур  явж гэрээ байгуулах ажилтай байдаг. Ер нь ажлын төлөвлөгөөг 1 сар байтугай 7 хоногоор  гаргахад ч түвэгтэй байдаг. Учир нь бидний ажлын төлөвлөгөө  өдөр, цаг минутаар өөрчлөгдөж байдаг онцлог салбар. Шинэ харилцагчидтай уулзаж, шинэ ажлууд гарч ирсээр  байдаг.

-Танай байгууллага хэдэн реалтортай  вэ?  Бусад компаниудаас ялгарах онцлог нь юу вэ?

-Манайх 14 реалтортай. Дөрвөн машин зэрэг гардаг. Бусад зуучлалын компаниас хамгийн олон боловсон хүчинтэй гэдгээрээ давуу талтай болов уу гэж бодож байна. Мөн манай www.aimm.mn  сайт бусад компаниудын сайтаас хамгийн олон зарах түрээслэх  үл хөдлөх хөрөнгийн сонголттой гэдгээрээ арай давуу талтай гэж  боддог.

-Тэгвэл танайд яг одоо худалдах түрээслэх хэчнээн үл хөдлөх хөрөнгө байна.

- Одоогийн байдлаар манай сайт дээр худалдах 526, түрээслэх 333 нийт 859 үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл байна. 

- Ажилд авахдаа туршлагатай боловсон хүчнийг  үү эсвэл туршлага суулгаад цаашид тогтвортой ажиллах магадлалтай хүнийг нь авдаг уу?  Ер нь ажилчдаа яаж сонгож авдаг вэ?

- Би залуучуудаа манай ажилчид гэж хэлдэггүй. Яагаад ч юм надад энэ үг хөндий сонсогддог. Тийм болохоор би яриандаа огт хэрэглэдэггүй юм л даа. Манай компани сургууль төгсөөд удаагүй, мөн ажил хийж байсан байгаагүй ялгаагүй энэ салбарт ажиллах сонирхолтой залуучуудыг сонгож авдаг. Ажил хийе гэсэн хүмүүсийг тодорхой хугацаанд дагалдуулж ажиллуулдаг. Дараа нь энэ ажил өөрт нь таалагдаж байна уу, хийж чадах уу гэдгийг  нь тухайн хүнээсээ асуудаг. Зарим  залуучууд чадна гэж ажилладаг ч удалгүй шантраад гардаг.

Анх байгуулагдахад надтай цуг байсан 6 залуучуууд маань 5 дахь жилээ болох гэж байна. Тэд нар маань чин сэтгэлээсээ тууштай сайн ажиллаж байгаад нь би үнэхээр их баярладаг. Зуучлалын  ажил гадна талаас нь харахад  амар хялбар юм шиг харагддаг ч үнэн хэрэгтээ тухайн хүний тэвчээрийг маш их шаардсан  ажил. Тиймээс боловсон хүчнээ сонгохдоо энэ ажил нь тухайн хүндээ таалагдах цаашид хийх сонирхолтой байх нь маш чухал. Үнэхээр реалтор болох сонирхолтой боловч чадахгүй хүмүүс бас байна. Тийм хүмүүсээ чи чадахгүй байна гээд түлхэхийг хэзээ ч боддоггүй. Нэгэнт л эхний даваагаа даваад энэ компанийн босгоор орж ирсэн л бол тухайн хүнийг чаддаг болтол нь зааж сургахыг хичээдэг.

Нягтлан бодогч мэргэжилтэй Б.Батдулам ажилд ороод 7 хонож байна.

- Зааж сургаад  ажилд авна гэдэг цаг хугацааны хувьд  алдагдалтай юм биш үү.  Юу ч мэдэхгүй хүнийг реалтор болгон сургаад, сургасан боловсон хүчин чинь өрсөлдөгч байгууллагад ажилтнаар очвол яах вэ? Тийм тохиолдлууд зөндөө л байдаг ш дээ.

-Манай компанийн хувьд өмнө нь өөр зуучлалын компанид ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин ажилд авч болно. Залуучууд утасдаад би тэнд ажиллаж байсан  тэдэн жилийн туршлагатай намайг ажилд авбал компанийнхаа гэрээ, но-хауг зааж өгье гэх мэтээр санал тавьдаг л даа. Гэхдээ манай компани өөрийн гэсэн үзэл баримтлал ажиллах зарчим арга барилтай. Компанийнхаа бүх гэрээ, ажиллах зарчим, ноу-хауг би өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон учраас бусад компани ямар гэрээ ашигладаг, яаж ажилдаг арга барилыг би ашиглаад бусад компанитай адилхан болох шаардлага байхгүй гэж үздэг. Нөгөө талаас тэгж ярьж яваа хүнийг би ажилд авлаа гэхэд манайхаас гараад өөр газар манай компанийн ноу-хауг яриад явах магадлалтай. Тиймээс би хүмүүсээ өөрөө сургаж авах нь хамаагүй дээр гэж боддог.

Хачирхалтай нь зүгээр ажлаа хийж яваа манай залуучуудад  өөр зуучлалын компаниуд манайд ажилд орооч гэсэн санал тавьдаг. Үүнийг анзаараад байхад энэ салбарт дөнгөж шинээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа газрууд Headhunter / бусад компанид ажиллаж байгаа шилдэг чадвартай ажилтнуудыг нь урвуулж  авах / нь хийдэг нь анзаарагдсан. Харин олон жил үйл ажиллагаа явуулж байгаа зуучлалын компаниудаас тийм асуудал огт гардаггүй. Манайд ажиллаж байсан залуучуудаас компани нээгээд тусдаа гарсан тохиолдлууд бий. Хэрэв манайхаас өөр зуучлалын компанид орох тохиолдол гарвал одоо сурснаасаа илүү ихийг мэдэхийг хичээж сайн ажиллаарай, хамтын ажиллагаатай ажиллана шүү гэж захиад л явуулах байхдаа. Гэхдээ энэ талаар бодож байгаагүй болохоор яг тухайн үед ямар ааш авир гаргахыг хэлж мэдэхгүй байна. 

-Танай компани байгуулагдсаны 5 дахь жил  3 сард болно. Эргээд харахад энэ хугацаан дахь  ололт амжилт юу байв.

-Хамгийн чухал амжилт бол  нэг хамт олон болж чадсан манай залуучууд. Тэд нараараа хамгийн их бахархаж байна. Энэ хугацаанд сэтгэлээ хувиргалгүй, тууштай, шантралгүй компанийнхаа  нүүр царай болж  чадсан  залуучууд маань бидний амжилт.  Энэ салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарыг олон хүмүүст ойлгуулж, сурталчлан  ажиллаж байгаа. Тэднийгээ сонгосон ажлаараа  амжилт олж олонд танигдсан реалторууд болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг.

- Та МҮХХЗХолбооны Хяналтын зөвлөлийн гишүүн. Таны үүрэг оролцоо юу вэ?  Холбоо ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

-МҮХХЗуучлалын салбарын хувьд зөвхөн компаниа бодоод манай компани л энэ салбартаа тэргүүлэгч байх ёстой гэж  явахаас илүү эхлээд салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэж би боддог. Тэгж байж бид компаниа хөгжүүлэх болно.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт олон жил ажиллаж байгаа компаниуд нэгдээд

МҮХХЗНХолбоо байгуулаад маш үр дүнтэй ажиллаж байна.

Би хяналтын зөвлөлөөс гадна гишүүнчлэлийн хороонд байдаг. Хяналтын зөвлөлийн хувьд дотоод үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг.Холбооны энэ жилийн хамгийн эхний ажил БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ-ны СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР-ын  ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС-ээс Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааны зохицуулалтын тухай хуулийн төслийг боловсруулах судалгааны ажлын хэсэгт манай холбоо орж ажиллахаар болсон. Мөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт зарын нэгдсэн портал сайттай болохоор ажиллаж байна. Эхний удаад эдгээр ажлуудыг хийж байна. 

Бид реалторуудад зориулсан сургалтанд анхаарал хандуулж  албан ёсны үл хөдлөх хөрөнгийн зуучлагч бэлтгэн, тэд нарт гэрчилгээ олгох, тэр гэрчилгээ нь энэ салбарт ажиллах үнэ цэнийг бий болгох юм. Гэхдээ үнэ цэнэ бий болгохоос гадна алдаа дутагдал гаргасан тохиолдолд хариуцлага тооцдог системтэй байх юм. Миний зүгээс МҮХХЗНХолбоонд бусад зуучлалын компаниудыг элсэн ороорой гэж уриалмаар байна.

- Манайд реалтор бэлтгэдэг албан ёсны байгууллага гэж байхгүй. Танай холбоо эхлэлийг нь тавьж байгаа юм байна. 

- Тийм ээ. Одоогоор Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч бэлтгэдэг байгууллага гэж байхгүй. Харин тэд нарын үйл ажиллагаатай холбоотой мэдлэгийг нь дээшлүүлэхийн тулд хэд хэдэн байгууллагууд сургалт явуулдаг. Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооноос /МҮХХЗНХолбоо/ жил бүр реалторуудад зориулсан сургалтуудыг тогтмол явуулж байгаа.  Энэ сургалтуудад залуучуудаа хамруулж үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдлэгийг нь улам дээшлүүлж, мэргэшүүлдэг байгаа.  Эдгээр сургалтууд маш үр дүнтэй, өгөөжтэй болж чаддаг.  

-  Сургалтыг бол зохион байгуулаад эхэлсэн юм байна. Харин гарын авлага болохуйц ном гэж огт байдаггүй.  Д. Тунгалагын "ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БАЯН ЗУУЧЛАГЧ ХЭРХЭН БОЛОХ"  вэ? гэдэг номыг л  мэдэх юм байна.

-Реалторуудад зориулсан гарын авлага болох ном монголд хараахан гараагүй байгаа. “Үл хөдлөх хөрөнгө зарж саятан болох аргууд” мөн таны хэлсэн “Үл хөдлөх хөрөнгийн баян зуучлагч хэрхэн болох вэ?” гэдэг хоёр орчуулгын номыг л мэдэж байна. “Үл хөдлөх хөрөнгийн баян зуучлагч хэрхэн болох вэ?” ном найруулгын хувьд ойлгомжгүй санагддаг.

- Үл хөдлөх хөрөнгийн зуучлал хийж байгаа олон компани байгаа хэдий ч  дорвитой үйл ажиллагаа явуулж байгаа нь маш цөөхөн. Энэ талаар...

- Цөөхөн гэж бодохгүй байна. Энэ салбарын төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа олон компаниуд бий. Анхдагч болон 2 дахь зах зээл дээр Актив зууч ХХК, Үйлс ХХК, Бэста ХХК, Либерти Бридж ХХК , тэгээд манайх ажиллаж байна. Мастер пропертис ХХК бол анхдагч зах зээл дээр ажиллаж байгаа анхдагч компаниудын нэг. Мэско Проперти ХХК анхдагч зах зээлийн борлуулалт руу орж ажиллаж байгаа үл хөдлөх хөрөнгийн менежментийг маш сайн хийж байгаа компани. Тэнхлэг зууч ХХК-ны үл хөдлөх хөрөнгийн судалгааны ажил далайцтай хамгийн сайнд тооцогдоно. Монголиан пропертис ХХК Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг олон улсад таниулж байна. UAProperties ХХК Үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг олон нийтэд үнэхээр сайн сурталчилж байгаа. M.A.D. Investment Solutions / Makedifference LLC/ бидний хэлдэг хуучны орон сууц гэж үздэг байруудыг жинхэнэ утгаар нь менежмент хийж хөгжүүлж байна. Дамно ХХК-г бас дурдах хэрэгтэй олон жилийн туршлагатай үнэлгээний компани. Манай Барилга.МН / "Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв" ТББ / зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй ч гэсэн Батсүх захирал маань энэ салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би хувьдаа үздэг. Мөн танай www.oronsuuts.com мэдээллийн сайтыг дурдах хэрэгтэй учир нь үл хөдлөх хөрөнгийн мэдээ мэдээллээр дагнасан сайтууд маш цөөхөн.

Олон компанийн нэр дурдаж байгаа нь олон чиглэлээр, онцлогоор энэ салбарыг тал бүрээс нь хөгжүүлж байдаг гэдгийг хүмүүс ойлгоосой.  Эдгээр компаниас гадна үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт нэлээд олон компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа. Гэхдээ зарим компаниудын үйл ажиллагаа зогсож доголдож байгаа нь энэ зах зээлийн эрх зүйн орчин нь сайн бүрдээгүй. Нөгөө талаас үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг хүмүүс 100 хувь хүлээж авах хэмжээнд хүрээгүй байна. Мөн дээрээс нь тухайн байгууллагын санхүүгийн тогтворгүй байдлаас гадна үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээг амар хялбар бизнес мэт харж байгуулснаас болж дээрх бэрхшээлүүдийг даван туулж чадахгүй байна.  

- Анхдагч зуучлалын компаниудын  нэг бол Осмо. Танай холбоонд гишүүнчлэлгүй болохоор дурдсангүй өнгөрсөн  гэж ойлголоо. Зөв үү.

-Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбооны гишүүдээс зарим компаниудын нэрийг л дурдлаа. Учир нь ийм олон чиглэлээр энэ зуучлалын салбар маань бүрдэж байдаг шүү гэдгийг л хэлэх гэсэн санаа юм л даа. Нэр дурдаагүй олон компаниуд байгаа та бүхэн МҮХХЗНХолбооны сайт руу ороод мэдээлэл авах бүрэн боломжтой. Харин Осмо одоогийн байдлаар холбоонд элсээгүй байгаа. Ер нь хүмүүс үл хөдлөх хөрөнгө зуучлалыг Осмо компаниар төсөөлдөг. Одоо ч гэсэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани гэхээр л Осмо гэж боддог хүмүүс байдаг шүү.  Энэ салбарт энэ үйлчилгээг анх олонд таниулсан компаниудын нэг яах аргагүй мөн. 

- Энэ олон байгууллагуудаас аль компанийг нь хүчтэй өрсөлдөгчөөр харж байна.

-Анх компани маань үйл ажиллагаа явуулж эхэлж байхдаа бусад компанитай өрсөлдөж, өрсөлдөгч гэж харж байсан. Компаниудаас үлгэр дуурайл авна бас харна. Олны нүдэнд харагдаж байгаа бүхнээс нь илүү хийхийг зорьдог байлаа. Одоо бол өрсөлдөөн гэдгийг өөрөөр харж байна. Өрсөлдөхөөсөө өмнө салбараа эхлээд хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг сайн ойлгосон.  Энэ салбарлуу орсон бол хөгжүүлээд, хөгжөөд явж байна гэж боддог байлаа. Гэхдээ хөгжил гэдэг маань хамтдаа санаагаа нэгтгэж байж урагшаа зэрэг алхах ёстой юм билээ. Одоо бол аль ч компанийг өрсөлдөгч гэж харахгүй байгаа. Учир нь яг одоогийн нөхцөл байдалд 5 жилийн өмнөх миний бодлоор өрсөлдөөд салбартаа хувь нэмэр оруулна, хөгжинө, хөгжүүлнэ гэдэг хэцүү. Манай компани дангаараа салбарын тухай хууль батлуулна гээд гүйгээд явж байвал хүн тоохгүй биз дээ.

-Реалтор хүн ямар байх ёстой вэ?

-Шударга, харилцааны соёлтой, цаг барьдаг, сэргэлэн, тэвчээртэй байх. Энэ чанаруудыг ажлынхаа онцлог, мэдлэгтэйгээ хослуулж ажиллах хэрэгтэй.  МҮХХЗНХолбооны гишүүнчлэлийн хорооноос реалторуудын “Ёс зүйн”  код гаргасан.  МҮХХЗНХолбооны гишүүн байгууллагын реалторууд маань дагаж мөрдөж байгаа бөгөөд реалтор хүн юу хийж болох, болохгүй гээд үйл ажиллагаатай холбоотой бүхий л зүйлүүд тусгагдсан байдаг.  Тэгэхээр реалтор хүн байгууллагын ажилтан болон хувь хүн талаасаа ч маш хариуцлагатай байхыг шаарддаг гэсэн үг.

-Реалторуудын биедээ авч явдаг хэрэгсэл нь  юу вэ?

- Утас, ажлын үнэмлэх, нэрийн хуудас, зургийн аппарат, гэрээ, бал, эдгээр бол зайлшгүй хэрэгтэй.

-Танайх 1 сард  дунджаар хэчнээн үл хөдлөх хөрөнгө худалдаж байна.

- Зуучлалын салбарын борлуулалтыг дунджаар тэд гээд хэлэхэд түвэгтэй байдаг. Зуучлалын компаниуд аль чиглэлийг үндсэн үйл ажиллагаа болгож явуулж байгаагаас шалтгаална л даа. Зуучлалын компаниудыг 1 сард хэдэн зуугаар нь борлуулалт хийдэг гэж харвал бас эндүүрэл болно. Шинэ болон хуучин орон сууцаас шалтгаалаад харилцан адилгүй байдаг.  Заримдаа бид 1 сарын хугацаанд огт үл хөдлөх хөрөнгө зарж чадахгүй тохиолдол  ч бий.

-Компанийн нууцтай холбоотой асуулт байсан учраас та тоон үзүүлэлтээр бараг хариулсангүй гэж ойлголоо. Тэгвэл хүмүүс ихэвчлэн үнэ, байрлал, өрөөний сонголтоос алийг нь түлхүү сонирхдог вэ? 

-Хамгийн их сонирхдог нь цонхны байрлал,  дараа нь  барилгын чанар, гаднах орчин, автомашины зогсоол, тэгээд дулаан эсэхийг нь хамгийн түрүүнд асуудаг. Харин хуучин байрны хувьд өмнө нь ямар хүн амьдарч байсан бас чухал.

-Саяхан нээлтээ хийгээд удаагүй байгаа  Remax-н талаар таны бодол. Манай үндэсний хөрөнгө оруулалттай компаниуд зах зээлээ REMAX алдах магадлалтай юу?

-Remax монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг судалсны үндсэн дээр Франчайз уулийн хоёр этгээдийн хоорондох гэрээ болон лиценз /хэлнэ өгч байгаа. Олон улсад танигдсан компани орж ирснээр манай үл хөдлөх хөрөнгийн салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр болох нь гарцаагүй. Мөн олон залуучуудыг реалтор гэдэг мэргэжилд дурлуулж байна.

Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг авчрах боломж, монголчууд маань гадаадын улс орнуудад үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжийг улам ойртуулж байна. Улам гэж тодотгож байгаа нь манай зарим зуучлалын компаниуд монголчууддаа гадаадын зарим улс орнуудад үл хөдлөх хөрөнгийг аль хэдийн зуучлаад эхэлсэн байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нар монголд үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсээр байна. Мөн Rемах нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөвлөгөөнүүдийг хүмүүст маш сайн хүргэж байгаа. Гэхдээ бусад улс оронд хэрэглэдэг зөвлөгөөнүүдийг орчуулахдаа монголынхоо нөхцөл байдалд тохируулаад, хөрсөнд нь буухаар, зарим үг хэллэгүүдийг зөв ашиглаж орчуулаасай гэж бодож байна. Бэста компанийн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зөвлөгөөнүүд их сайн санагддаг шүү.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дотроо олон чиглэл байгаа. Тэгэхээр аль ч чиглэлүүд рүү үл хөдлөх хөрөнгийн компаниуд хувирч орох бүрэн боломжтой. Гэхдээ энэ салбарын нэг онцлог нь нэг компани дангаараа бүх чиглэлийг багтаагаад зах зээлийг эзлээд явах боломж байхгүй. Remax 2 дахь зах зээл дээр зуучлалын үйлчилгээ хийж байгаа бас анхдагч зах зээлийн борлуулалт хийхээр ажиллаж байгаа юм билээ.

Remax-д зах зээлээ алдана гэж бусад компаниуд

харж байгаа байх тийм юм огт болохгүй.

Remax-аас монголчууд нэрийг нь худалдаж авч байгаа. Ноу-хауг нь авч байгаа нь мэдээж, гэхдээ тэрийгээ монголын хөрсөнд эхлээд буулгах хэрэгтэй. Үүнд тодорхой цаг хугацаа шаардагдана. Одоогоор ихэнх зуучлалын компаниуд бүтээгдэхүүн худалдаж биш үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгэхээр нэг үйлчлүүлэгчийг гомдоогоод, уурлуулаад, сэтгэл дундуур явууллаа гэхэд биднээр дахин үйлчлүүлэх үү. Мэдээж үгүй. Компаниудын оршин тогтнох нэг үндэс бол зуучлуулагч, үйлчлүүлэгч нар байдаг.  Энэ хүмүүс аль компаниар үйлчлүүлэх сонголтоо хийдэг.  Олон үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд байж бид өөрсдийн үйлчилгээг улам сайжруулж, хүмүүсээ боловсруулж явна гэхээс дангаараа нэг компани энэ салбарт оршин тогтнож чадахгүй.

Ажлаа амжуулахад амин чухал хэрэгтэй реалторуудын утаснууд

-Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагад хандахын ач холбогдол юу вэ?

-Цаг хэмнэнэ, эрсдэлээс сэргийлнэ. Энэ 2 үгний цаана маш олон ажлуудыг реалторууд хийдэг. Жишээ нь иргэд , ААН байгууллагууд үл хөдлөх хөрөнгөө борлуулахын тулд зарын сайт болон сониноос ойролцоо байрны үнэ хараад үнээ тогтоочихдог. Гэтэл тухайн байрууд нь засвар хийсэн, хийгээгүй, цонхны, давхрын байрлал бусад зүйлээс шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй байж болно. Ганц хоёр байртай өөрийнхөө орон сууцаа харьцуулаад тэр үнэ нь бодит үнэ ханштай огт нийцээгүйгээс борлуулахад хугацаа алддаг. Харин зуучлалын компанид хандсанаар бодит үнэ ханшаар борлуулалтыг хурдан хийх боломжийг олгож өгдөг. Зарим зуучлуулагчид үл хөдлөх хөрөнгийн түлхүүрээ бидэнд итгээд өгдөг. Энэ тохиолдолд бид зуучлуулагч нараа заавал үл хөдлөх хөрөнгө дээр нь дуудаж авчрахгүйгээр бид өмнөөс нь үзүүлээд явдаг.

Үл хөдлөх хөрөнгө хайж байгаа хүмүүс зар болгон руу утасдаад хайхын оронд реалторуудад мэдээллээ өгчихвөл манайд тохирох үл хөдлөх хөрөнгө нь байхгүй ч бусад зуучлалын компанитай холбогдоод тохирох үл хөдлөх хөрөнгийг нь хурдан олж өгдөг. Мөн Элчин сайдын яам, гадаад дотоодын олон аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад гээд олон газартай хамтарч ажилладаг тул байнгын үйлчлүүлэгч, харилцагч нар олон байдаг. Үл хөдлөх хөрөнгө борлуулахаар манайд өгсөн ч гэсэн бид бусад зуучлалын компаниуд руу мэдээллээ илгээдэг байгаа. Зуучлалын компаниуд хамтын ажиллагаа сайтай ажилладаг.

- Тэгэхээр танайд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг бусад зуучлалын газрууд худалдаж болно гэсэн үг үү?

-Тухайн зуучлуулагч манайхтай гэрээ хийсэн бол бусад зуучлалын компанитай давхар гэрээ хийж болохгүй гэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийг манай холбоонд гишүүнчлэлтэй зуучлалын компанитай хамтраад худалдаж болдог гэсэн үг. 

-Хүмүүс орон сууц худалдан авахдаа юуг нь илүү анхаарах ёстой вэ?

-Хүмүүс өөрсдийн байгаа боломж, ам бүлийн тоо, ажил төрөл, цэцэрлэг, сургуультай ойр, утаа багатай хэсэг гэх мэт олон шаардлагын дагуу сонголтоо хийдэг. Үүнийг дагаад сонголт маш өргөн болсон.  Тиймээс ирээдүйд үнэ цэнээ алдахгүй байх тийм л сонголт хийх хэрэгтэй. Барилгын чанар гэдэг хамгийн эхний сонголт. Орчин гэдэг тухайн байрны үнэ цэнийг давхар тодорхойлж явдаг.

- Үл хөдлөх хөрөнгө  зарахад  танайх хэдэн хувийн шимтгэл авч байна. Зарим нэгэн зуучлалын компани  тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь барьцаа болгон авах, мөн тодорхой хэмжээний үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгө авдаг юм билээ.

-Үл хөдлөх хөрөнгийн төрөл, онцлогоос шалтгаалаад хувь шимтгэлүүд өөр өөр байдаг. Зөвхөн орон сууц худалдахад бусад компаниудын зуучлалын хөлс 1.5-с 2 хувь байдаг. Манайх 1.8 хувь авдаг байгаа. Тухайн компаниудын үйл ажиллагаа яаж, ямар зарчмаар явуулж байгаагаас шалтгаалаад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь барьцаа болгон авах юм уу эсвэл урьдчилгаа төлбөр авдаг. Гэхдээ гэрчилгээ авна гэдэг бол хууль ёсны үйлдэл бол биш л дээ. Яагаад ингэх болсон шалтгааныг нь бас ойлгох хэрэгтэй. Тухайн компаниас үйлчилгээ авчхаад төлбөрөө төлөхгүй алга болчихдог хүмүүсээс болж ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Манайх гэрчилгээ болон мөнгө төгрөг гэж авдаггүй. 

- Тэгвэл танайд гэрээтэй холбоотой маргаан гарч байсан уу? Магадгүй орон сууцаа заруулчхаад муухайгаар хэлбэл МУРИХ тохиолдол. 

-Зуучлалын хөлсөө төлөхгүй алга болох тохиолдол 2015 оныг хүртэл цөөхөн  байсан. Харин  2015 онд хэд  хэдэн тохиолдол гарсан. Үл хөдлөх хөрөнгөө заруулж, хөлслүүлчхээд утсаа салгаад алга болчихдог. Үйлчилгээ авсан хөлсөө өгөхгүй гээд уурлана тэр байтугай доромжлох бол энүүхэнд шүү. Зарим хүмүүс биднээс далдуур уулзаад гэрээ байгуулчихсан байдаг. Энэ үйлдэл нь байгууллага  зуучлуулагч  аль аль талыг хохироож байгаа явдал юм. Бидний хувьд ийм зуучлуулагчдад гэрээний үүргээ биелүүлээч гэж олон удаа сануулдаг. Үл тоомсорлоод бултаж чадлаа гээд явсаар байгаад эцэст нь бид шүүхийн тахимд л уулзахад хүрдэг.

- Зарын сонин, TV pеклам харж байхад бүх л үл хөдлөх хөрөнгийг “A зэрэглэлд байршилтай гэж хэлж бичих юм. Үүнд СХД, ХУД, СБД дүүргүүдийн ялгаа байх ёстой юу. Хэрвээ байх  бол A” зэрэглэлийн стандартад ямар үзүүлэлтийг хэрэглэх вэ?

-Дүүрэг гэдэг чинь засаг захиргааны нэгж шүү дээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд дүүргээр нь ялгаж бүс, зэрэглэл тогтооно гэдэг нэлээд дутагдалтай байдаг. Харин түүний оронд бүс дотор зэрэглэл тогтоож хэрэглэх нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, үнэ зэргийг тодорхойлох чухал хүчин зүйл болох боломжтой. Жишээ нь Хотын А бүсийн В зэрэглэлд байршилтай ажлын байр худалдана гэх мэт.

Манайд газрын үнэ тогтоох зорилгоор 1-р бүс, 2-р бүс гэх мэт, хүн амын суурьшил, нийгмийн дэд бүтцийн байдлаар нь төвийн бүс захын бүс гэх зэргээр ашиглаж байгаагаас А, В гэх мэт зэрэглэлийн стандарт гэж тодорхой баталсан юм бол байхгүй.  А, В, С гэх мэт зэрэглэлийн стандартыг тогтоох бол нийгмийн болон инженерийн дэд бүтэц, худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, соёл спортын амралтын төвүүд, зам харилцаа, ирээдүйд шинэ суурьшил бий болох, барилгажих гэх мэт олон хүчин зүйлээс хамааруулж тогтоох нь ойлгомжтой.

-Энэ салбарт ажиллаж байгаа Реалторууд болон бусад залуустаа юу гэж хэлмээр байна.

-Та бүхэн зөв сонголт хийгээд ажиллаж байгаа. Олон асуудал тулгарч шантрах үе гарах ч олон сайхан зүйл бас тохиолдоно. Амар хялбар ажил гэж хаана ч байхгүй шүү дээ.  Тэр олон бартаатай замыг туулж яваа та бүхэн энэ салбарын төлөө хувь нэмрээ оруулж байгаа хүмүүс шүү. Өглөө бүр өөрийгөө шинэхэн ажилтан мэт бодож урам зоригтой ажиллаж байгаарай гэж хэлмээр байна. 

Барилга, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр салбартаа манлайлан ажиллаж байгаа ярилцах сэдэв арвинтай хүн бүрийг АЖЛЫН ӨДӨР  ярилцлагын буландаа урьж байна. 

Хуваалцах - 13 Жиргэх
Сэтгүүлч: П.Наранмандах

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд

2019-07-11 07:40   DR. ADITY
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802


2018-12-05 20:22   Ич
Ёстой бүтэхгүй явдалтай хүүхэн
2016-02-25 08:49   uilchluulegch
Jaahan ohin shig zahiral, bi ednii kompanias bair awah geel tegsen bair zarah hun ni gereendee ireegui, bi uurlaad zahiral chine haana baina geed ajil deer ni ochson chine uuduus bi baiana geed. barag l bitgii hudlaa yriad bai zahiral chine haana bna gej asuuh shahsan daa. daraa ni uur bair bidend mash hurdan olj ugsuun. hugjiltei tuuh.
2016-02-25 08:22   зочин
гоё эрч хүч өглөө
2016-01-16 03:56   nz
mundag
2016-01-15 01:52   зочин
Мундаг залуучууд юмаа Амжилт хүсье
2016-01-14 07:09   Naagii
minii tanidag hun bna. engiin hun bishdee. ih uuruur setgedeg. bas ym buhnii sain taliig harahiig hicheedeg bsan. gunduugui er gedeg shig gunduugui emegtei de.
2016-01-14 06:58   уншигч
зуучлалын команиудыг ийм олон төрөл байдаг гэж төсөөлж байгаагүй юм байна шүү.
2016-01-14 06:31   Sagi
Gaihamshigai yariltslaga boljee. Ul hodloh horongiin zuuchlaliin hurdatstai hogjij baigaa tuhain salbart setgel zurhee ogch hoyorgui setgeleer zutgej yavaa hoyor daichin busgui bolon hamt olond ni ondroos ondor amjilt husyee
2016-01-14 05:40   bb
Mundag busgui ymaa. Amjilt husie
2016-01-14 02:28   Smile
Манай ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН салбар хөгжиж байгаад их баяртай байна. Ярилцлага их таалагдлаа.
2016-01-13 04:19   Зочин
Ярилцлага үнэхээр таалагдлаа. Та бүхний ажилд амжилт хүсье !