А.Урангоо: Миний албан тушаалын нэр захирал ч, миний хийдэг ажил борлуулагч
Ярилцлагын зочин:
А. Урангоо
Эрдмийн зэрэг:
АНУ-ын Колорадогийн Их Сургууль төгссөн
Байгууллагын нэр:
Ю Эй Пропертиз ХХК
Албан тушаал:
Захирал
Чиглэл:
Үл хөдлөх хөрөнгө, Хүний Нөөц
Ажлын туршлага:
4 жил
Баримталдаг зарчим:
Win Win хоёр тал хоёулаа хожих ёстой
А.Урангоо: Миний албан тушаалын нэр захирал ч, миний хийдэг ажил борлуулагч
2017 оны 05 сарын 03 өдөр
34583     17
Зочны цахим хаяг
Хуваалцах - 14 Жиргэх

АЖЛЫН ӨДӨР булангийн зочноор Ю Эй Пропертиз ХХК захирал А. Урангоо уригдан оролцлоо.  Үргэлж шинийг эрэлхийлж, үл хөдлөх хөрөнгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа үлгэр жишээ дайчин бүсгүй. Тэр сошиал ертөнцөд нээлттэй байдаг шигээ, ажил дээрээ завгүй нэгэн. Чанарыг дээд зэрэгт тавьж, ажлыг дуустал хийдэг тууштай хөдөлмөрч чанар нь олон хүмүүст таалагддаг. Түүнтэй уулзаж суухад  маш цэгцтэй яриатай, их намуухан  ярьдаг юм шиг санагдсан. Өргөн мэдлэг, өндөр боловсролоороо үеийн залуучуудаас ялгарч чадсан  BUSINESSWOMEN -ийн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. 

-2013 онд  Ikon.mn сайтанд өгсөн ярилцлагаар өөртэй чинь анх танилцаж байлаа. Ярилцлага тэр чигтээ хийх бүтээх эрмэлзэлтэйн дээр хэд хэдэн асуудлыг хөндөж тавьсан байсан. Үүний нэг нь ..."реалтор хэмээх албан тушаалыг илүү мэргэжлийн болгох ёстой юм байна гэж бодсон"... гэж хэлж байсан. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өөр түвшинд гаргаж чадсан уу? 

-Өөрчлөлт шинэчлэлтэд үр дагавар байх ёстой. Ажиллаж байгаа салбартаа тодорхой түвшинд ахиц авчирсныг би өөрийн компаниас олж харж байгаа. Мөн энэ салбарт ажиллах сонирхолтой  залуучууд  олноор төрөн гарч ирж байгааг анзаарч байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч гэхээс илүүтэйгээр “Реалтор “ гэдэг нэр томьёог манай салбарынхан хэрэглэж заншсан. Энэ үгний утгыг олон нийт ч мэддэг болов. Бид цаашдаа үл хөдлөх хөрөнгийн салбарын зуучлалын үйлчилгээг мэргэжлийн болгох, тэр дундаа ҮЙЛЧИЛГЭЭ – СЕРВИС- ийг сайжруулахыг бодох хэрэгтэй. Зөвхөн монголдоо биш гадаадад амьдарч байгаа монголчууддаа эх орондоо байр орон сууц худалдаж авахад нь туслах. Гадаадаас монгол руу хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүст үл хөдлөх хөрөнгө  зуучлалын үйлчилгээг үзүүлж байна. Манайх Солонгосын Сөүл хот болон, Америкийн Калифорни мужид төлөөлөгчийн газартай, үйл ажиллагаагаа явуулаад 2 жил болж байна. 

- Үл хөдлөх хөрөнгийн салбарыг арай өөр түвшинд хүргье гэсэн өөрийн чинь санааг би ойлгож байна. Гэхдээ чухам юуг яаж өөрчлөх гээд байгааг ойлгохгүй байна. Энэ талаар тодорхой ярихгүй юу?

- Юм хөгжих тусам илүү амар хялбар боловсронгуй болдог шүү дээ.  Эсвэл хөгжиж урагшлахгүй яг энэ байдлаараа байгаад байвал амар байна уу? Хэрэгцээ шаардлага, бухимдал, сонголт олон болоод ирэх тусам хүн боловсронгуй дэвшилтэт зүйлийг хүсээд ирдэг. Улс үндэстэн, хүн ам, барилгын хөгжил одоо байгаагаас дараагийн түвшинд очихоороо ямар болдог  тэр л зарчмаар салбарыг тэр чигт нь биш юмаа гэхэд яг миний хүсдэг үйлчилгээг хүсдэг тэр нэг хэсэгт нь хүрч ажиллая гэсэн надад зорилго бий. ҮХХ-ийн салбар маш том мөнгөн дүн дээр эргэлддэг салбар шүү дээ.  Нэг байрны үнэлгээ хэд байдаг билээ. Тэгэхлээр Монгол улс бодлогоороо барилгын салбараа дэмжээд, ард иргэдээ орон сууцжуулаад байхад тэднийг дагасан үйлчилгээ нь бас сайжрах ёстой биз дээ.

Тэр үүднээс өөрөөр хэлбэл ҮХХ-ийн салбарт зуучлалын үйлчилгээг мэргэжлийн болгох, тэр дундаас ҮЙЛЧИЛГЭЭ – СЕРВИСийг сайжруулахыг хүсэж байна. Үл хөдлөх хөрөнгийн проперти менежмент гэдэг нь энгийнээр амархан ойлгоход СӨХ-н үйлчилгээ гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгийн зуучлал гэхээр реалтор, агентуудаар дамжсан үл хөдлөх хөрөнгийг мэдээлэл дамжуулах зуучлахыг хэлээд байна. Үл хөдлөх хөрөнгийн бизнес гэхээр өөрсдөө үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийгээд тэрийгээ өсгөж үржүүлээд эргэлдүүлдэг салбар. Манайх сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар гэхээсээ  илүүтэйгээр  хөрөнгө оруулалт тал руугаа ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг банканд мөнгөө хадгалахаас илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгө оруулаад хөрөнгөө өсгөнө гэсэн үг. Үндсэн чиглэл маань хоёр дахь  зах зээл дээр зуучлал хийх

- Б. Анхбаяр захирал танай компанийн хувь эзэмшигч, чухал үүрэг оролцоотой хүн. Өөрт чинь их өмөг түшиг болж байгаа болов уу гэж боддог. Нэг ёсондоо бүх зүйлийн балансыг нь барьж тэнцвэржүүлж явдаг байх. 

- Манай Анхаа захирал Дэлхийн Зөн олон улсын байгууллагад төслийн удирдагчаар 1500 хүн удирдаж ажиллаж байсан туршлагатайн дээр  Герман, Австралид  боловсрол эзэмшсэн. Америкийн том банкнуудад ажиллаж байсан мундаг хүн байхгүй юу. Бид хоёр Америкт байхдаа танилцаж байлаа. Монголчуудын холбоонд  би түүний туслах нь байсан. Би багаасаа өвөрмөц үзэл бодолтой хүүхэд байсан учраас өөрийнхөө байр сууриа хамгаалах үүднээс хүмүүстэй мөн  маргалдана. Тэгээд уйлна. Энэ үед Анхаа эгч маань миний талд бат зогсож хамгаалдаг байсан. Би сургуулиа төгсөөд Монголдоо ирээд буцаад " Эх орондоо Эргэж Ирцгээе" төслөө хэрэгжүүлэхээр Америк руу явсан. Тэр үед  Анхаа эгчтэй уулзаад хувь эзэмшин хамтарч ажиллах санал тавьсан. Тэр үед би компаниа байгуулаад, оффис түрээслээд, хүний нөөцийн recruitment/headhunting компаниа ажиллуулж байсан. Тухайн үед надад тэр дороо хариу хэлээгүй тэгээд л өнгөрсөн. Харин зургаан сарын дараа бид хамтарч ажиллахаар болоод Анхаа захирал Монголдоо ирсэн. Би хүний нөөц дээрээ хамтран ажиллах 2 том байгууллага олсон байсан. Анхаа эгч Америкт тогтсон сайхан амьдралтай байсан хүн. Хоёр хүүхэд нь онц сурдаг, нөхөр нь тогтсон ажил төрөлтэй, моргэйжийн зээлээр хаус худалдан авч яг Америк айл шиг л амьдарч байсан хүн шүү дээ. Анхаа эгч шиг  хэвээрээ.чадварлаг хүн эх орондоо ирж ажиллах болсон нь маш сайн хэрэг. Мөн Хүний нөөцийн салбарт түүн шиг туршлагатай хүн Монголд нэг их олон байхгүй байх. Би компанийнхаа үл хөдлөх хөрөнгийн компани болон гадаад ажлыг хариуцдаг бол Анхаа захирал  Хүний нөөцийн компани болон дотоод / operation / хариуцан ажилладаг. 

Ажил дээрээ: Б. Анхбаяр  А. Урангоо /2013 он/

- Үйл ажиллагаа нь жигдрээгүй компанитай хоёр том байгууллага хамтран ажиллахаар болсон гэхэд бахархах, гайхах, эргэлзэх сэтгэгдэл төрөөд байна.

- Магадгүй хүмүүс тань шиг тэгж бодох байх. Өнөөдрийг хүртэл компаниа авч явахад надад маш олон саваагүй гаргасан алдаа, сэтгэлээр унах үе, туршлага дутах асуудлууд олон байсан. Дэлхийн хэмжээний Монголд төлөөлөн ярих эрхтэй хоёрхон хүн байдаг тийм том байгууллагатай гэрээгээ гүйцэт хийгээгүй байж зурагтаар хамтарч ажиллахаар болсон тухай ТВ5 телевизийн нэвтрүүлэгт орохдоо ярьчихсан. Маргааш нь над руу тэр байгууллагаас залгаад “Уучлаарай та олон улсын байгууллагын нэрийг төлөөлж ярих эрхгүй” гээд надтай хийх гэрээгээ цуцалсан. Тухайн гэрээг цуцалсан тэр хүний царай одоо ч миний санаанаас гардаггүй юм. Залуу хүн алдаа гаргаж болно, харин давтаж болохгүй. Компаниа байгуулаад 4 жил боллоо. Одоо л би нүүр бардам бодит хийсэн ажил, бизнесийн амжилтуудтай бас туршлагатай болсон байна.

- Үл хөдлөх хөрөнгө зуучлагч хүн ямар байх ёстой вэ? 

 -Хамгийн түрүүнд та зарж байгаа ч худалдаж авах гэж байгаа хүний хэдэн зуун сая төгрөг, тэдний магадгүй насаараа цуглуулсан, маш их хөдөлмөрлөж байж олсон үнэт хөрөнгөтэй харьцаж байна гэж бодоод маш хүндэтгэлтэй хандах ёстой. Худалдан авагч болгоныг таны ээж аав, ах дүү байсан бол та хэрхэн туслах байсан бол гэж өөриймсөг хандаж өмнөөс нь тооцоолох чадвартай байх ёстой. Бас өөрөө ҮХХ худалдаж авч байсан бодит туршлагатай байх ёстой. Борлуулалт хийж чаддаг хүмүүс цаанаасаа өөр байдаг. Миний албан тушаал захирал гэдэг ч миний чадвар бол борлуулах. Би өөрийгөө тохиролцоог их сайн хийж чаддаг гэж боддог. Саяхан нэг найз маань утасдаад машин авах гэж байна. Цуг яваад үнийг нь яриад өгөөч гэсэн хэхэ. Ер нь би юм болгоныг өөрөө авах, зарах гэж байгаа юм шиг харж анзаараад борлуулаад сурчихсан юм шиг байгаа юм. Нэлээн олон харилцагчид маань борлуулалтаа өөрөө хийгээд явж байхтай минь тааралдаад гайхаж байсан. Над шиг өөрөө бүх борлуулалтдаа  гүйдэг компанийн захирал олон байхгүй л болов уу. Тэгээд ч хүний үнэтэй цайтай үл хөдлөх хөрөнгийг зарж өгч чадна гэж итгэлийг нь олж авчхаад зар тавиад суух биш үнэхээр зарж өгөхийн төлөө л ажиллах хэрэгтэй.

- Тэгэхээр танай компанийн бодлого тоонд биш чанарт анхаардаг юм байна гэж ойлголоо.

- Манай монгол улсын ийм замбараагүй системгүй явж байгаа нь нэг талаасаа бидэнд боломж олгож байна. Хэрвээ монгол улсын ҮХХ-н систем яг л гадны хөгжилтэй орнуудынх шиг нэгдсэн системчлэгдсэн байсан бол бидэнд энэ боломж олдохгүй байсан байх. Тийм систем байхгүй болохоор бид сул талыг нь ашиглаад, нэг ёсондоо яаралтай мөнгө хэрэгтэй болоход зарах, мөн бартераар аваад хямд зарах, бөөнөөр нь худалдаж аваад нэгж үнийг нь хямдруулна. Банканд хураагдаад хямд зарагдаж байгаа, дутуу засалтай болоод хямдарсан гэх мэтчилэн ижил чанар хямд үнийн боломж дээр төвлөрөн ажиллах боломж олдож байна. Бид яг барилгын компанитай адилхан үнээр байр зарвал хэрэглэгчид биднээс биш барилгын компаниас л худалдан авалт хийнэ шүү дээ. Манай компанийн зарж байгаа байрууд бүгд хөөсөрсөн үнэгүй, зах зээлийн бодит бусдаас доод үнийг санал болгож байдаг. Олон ч хэрэглэгчид маань мэддэг болсон болохоор гэр бүл найз нөхдөөрөө захиалга өгч байр авдаг болсон. Бид  заруулъя гэж орж ирдэг байруудын цөөхөн хэдийг л борлуулалтад авдаг болохоор борлуулалтад хувь ч өндөр гардаг.

- Саяханаас гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд  үл хөдлөх хөрөнгийн салбарт  ажиллах боломжтой нэг  шинэ ажлын байр бий болгосон. Энэ талаар ярихгүй юу?

- Энэ талаар маш их асуултууд сошилоор ирдэг. Энд нэлээн дэлгэрэнгүй хариулъя гэж бодож байна. Би өнгөрсөн 5 сард төрөөд хөөрхөн охинтой болсон. Анх удаа ээж болж байгаа болохоор ээжүүдийн л гэсэн холбогдолтой бүх группүүдэд нэгдэж байлаа. Жирэмсний үеийн болон ээж болсны дараах бүх л асуудлууд гардаг талаар болон бусад холбогдолтой мэдээ, мэдээлэлтэй их ойр байх болсон юм. Тэндээс би юу олж мэдсэн бэ гэвэл маш олон ээжүүд гэртээ хүүхдээ харангаараа фэйсбүүкийг маш өргөн ашигладаг юм байна гэдэг нь  анзаарагдсан. Бас тэдэнд шинэ хүн гарсантай холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ нэлээдгүй гардаг. Ажил хамт олноосоо түр хугацаанд холдож, нялх хүүхэдтэй болохоор санхүүгийн хэрэгцээ эрс нэмэгддэг зэргийг олж мэдсэн. Анхандаа жирэмсний хугацаандаа агаар устай газар байр хайж байгаа ээжүүдэд манайд орж ирсэн байруудыг санал болгодог байсан бол сүүлдээ мэр сэр ам дамжсаар 2, 3 ээжүүд надтай нийлж манай компанийн ажилд тусалж эхэлсэн.  Эндээс л санаа төрсөн хэрэг. Би өөрөө бизнес эрхэлдэг ээж хүн, энэ жил ч гэсэн би дахиад том гэдэстэй ажлаа хийгээд л явж байна.

ORONSUUTS.com

Группийн ээжүүд гэлтгүй би ч төрөхөө хүлээж байхдаа, дараа нь нялх биетэй байхдаа ч гэрээсээ онлайнаар ажиллаж байсан. Бидний ажилладаг салбарт мэдээлэл маш чухал хэсэг байдаг. Жишээ нь та бид 2-н ярилцаад сууж байгаа энэ оффисыг зарах гэж байгааг хэн ч мэдэхгүй. Өөрөөр хэлбэл энэ байрны талаарх мэдээлэл бага тарсан байна л гэсэн үг. Тэхлээр энэ байрыг зарна гэдэг масст хүргэх мэдээллийг түгээх ажлыг группэд байгаа ээжүүд буюу гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдэд олгоод тухайн борлуулалт нь амжилттай болбол бид тодорхой урамшуулал өгч байгаа юм. Би ер нь бизнесийг win –win гэдэг талаас их хардаг, бас ажил хийсэн хүнийг урамшуулахдаа их дуртай.  Сардаа урамшуулал нь 1 сая төгрөг хүртэл авсан ээж ч байгаа. Манай компанийн хувьд салбартаа 4 дахь жилдээ ажиллаж байна.  Нэлээдгүй хамтрагчид,  хэрэглэгчидтэй болсон. Тиймээс тэдний өмнө хүлээсэн үүргийн  дагуу үнэтэй цайтай олон тооны үл хөдлөх хөрөнгүүд дээр ажилладаг болохоор тус группийг хэн нэгэн зүгээр сонирхсон хүмүүст биш гэртээ хүүхдээ харангаа 

Ажиллах хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байгаа ээжүүдэд зориулж хаалттай групп хэлбэрээр ажиллуулдаг. 

Группт нэгдсэнээр ээжүүд маань байр орон сууц зах зээлийн мэдээлэл, үнэ ханш болон борлуулалтын сургалтууд, зөвлөгөөнд хамрагдах, борлуулалтын туршлагаас суралцах, бизнесийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг зэрэг маш олон зүйлийг сурч авч байна. Ээжүүд эмэгтэйчүүд маань маш аж ахуйч, энэ салбарт тэд мэдрэмжээрээ ажиллахад л амжилттай байж чадна гэж би итгэдэг. Бид бодитой орлого олох боломжийг нь бас ажиллах  аргыг нь өөрсдөө зааж өгч, хажуугаар нь гэрээсээ орлого олох боломжийг давхар олгож байна.  Яг ний нуулгүй хэлэхэд бидний ажлаас маш их цагийг авдаг ч миний хувьд яг өөр шигээ залуу ээжүүдийг ажилтай,  зорилготой, бас орлоготой болгож байгаа нь маш сайхан санагддаг юм.

Миний ажлын арга барил ч гэсэн хүнээс урам авч, хүнд урам өгч ажиллах дуртай болохоор ээжүүдэд тусалж байгаадаа баяртай байдаг. Эхлээд аргаа олох гэж амаргүй байсан. Бараг 3 сар хэртэй аргаа олох гэж бөөн асуултуудад дарагдаж байсан бол одоо групп маань маш цэгцтэй үйл ажиллагаатай болсон. Ээжүүдийн маань гэр бүл нь  нөхрүүд нь хүртэл дэмжээд эхэлсэн. Нэг айлын нөхөр эхнэр нь ажилдаа шимтэн хүүхдээ харангаа гэрийнхээ орлогод нэмэр болж байгаа тухай манай ажлынханд маань ярьсан байсан. Манайхаар байраа заруулж байгаа хэрэглэгчид ч гэсэн ээжүүдэд орлоготой болох боломжид нь тусалж байна гэсэн үг. Ээжүүдийн групп маань 1 үе шатыг нь хийж өгдөг гэсэн үг. Одоо бид вэбсайттай болоод видео сургалттай болоод илүү боловсронгуй болохоор төлөвлөж байгаа. Бас ээжүүд бид чинь олсон орлого, илүү гарсан мөнгөө үр хүүхдэдээ, тэдний сайн сайхны төлөө л зарцуулдаг хүмүүс шүү дээ. Ингээд бодохоор хэчнээн их ажилтай ч группээ ажиллуулахад урамтай байдаг юмаа.

- Танай компани зуучлалын компаниудаас эрэмбээр хэдэд явж байгаа гэж бодож байна.

-.Харин та манайхыг юу гэж харж байна.

-Би зуучлалын салбарт ажилдаггүй болохоор мэдэхгүй байна л даа.

- Тэрийг би ч бас мэдэхгүй байна. Сошил сүлжээнд их байршдаг болохоор хүмүүс их л сайн мэддэг юм. Бидний хувьд өдөр тутмынхаа ажилд дарагдаад бусад компаниуд эрэмбэ дарааллыг ч анзаарах сөхөөгүй л байна. Үйлчилгээний чанар, тогтсон харилцагчид, салбартаа үнэнч шударга, шинэлэг, сэтгэлээ зориулаад тууштай ажиллаж байхад амжилт нэр хүнд аяндаа ирнэ биз. Тэрэнд санаа зовох юм алга. Би чинь залуу хүн ш дээ. Сэтгэлээсээ ажиллаад ирэхээр амжилт өөрөө дагаад ирдэг гэдэгт итгэдэг шүү.  

- Урангоогийн ажлын төлөвлөгөө хэдэн өдрийн өмнөөс гардаг вэ?

-Миний ажлын төлөвлөгөө нийт компанийн систем дотор нээлттэй явж байдаг. Хэн хуваарь дээр юу оруулсан, тухайн өдрийн төлөвлөгөө болгон өөр өөр байдаг. Ажил, хувийн и-мэйл фэйсбүүк бүгд холбоотой байдаг болохоор календарь дүүрэн л тэмдэглэл байдаг. Маргаашийн ажлаа урьд өдөр нь хардаг. Хүмүүс миний хурдан шуурхай занд их дуртай байдаг.

-Үл хөдлөх хөрөнгийн "Медиа экспо" EAGLE ТВ -тэй хамтран зохион байгуулах гэж  байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу? 

-Үл хөдлөх хөрөнгө байр орон сууц худалдаж авах гэж байгаа хэрэглэгчид болон зарах гэж байгаа хүмүүсийн дунд бүхэл өдрийн маань ажил өнгөрч байдаг болохоор энэ салбарт юу хэрэгтэй байна гэдгийг бид сайн мэднэ.  Энэ цаг үе буюу өвлийн улирал дуусаж хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихсэж бас 5 болон 8%-н зээл нааштай шийдэгдэж байгаа энэ үед 3 сарын 1 ээс 4 сарын 1 хооронд Монголын Медиа Корпорациас ”Үл Хөдлөх Хөрөнгийн Медиа экспо”-г манай компанитай хамтран зохион байгуулж байна. 2015 оны судалгаагаар УБ хотод нийт баригдаж хэрэгжиж байгаа  231 барилгын төсөл байна.  Хэрэглэгчдэд сонголт хийхэд барилгын төслүүдийн мэдээлэл маш их хэрэгтэй байна. Уламжлалт аргаар үзэсгэлэн зохион байгуулахад хэрэглэгчдэд

  1.       Үзэсгэлэн дээр өөрөө очих
  2.       Байран дээрээ биеэр очиж үзэх гэсэн сонголт байдаг.

Тэгвэл энэ 2 ажлыг товчлоод хэвлэл мэдээлэл, телевиз медиа-г ашиглан нэг дор танилцуулгыг зөв контент агуулгаар өргөн хүрээнд мэдээлэх ажлыг нь хийчихээр иргэдэд хүрэхдээ цаг завд хэмнэлттэй шүү дээ. Байр орон сууц худалдаж авахаар хайж байгаа хүмүүс нэг сарын турш EAGLE TV зурагтаараа орон сууц байрны үзэсгэлэнг үзэж байгаад байраа сонгоорой гэж хэлмээр байна.

ORONSUUTS.com

-Танай компанийн ойрын төлөвлөгөөг сонирхож болох уу? Мэдээж шинэ соргог санаа сэтгэсэн яваа гэдэгт итгэлтэй байна.

- Тийм шүү. Бид танилцуулах вэб сайтаас өөр түвшний  арилжааны вэб сайт хийлгэж байгаа. Манай вэб сайт нэвтрэх 3 төрөлтэй байх юм. 1. Хүн зар тавихаар нэвтэрч болно. 2. Манай ажилчид  нэвтэрнэ. 3. Удирдлагууд нэвтэрнэ. Нэг ёсондоо Интернетэд нэвтэрсэн оффис бий болгож байна гэсэн үг. Манай дээр хүссэн хүн бүр манай ээжүүд ч нэвтрэх эрхийг  худалдаж авна гэсэн үг. Remax франчайзингаа зардаг шиг  бид нэвтрэх эрхээ зарж байгаа юм. Үүнийгээ хийх гэж их удаж байна. Хамгийн гол нь чанар байх ёстой. Миний нэг баримталдаг зарим бол чанаргүй юм битгий хий. Чанаргүй байр бол манайд битгий ханд. Чанаргүй юм бүх зүйлээс би татгалздаг.

- Сая Reмах гээд дурдсаных нэг зүйл тодруулья гэж бодлоо. Remax Монголд орж ирсэнийг юу гэж харж байна?

- Би компаниа төлөөлж биш зүгээр өөрийнхөө зүгээс хариулахад. Хэрвээ би МУ-н их сургуульд орох гэж байгаа бол элсэлтийн шалгалтын босго оноог давж байж Монгол улсынхаа нэр хүнд бүхий сургуульд тэнцэж орно. Түүнтэй адилхан олон улсын франчайзинг Монголд оруулж ирэхдээ туршлагатай зах зээл дээр ажилласан компаниудаас элсэлт авахгүйгээр туршлагатай туршлагагүй хамаагүй франчайзингаа борлуулж үүнийгээ дагаад туршлагагүй хүмүүс энэ салбарт орж ирж байна. Бидний гол үүрэг чинь борлуулах чадвар, туршлага шүү дээ. Салбарын зүгээс хариулахад, зуучлал маань өөрөө үйлчилгээний салбар болохоор хүмүүс Ю Эй Проперти-г биш, Урангоог биш Ремаксыг биш тэд амьдрах орчин , үнийн боломжийг худалдаж авдаг.

-Олон найз, дагагчаараа дамжуулан Facebook, Twitter-ээр  орон сууц  зараад байх шиг байна.

-Хүмүүс тэгж хардаг юм. Мэдээж нөлөөлнө  л дөө. Тэгэхдээ эхний 2 жил сошил хүрээлэл нөлөөлнө үү гэхээс хүн ҮХХ-г өдөр болгон худалдаж авдаггүй болохоор ажлын чанар маань одоо сошил хүрээллээс илүү үнэ цэнэтэй болсон. Тэгээд ч ээж болчихоор юун тэр сошил мошил одоохондоо нэг цагийн ч зав гарахгүй л явна. Миний ганц хүсдэг зүйл маань хандаад ирсэн хэрэглэгчдэд олигтойхон шиг байр олоод өгчих юмсан л гэж боддог юм. Нэг удаа гадаадад амьдарч байгаа Монголчуудад зориулсан хороолол бариад өөрөө зээл өгдөг болчихсон байна ч гэж зүүдлэх шиг... Ер нь өдөр тутмынхаа ажилд бүхнээ л зориулж байна даа.

ORONSUUTS.com

Чиний Facebook дээр тавигдсан энэ дээрх зураг маш олон  лайк авсан байсан. Маш гоё зураг. Энэ их ажлын хажуугаар бяцхан охиндоо ээжийн үүргийг хэр биелүүлж байна.

-Америкт коллежид байхаасаа эхлээд хичээлээ хийгээд, давхар 2 ажил хийх, оюутны болон Монголчуудын холбоонд ажиллах гээд олон зүйлийг амжуулаад сурчихсан дадал байдаг юм. Харин ээж болсноос хойш ажлууд яагаад ч амжихаа больсон. Миний охин манай гэр бүлд ирсэн анхны зээнцэр, анхны ач, анхны хүүхэд болохоор бүх л хүний хайранд бөмбөрч өсөж байгаа нь надад ажлаа хийгээд явах боломжийг өгч байгаа. Хүүхдээ өсгөөд ажлаа амжуулаад явдаг маш олон ээжүүд байдаг шүү дээ, тэдний нэгэн адил амжуулаад л байна. Нойргүй хонох, ажилдаа хоцорч ирэх, эрт тарах бол байдаг л үзэгдэл болоод байна. Урд нь би их эртэч өглөөдөө их юм амжуулдаг байсан бол одоо жоохон хоцордог болоод байгаа.

Охины аав Урангоогийн нөхөр хэн гэдэг юу хийдэг хүн вэ?  Магадгүй үл хөдлөх хөрөнгийн тухай хариултаас илүү энэ асуултын хариу хүмүүст сонин байж болох юм.

- Надаас гэр бүлийнхнээс бас найз нөхдөөс маань энэ асуултыг хүмүүс маш их асуудаг. Би чинь сошил сүлжээнд их нээлттэй байдаг хүн ч гэр бүл нялх хүүхэд маань миний хувьд их нандин учраас  учир зүггүй нийтэд зарлаад тавиад яах вэ  гэж боддог. Би чинь сошил сүлжээг бусад шиг хувийн зорилгоор биш ажлаа ч давхар сошил орчинд хийдэг хүн болохоор тэнд нууцалдаг юм шиг харагддаг байх. Тэрнээс нууж хаагаад сүржигнээд байх юу байхав дээ.  Бид хоёр талх тариагаа цуглуулна, хүүхдээ салхилуулна, ажлаа хийнэ гээд зүгээр л энгийн  амьдардаг гэр бүл. Миний нөхөр ноён нуруутай сайхан залуу бий.

- Өөрөө Америкт олон жил болоод ирсэн. Ажил хийж явахад монгол хүний ямар зан чанар таалагдахгүй байна.

- Дөнгөж ирээд их анзаардаг байсан бол одоо бага анзаардаг болсон. Ний нуулгүй хэлэхэд бол залуучууд маань их залхуу санагддаг. Бас нийгэм маань их сөрөг хандлагатай байдаг.

- Би саяхан ӨӨДӨӨ ТЭМҮҮЛ гээд Шэйрил Сандбергийн ном уншаад дууслаа л даа. Энд нэг сонирхолтой баримт дурдсан байсан. Эрчүүд амжилтаа өөрийн төрөлх авьяас гэж үздэг бол эмэгтэйчүүд аз дайрсан болохоор, бусдын дэмжлэг тус байгаагүй бол ийм амжилтанд хүрэхгүй байсан гэж үздэг гэнэ.  Харин өөрийнх чинь хувьд энэ ажлын амжилт төрөлх авьяас уу, хэн нэгний дэмжлэг тус нөлөө үзүүлсэн үү? Аль нь вэ?

-Бидний өсөж торнисон орчин, эцэг эхийн суурь хүмүүжил, өвлөж авсан генд, явсан газар, найз нөхөд, хүрээлэл, эзэмшсэн боловсрол гээд маш олон зүйл нийлж өнөөдрийн таныг бас намайг бүтээсэн. Би амьдралынхаа турш сугалаанд ганц ч зүйл хожиж үзээгүй мөртөө сайхан ээж аав хань ижлийн буян заяа надад ирсэн. Би хувь тавиландаа маш их итгэдэг харин азад бол итгэдэггүй. Ер нь ажил хийж байгаа хүнд л аз ирдэг болохоос гэртээ сууж байгаа хүнд тэнгэрээс гэнэт бурхан боломж аз гурван зэрэг буугаад ирнэ гэж юу байхав дээ. Азад дайрагдахын тулд өөрөө өртөх газар нь байх хэрэгтэй гэхмүү хэхэ.

- FORBES сэтгүүлийн залуу манлайлагчын  жагсаалтанд орсон байсан. 30 нас хүрээгүй 30 залуучууд.

-Миний хувьд Америкт сургууль төгссөн болохоор энэ сэтгүүл дээр гарсан хүмүүсийг судалж уншиж академик эх үүсвэр болгон ашиглаж байснаас хэзээ ч өөрөө гарсан явж байна гэж төсөөлж байсангүй. Нэг өдөр и-мэйлд маань баяр хүргэсэн захиа ирсэн. Би маш их гайхсан, баярлаад  итгэж өгөөгүй. Форбс сэтгүүл дээр гарсан маань Монголоосоо гарч бизнесээ өргөжүүлэхэд маань маш их нэр хүндийн тус болсон учраас би зөвхөн сэтгүүл дээр гарсандаа биш тэнд үнэлэгдсэн хариуцлагаа дааж явахад давхар суралцаж байна. Миний хувьд нэр хүндийн хэрэг байсан. Форбс сэтгүүлийнхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. 

ORONSUUTS.com

- Одоо Твиттер, фэйсбүүк 2-ынхоо алийг нь түлхүү хэрэглэж байна.

- Твиттер бол өөрөө стресс шаардсан орчин. Хэрвээ хүн сониноор юм уу зурагтаар намайг үзэж байвал Урангоо ийм бодолтой хүн юм байна гэж дотроо бодоод өнгөрнө. Тэгээд мартчихна. Сошилд бол тэр дороо реакци нь гарна бас нийтийн дунд комментоор бичигдэнэ. Тэгэхээр сошилд хандах хариуцлага тэнд нөлөөлөх нөлөөлөл гэдэг ёстой дааж чадах хүн нь л ажиллах орчин. Олон дагагчтай байх тусам хариуцлага өндөр болно гэсэн үг.

- Түүний оролцсон ГАРААНЫ БИЗНЕС хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болж байв- 

Барилга, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр салбартаа манлайлан ажиллаж байгаа ярилцах сэдэв арвинтай хүн бүрийг АЖЛЫН ӨДӨР  ярилцлагын буландаа урьж байна. 

Хуваалцах - 14 Жиргэх
Сэтгүүлч: П. НАРАНМАНДАХ

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд

2019-07-22 13:54   Tugsuu
Mundag emegtei baina ih olon zvil suraltslaa
2016-03-21 08:04   док
гайгүй ченж хийгээд байгаа хүүхэндээ
2016-03-10 09:40   Tul
Mundag yumaa
2016-03-07 11:01   БАТАА
Энэ одоо юу гээчийн алиа сайт вэ ikon unread 2 ийг нийлүүлээд хуулцан шал халтар юм аа аятайхан хуул л даа
2016-03-07 06:59   Шинээ
Үлгэр жишээ авмаар ажил хийдэг бас мундаг бүсгүй бн Амжилт
2016-03-07 03:54   Zochin
Ireeduid ul hudluh gaigui baij magad odoogiin hun tsootei,zar medeeg buh medeeleliin heregsleer tsatsdag,baga zah zeeltei orond mash hetsuu, ard tumnii amijirgaanii tuvshin dooguur orond zuuchlaliin iluu mongo tolj avah,zarah gedeg hetsuu.
2016-03-07 02:50   MGL zaluu
Болж байна ийм бүсгүйчүүд олон болох хэрэгтэй түүнээс Дуучин Нара шиг шалдан нүцгэн хүүхэн улс төр гэж байхаар чаддаг зүйлээ хийгээд салбартаа манлайлаад явж байгаа сайхан ч бүсгүй байна
2016-02-25 05:09   Амжилт.
МОНГОЛЧУУД ӨӨРӨӨ ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭГЭЭГҮЙ, ЗАЛХУУ БАЙЖ, ЮМ ХИЙЖ, САНАААЧИЛЖ, СЭТГЭЖ, БҮТЭЭЖ, АМЖИЛТ ОЛЖ ЯВАА НЭГНИЙГЭЭ БҮҮ ДООШ ХИЙГЭЭЧ.. ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭ..??!!
2016-02-24 05:40   erguu
unendee zah zeeliin sudalgaa baitugai unelgee ch hiij meddeggui huuhen bna lee hehe
2016-02-24 04:38   Улсболд
Өнөөдөрийн энэ хар нийгэмд хамгийн сайн ажиллаж байгаа эмэгтэй хүчтэй бас чадалтай зөв зүйл хийж байгаа гэж боддог,
2016-02-24 01:13   зочин
битгий юм хийж байгаа нэгнээ муулж байгаачээ. Муулахаасаа өмнө би юу хийлээ гэдгээ бодож байгаач. Залуу хүн гэхэд мундагл байна ш дээ.
2016-02-24 00:01   Haha
Ааашшш, Урангоо л ингэж ярихаар хаха бусад нь дуугай л байцгаа . Юм өөрчлөгдөнөө гэдэг энэ юм байхдаа зооззз
Яриаг нь сонсоод юм ойлгов уу? Шал шулга
2016-02-23 10:51   uuggii
ene hvntei yaj holboo barih we
2016-02-23 07:50   Negen
Uchir medehgui humuus sonin comment uldeeh ym. Ene business chine busad orond huulitai bugd huleen zuwshuursun bdag ym sh dee.
2016-02-23 05:44   irgen
Hunii ym zarj mongo avdag ymarch ersdel huleedeggui bussines hiideg gar.zugeer suuj zar tavij bgaal.
2016-02-23 05:39   zochin
teneg uuriiguu ih yumand bodson huuhen be tm l yum bol ter amirecdaa ochij amidar
2016-02-23 05:15   Уншигч
Сайхан ярилцалга болжээ