Г.Батсүх: Сайт ажиллуулна гэдэг барилга барихтай адилхан үйл явц
Ярилцлагын зочин:
Г. Батсүх
Байгууллагын нэр:
Барилга эм эн ХХК
Албан тушаал:
ТУЗ дарга
Чиглэл:
Барилгын салбарын маркетинг
Ажлын туршлага:
20 жил
Баримталдаг зарчим:
Санаа зөв бол заяа зөв
Г.Батсүх: Сайт ажиллуулна гэдэг барилга барихтай адилхан үйл явц
2017 оны 05 сарын 25 өдөр
11153     8
Зочны цахим хаяг
Хуваалцах - 31 Жиргэх

АЖЛЫН ӨДӨР ярилцлагын буланд barilga.mn үүсгэн байгуулагч Г. Батсүх уригдан оролцлоо. Фэйсбүүкийн хуудсандаа өөрийгөө “Барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон эрхэм маань энэ салбарт 20 жил зүтгэж явна.  Ингээд та бүхэндээ түүний элэн далангүй ярьсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

- 2007 оны намар гүүглээр барилга орон сууц гэж хайхад танай сайт гарч ирсэн. Тухайн үед бүрэн сайт гэж хэлэхэд хэцүү зөвхөн аж ахуйн нэгжийн жагсаалт байсан гэж санаж байна. Тэр үед миний санамсаргүй орж байсан сайт өнөөдрийн 10 жилийн түүхтэй болсон barilga.mn хооронд маш том ялгаа харагдаж байна. Хоёулаа ярилцлагаа брэнд бий болгосон тэр түүхээс эхэлье.

- Хамгийн анх барилгын салбарын нэгдсэн портал хийе гэсэн санаа орж ирсэн. Нэг ёсондоо барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон барилгын материалыг нэгдсэн байдлаар үзэж харж болдог тийм сайт хийе гэж зорьсон. Ингээд сайтаа И-Монгол гэдэг компаниар маш богино хугацаа 14 хоногийн дотор хийлгэсэн. Анхны сайт маань зөвхөн манайхаас админы эрхтэй, гаднаас хувь хүн байгууллага мэдээлэл нэмэх ямар ч боломж байгаагүй. Үйл ажиллагаа маань дөнгөж эхэлж байхад миний найзууд надтай хамт ажиллаж байсан. Үүн дотроос Мягмар-очир, Ариунбат найзуудаа дурдмаар байна. Мөн тухайн үед ажиллаж байсан үе үеийн менежер залуучууд маань энэ өндөрлөгт хүрэхэд чухал оролцоотой ажилласан. Сайтаа анх 2007 онд нээгээд шууд хавар нь 4 сард Мэдээлэл технологийн үндэсний паркт анхны үзэсгэлэнгээ зохион байгуулсан. Энэ жил манайх 10 дахь жилдээ үзэсгэлэнг зохион байгуулж байна.

- Нууц биш бол та сайтаа байгуулж байхдаа хэдэн настай байсан вэ?

- Тэр үед 35 настай байсан.

- Ер нь хүмүүс сайт ажиллуулах маш амархан гэж боддог юм шиг байгаа юм.

- Би ч гэсэн анх тэгж бодож байсан. Хийгээд ирэхээр хэцүү юм билээ. Дараа нь хүнд хэцүүг нь ойлгосон.

- Танайх хэд хоногийн өмнө сайтдаа өөрчлөлт хийлээ. Уг нь миний санахад 2 жилийн өмнө өөрчилсөн шиг санаж байна. Цаг үетэйгээ нийлсэн өөрчлөх шаардлага гарч ирээд байна уу? Арван жилийн хугацаанд энэ нь хэд дахь өөрчлөлт нь болж байна.

- Хамгийн сүүлд 2013 онд өөрчлөлт хийсэн. Техник технологи асар хурдацтай хөгжиж утас, компьютерийн загвар марк байнга өөрчлөгдөж байна шүү дээ. Үүнийгээ дагаад сайтаа өөрчлөхөөс ч аргагүй байдаг. Сая 5 дахь өөрчлөлтөө хийгээд явж байна.

- Сайтын шинэчлэлт өмнөхөөсөө юугаараа давуу тал онцлогтой болж байгаа вэ?

- Өмнө нь бид хэт олон зүйл дээр барилгын салбарын бүх зүйлийг хамрах гэж оролдож байсан бол харин одоо олон ангилалтай биш төвлөрсөн цөөхөн мэдээ, орон сууц, байгууллага, бүтээгдэхүүн гэсэн цэстэй болгосон. Бусад хэсгүүдийг ерөнхий цэсүүдийн дотор нь шийдээд өгсөн. Мөн сайт дотор хэн юу үзэж хаагуур явж байгааг мэддэг болсон.

- Жишээ нь байгууллага цэс дотроо компаниудын ихэнх хувийг хамруулж чадаж байгаа юу?

- Арай чадахгүй байна. Одоогоор манай байгууллага цэс дотор 1200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл явж байгаа. Яг албан ёсоор хамтран ажиллаж байгаа нь 200 гаруй компани бий. Бүгдийг нь хамруулдаг болгохын тулд бид сайтаа улам боловсронгуй болгож үлдсэн компаниудыг татах хэрэгтэй. Үүний тулд бид сайн ажиллаж сайтаа боловсронгуй болгох хэрэгтэй болоод байна.

- Танай уламжлал болгон зохион байгуулдаг хаврын үзэсгэлэнгийн ковер зураг энэ жил эрс өөрчиллөө. Маш олон жил дөрвөлжин улаан дээр явлаа шүү.

- Тиймээ, энэ жил бид зоригтойгоор барилга экспогийн загвараа өөрчиллөө. Арван жил дөрвөлжин улаан явлаа шүү дээ. Манай дизайнер water color гээд шинэ дизайны урсгалыг санал болгосон. Тэр нь бидэнд их таалагдсан. Хавар намрын үзэсгэлэн брэндийн хувьд бодлогын хувьд ч ялгаатай. Хаврын үзэсгэлэн олон улсын хэмжээнд , гаднын байгууллагыг хамруулсан байдгаар онцлог болдог бол намрын үзэсгэлэн дотоодын компани түлхүү оролцож орон сууц материал нь цуг болдгоор ялгаатай тал бий.

ORONSUUTS.com

- Ковер зургийн өөрчлөлтийг хүмүүс хэр хүлээж авсан вэ?

- Янз янз. Зарим нэгэн хүмүүс эрээн мяраан болсон байна гэж шүүмжилсэн бол зарим нь торгон алчуур шиг гоё загвартай болсон гэж хэлэх хүмүүс ч байсан.

- Ойрын жилдээ barilga.mn-тэй өрсөлдөх сайт гарч ирэх үү?

- Гараасай гэж бодож явдаг. Яагаад гэвэл харьцуулах, жиших зүйл байх хэрэгтэй. Тэгж байж л хөгжинө. Тэрнээс биш манайх ганцаараа зах зээлд монополь байснаар хөгжиж дэвшихгүй сул талтай.

Би Барилга.мн-тэй өрсөлдөх хэмжээний сайт гарч ирээсэй гэж хүсэж байна.

Гэтэл манайх шиг төрлийн сайтууд гарч ирээд чимээгүй болчих юм. Гэхдээ манайх шиг ийм төрлийн сайтад нэг онцлог бий. Мэдээллийн сайт шиг хүмүүсийн өдөр бүр ороод байдаг сайт биш. Барилгын салбарын хувьд байнга ордог сайт байж болох ч хувь хүний хувьд амьдралдаа нэг удаа шинэ орон сууц авах юм уу барилгын материал харахаар сайтад ордог байхгүй юу. Нэг ёсондоо зорилтот бүлэгт зориулагдсан гэсэн үг.

-Сайтаа шинэчлүүлж явахдаа нэлээн олон IT –ийн компани солилоо шүү дээ.

- Тэгсэн. Анх Е-Монгол компаниар хийлгээд дараа нь ВВSoft, Singleton, Greensoft гэсэн компаниудаар хийлгэсэн. Хамгийн сүүлд гаргасан загварын шинэчлэлийг Greensoft компани хийлээ. Ер нь бол олон компани солиод байх нь онц биш.

- Сайтууд мэр сэр өндөр үнээр зарагдсан гэдэг яриаг сонсож байсан байх. Та ер нь сайтаа хэдээр үнэлэх вэ?

- Сайтыг үнэлэх дэлхийн практик гэж байдаг. Хэчнээн хүний хандалттай, доторх дата бааз нь хэр том гэх мэт үзүүлэлтээр үнэлэх боломжтой. Гэхдээ монголд яаж үнэлдгийг мэдэхгүй байна. Олох орлогын үзүүлэлтээр үү, гарсан зардлын өртгөөр үү, энэ их төвөгтэй асуудал л даа. Анх намайг сайтаа нээгээд удаагүй байхад нэг барилгын компанийн захирал 3 өрөө байраар солих санал тавьж байсан. Тэрнээс хойш хэн нэгнээс надад зарах уу барих уу гэсэн санал ирээгүй.

- Сайтаа 1 тэрбумд хүрнэ гэж бодож байна уу?

- Өлхөн хүрнэ ээ.

- Барилга гэдэг богино үгтэй ерөнхий нэр танай сайтын амжилттай явахын нэг хөшүүрэг болж өгсөн болов уу?

- Нэр бол чухал. Гэхдээ орчин үед салбарын нэр гэхээсээ илүү шинэ брэнд гаргаж түүнийгээ хөгжүүлж, тэр хөгжүүлсэн хөгжүүлэлтээ брэнд бий болгодог болсон байна. Жишээ нь yahoo байна. Үнэндээ ямар ч утгагүй яахуу шүү дээ. Мэйлийн хаягийн брэнд байлаа. Гэтэл шал өөр нэр google гээд гараад ирсэн. Юм хайна гэдэг гүүгэлдэнэ гэдэг үйл үг болтлоо тэр нэр нь брэнд боллоо шүү дээ.

- Домайн нэрээ та шууд Датакомоос худалдаж авсан уу? Хэн нэгэн аваагүй байсан уу?

-Тийм, Датакомоос шууд худалдаж авсан. 2006 онд худалдаж аваад ийм нэг сайт хийх юм сан гэж битүүхэндээ бодож явсан. Би МУИС-ийн эдийн засагч, мэдээлэл технологийн анги төгссөн. Тийм ч учраас мэдээлэл технологийн хоббитой гэхэд болно. Мундаг мундаг гадаадын сайтуудыг их сонирхдог байлаа. Тухайн үед yahoo гэж яасан ч мундаг сайт байсан юм. Дараа нь google гарч ирлээ. Тэр үедээ мэдээлэл технологид гайхамшигтай том том үйл явдлууд болж байсан. Гэтэл 2000 оны эхээр АНУ-д мэдээлэл технологид хөөсрөл гарч хямрал болсноор интернетийн бизнес эрхлэгчдийн олонх нь дампуурч цөөхөн хэд нь үлдсэн. Энэ бүх процессыг би ажиглаж байсан. Энэ нь миний хувьд сайт хийж ажиллуулахад дөхөм болсон. Ер нь сайт ажиллуулна гэдэг барилга  барихтай адилхан үйл явц.

- Танай сайтыг харахаар мөнгө их олж байгаа харагдаад магадгүй зарим нэгэн залуучууд ийм төрлийн сайтыг дуурайж хийсэн тохиолдол байгаа юу?

- Зөндөө байна ш дээ. Манайд ажиллаж байсан админ, менежер гээд 5-6 хүн гараад сайт нээгээд явсан тохиолдол бий. Тэглээ гээд тэднийг буруутгах ямар ч шаардлагагүй. Залуу хүмүүс байна бас үзээд алдъя гэж бодож болно шүү дээ. Харамсалтай нь амжилт олж чадаагүй. ebarilga.mn, tavilga.mn, emneleg.mn, eshop, carmarket, oronsuuts.mn гэх мэт сайтууд хийгдсэн. Зээл авч өр ширэнд орон барин хайран мөнгө үрсэнд нь харамсаад байдаг юм. Тэр хүмүүсийг ядахдаа надаас зөвлөгөө авахгүй дээ гэж боддог.

- Хэрвээ танаас зөвлөгөө авсан бол тэд нарт юу гэж хэлэх байсан вэ?

- Сайт гэдэг бол өнөөдөр нээгээд маргааш мөнгө олдог амархан зүйл биш. Наад зах нь 6 сар нөгөө сайтаа тэжээх хэрэгтэй. Ажилчдын цалин, оффисын түрээсийн зардал, маркетингийн зардал гэх мэт мөнгө их урсана. Урт хугацааны туршид хүмүүст таниулах шаардлагатай. Тэгээгүй байхад хэн ч мэдэхгүй сайтад ямар ч газар реклам зар сурталчилгаагаа өгөхгүй шүү дээ.

- Тэгвэл таны хувьд сайт байгуулаад явж байхдаа ямархуу бэрхшээлийг туулав. Олонд танигдах гэж ямар зүйл хийсэн вэ?

- Тухайн үед сайтын талаар сайн ойлголтгүй цаг үе байлаа л даа. Анх вэб сайтаа танилцуулаад явж байхад зарим нэг компаниуд манайх өөрсдөө сайттай юм чинь танай сайт дээр сурталчилгаагаа тавих ямар ч шаардлага байхгүй гэдэг байсан. За тэгээд л настай захирлууд интернет гэдгийг сайн ойлгохгүй байх жишээний. Бид салбартаа танигдах гэж маш олон уулзалт арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулж байсан. Үүний хүчинд л сайт маань өдий зэрэгт хүрсэн гэж боддог. Мөн манай хамт олон баг болж ажиллаж чадсан.

- Хамгийн анхны рекламыг ямар байгууллага өгсөн вэ?

- Маш олон байгууллага байгаа. Тухайлан дурдана гэвэл хэцүү. Харин анхны баннерийг зураг төслийн Шифт компани өгсөн байдаг. Тухайн компани манай сайт дээр баннераа тавьснаар нэлээн олон ажил авсан гэж ярьж байсан. Тэднийх манайд 4 жил тасралтгүй баннераа байршуулж байсан.

- Barilga.mn-ийн оройн төлөвлөгөөнд орсон цаашдын хэтийн зорилт юу байна.

-Бид 2014 онд стратегийн төлөвлөгөө гэж гаргасан. Сайтаа хувьцаат компани болгон олон хувьцаа эзэмшигчтэй том компани болгохоор зорилт тавин ажиллаж байгаа.

- Сэтгүүлч хүнийхээ хувьд мөн энэ салбарт ажиллаж яваа хүнийхээ хувьд би танай сайтыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зарчмаар барилгын тусгай зөвшөөрөл, газрын наймаа, тендер зуучлалын талаар олон нийтэд хүргэх хэмжээний нийтлэл материал гаргаж тавиасай, бичээсэй гэж бодож явдаг.

- Манай нийтлэлийн бодлогын хувьд нэг их тийм сенсааци хөөгөөд яваад байдаггүй. Төрийн бодлогын хувьд болж бүтэхгүй зүйлүүдийг гаргаж тавьдаг. Өмнөх сэтгүүлийн дугаарууд дээр мөн сайт дээрээ ч гэсэн тусгай зөвшөөрөл зардаг талаар бичиж байсан. Түүнээс биш яг тийм эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ноцтой но-той мэдээллийн хойноос явдаггүй. Манай бодлогын чиглэл илүү интертаймент талруугаа олон нийтэд сонирхолтой зөв мэдээлэл хүргэхэд чиглэгдсэн.

- Та сая сэтгүүлийнхээ талаар дурдлаа. Мэдээллийн сайттай байхад сэтгүүл гаргаж юу хийнэ ээ гэж хүмүүс гайхдаг байж магадгүй. Танай сэтгүүл хэд дахь жилдээ болж байна. Яагаад сэтгүүл гаргах болов.

-Манай сэтгүүл гараад 7 дахь жилдээ болж байна. Сүүлийн жилд бүх зүйл дижитал болж байгаа боловч цаасаар уншиж мэдрэмж авах дуртай нэг хэсэг хүмүүс байна. Нэг ёсондоо цаасан материал сэтгүүлээс мэдээлэл авч уншихад тэр хүмүүст таатай байдаг гэсэн үг. Хаана ч байсан шүүрч аваад уншихад амархан. Мөн хадгалж цуглуулах гэх мэт маш олон талын ач холбогдол байна. Зарим компанийн захирал 1-80 хүртэл дугаарыг нь цуглуулсан байсан. Тийм хүнтэй таарч байлаа. Одоо манай сэтгүүл 5 мянган хувь хэвлэгдэн 21 аймагт захиалга авч хэвлэгдэж байна.

Сэтгүүлтэй болсноор бидний хувьд нэг хөлтэй биш хоёр хөлтэй болж чадсан.

- Танайх өөрийн гэсэн сайхан оффистой болжээ. Миний мэдэхийн танайх хэд хэд удаа нүүсэн шүү дээ.

-Анх Сан дээд сургуулийн байранд өрөө түрээсэлж үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Түүнээс хойш Их дэлгүүр баруун талд, Barilag mega storе-д , баруун 4 замын Нарантуул зочид буудалд, Нэмүт группын байранд эцэст нь өөрийн энэ оффисын байрандаа нүүж ирсэн дээ. Энэ оффисоо 2015 оны 6 сарын 1 нд суурийг нь ухаж ажил эхлээд 11 сард ашиглалтад өгсөн. Маш богино хугацаанд 5 сарын дотор барьсан шүү.

ORONSUUTS.com

- Танай сайт дээрээ орон сууцны зэрэглэлийг стандарт, сайн стандарт, тансаг гэж 3 хуваасан байна. Тансаг гэсэн сонголтод 11 компанийн орон сууц байх юм. Тэгэхээр манайд тансаг зэрэглэлд багтах орон сууц байна гэж үзэж байна уу? Тансаг гэсэн орон сууцны үзүүлэлт нь юу байх ёстой вэ?

- Тансаг гэсэн зэрэглэлд багтах орон сууц монголд байгаа байгаа. Манай сайтын хувьд компаниуд өөрсдөө гаднаас мэдээллээ оруулдаг учраас танайх тансаг ангилалд нь багтахгүй буруу оруулсан байна гэж хэлээд явах боломж байхгүй. Бид ч энэ компани тансаг ангилалд нь орох барилга мөн үү бишүү гээд газар дээр нь очоод хараад шалгаад явах боломж байхгүй. Тэгсэн ч тэгж үнэлж дүгнэдэг хүмүүс ч биш.

- Танайх 2016 онд “Барилга үл хөдлөх хөрөнгийн судалгааны тайлан” гэж маш том дата сан бүхий тайлан гаргажээ. Ямар байгууллагын захиалгаар, хаанаас санхүүжүүлсэн вэ?

- Бид стратеги төлөвлөгөөнийхөө дагуу барилгын салбарын 90 жилийн ойд зориулан өөрийн хөрөнгө санхүүжилтээр хийсэн. 40 гаруй сая төгрөг зарцуулагдсан маш том хэмжээний ажил болсон. Энэ бол бидний анхны томоохонд тооцогдох судалгаа байгаа юм.

- Мишээл дээр 2 төрлийн зүйл хийж эхэлсэн байгаа түүний нэг нь орон сууцны бирж. Энэ талаар товчхон ярихгүй юу?

- Энэ бол зөвхөн манай хийж байгаа үйл ажиллагаа биш олон компанийн оролцоотой хийгдэж байгаа ажил. Орон сууцны биржийн хувьд вэб сайтаас илүүтэйгээр орон сууц хайж байгаа хүмүүс нэг цэгээс үйлчилгээ авах давуу талтай. Мөн үйлчлүүлэгч маань шинэ байрны мэдээлэлтэй болохоос гадна өөрийн амьдарч байгаа орон сууцаа манай реалторуудаар заруулах боломжтой. Тэнд очсоноор мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч амьд харьцаа үүсгэнэ. Сардаа манай төвөөр 500 гаруй хүмүүс зөвлөгөө авч үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий. Энэ бол чамлахааргүй тоо. Цаашдаа нэмэгдэх байх.

-Барилгын компаниудын хувьд хэр дэмжин ажиллаж байна.

- Яахав одоогоор бүгдийг нь хамруулж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар манайд 80 гаруй компанийн мэдээлэл байршиж байна. Компаниуд өөрийн менежерээ суулгаж юмуу, эсвэл биднээр мэдээллээ хүргүүлж болно. Сонголт аль аль нь байгаа.

- Тэгвэл мэргэжлийн түвшинд үнэн зөв бодит зөвлөгөө өгөх боловсон хүчин байгаа юу?

- Тэнд реалторын сургалтад суугаад гэрчилгээ авсан залуучууд ажиллаж байгаа. Мэргэжлийн талаас барилгын инженер ч ажиллаж байна.

- Барилгын материалын нэг цэгийн үйлчилгээ гэж бас нээгдээд удаагүй байна шүү дээ.

- Бид сая 2 сард “Барилгын материалын ханган нийлүүлэгчдийн чуулган” гэж томоохон арга хэмжээг барилга хот байгуулалтын яам, худалдаа аж үйлдвэрийн танхим, барилгын үндэсний ассоциацитай хамтран хамтран зохион байгууллаа. Би энэ арга хэмжээнд “Барилгын нийлүүлэлтийн нэгдсэн тогтолцоо” гэж гэсэн сэдэвтэй илтгэл тавьсан. Итгэлийн үр дүнд олон компаниуд дэмжин энэ зүйлийг зохион байгуулж хийе гэсэн саналыг минь хүлээн авсан. Өмнө нь би сайт дээрээ барилгын материалын онлайн худалдаа хийхээр төлөвлөж байсан юм л даа. Гэхдээ манай иргэд цахимаар барилгын материал худалдаж авч дадаж хэвшээгүй байгаа учраас бодит байдлаар нүдэнд үзэгдэж гарт баригдах сонголт хийхэд дөхөм болгох үүднээс байнгын үйл ажиллагаатай барилгын showroom-ийг энд байгуулж байгаа юм. Эхнээсээ барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Жишээ нь гэхэд МАК-ийн блокийг бид яг л үйлдвэрийн үнээр борлуулж байгаа. 44 дээр байдаг цемент манайд тэр үнээрээ зарагдаж байна. Барилга барьж байгаа хөрөнгө оруулагч, захиалагч нарт маш их ашигтай. Яагаад гэвэл их хэмжээгээр материал татан авч хадгалах агуулах сав хайх бэлтгэх хэрэггүй. Өдөр өдрийнхөө хэрэгцээгээрээ график гаргаад татуулаад авч болно. Мөн хүргэлтийн үйлчилгээтэй. Дээрээс нь нэг цэгийн үйлчилгээгээр иргэддээ зориулаад амины орон сууц, зуслангийн байшин барих зөвлөгөө мэдээллийг өгч байна. Бэлэн амины орон сууцны зураг дээр төсвийг нь гаргаж өгнө. Зураг төслийн компани, гүйцэтгэгч компани гээд бүх зүйл цогцоор байгаа. Цаашдаа бид эндээ хөдөлмөр зуучлалыг ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ талаар яам тамгын гарзуудтай ярилцаж байгаа.

ORONSUUTS.com

- Дээр үед Ардын эрх дээр барилгын материалын нэг цэгийн үйлчилгээ гэж байсан. Яг түүн шиг л үйлчилгээ дахин бий болох гэж байгаа юм байна.

- Нэг талаараа тийм.

- Сүүлийн 10 жилд барилгын сайд нараас 4 жил, 2 жил, хагас жилээр хийлээ шүү дээ. Эдгээр сайд нараас хэнийг нь энэ салбарт арай илүү зүйл хийсэн гэж бодож явдаг вэ?

- Ц.Баярсайхан сайд юм уу даа. Бодлогын хувьд нэлээн шинэчлэлтийг хийж, норм дүрэм стандартын үзлэгийг зохион байгуулж, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг тодорхойлсон. Барилгын тухай хууль хэдийгээр Б.Баянсэлэнгэ сайдын үед батлагдсан ч анхны шинэчилсэн хувилбарыг Ц. Баярсайхан сайдын үед хийсэн. Барилгын салбарт чамгүй хөрөнгө оруулалтыг хийж, ипотекийн зээлийг эхлүүлж чадсан.

- Гэхдээ та шинээр батлагдсан барилгын тухай шинэ хуульд жаахан сэтгэл дундуур явдаг юм шиг санагдсан. Бас яг сайн болж чадаагүй юу?

- Өмнөх хуулиа бодвол маш том, дэлгэрэнгүй хамрах хүрээ ч гэсэн өргөн болсон. Гэхдээ зарим зүйл заалтууд нь яамны дүрэм журмаар зохицуулагдаад явж болох байтал хуулийн заалтад багтсан явдал нь байсхийгээд хуульдаа гар хүрээд байх магадлалтай болгосон гэж харж байна. Юм гэдэг цаг хугацааны аясаар байнга өөрчлөгддөг шүү дээ. Хуультай холбогдсон 30 гаруй дагаж мөрдөх дүрэм журмууд бий. Одоо хүртэл тэр нь гүйцэд батлагдаагүй учраас энэ хууль бүрэн хэрэгжиж чадахгүй байна.

- 2012 онд та НИТХ –д Ногоон намаас нэр дэвшиж байсан. Одоо энэ намын гишүүнчлэлтэй байгаа юу?

- Өргөдлөө өгөөд гарсан. Сонгуулийн хугацаанд 6 сар л намын харьяалалтай байсан гэхүү дээ. Тухайн үед ИЗНН-д манай найзууд байсан. Тэд нар маань сонгуулийн өмнөхөн надтай уулзаад гишүүнээр элсэж нэрээ дэвшүүлэх санал тавьсан. Нийгэмд эерэг өөрчлөлт гаргахын тулд эерэг бодолтой залуучууд нэгдэн баг болж улс орноо өөрчлөх хэрэгтэй байна гэсэн. Үүний төлөө хамт зүтгэе гэсэн. Би зөвшөөрсөн. Дараа нь намаасаа гарсан. Ийм л юм болсон доо.

- Та хэр буяны зүйл арга хэмжээнд оролцдог вэ?

- Би олон улсын JCI байгууллагын гишүүн. 2011 оны JCI Лидерийн ерөнхийлөгч. Гишүүддээ эерэг сэтгэлгээтэй байхыг уриалдаг. Үүнийхээ дагуу янз бүрийн буяны арга хэмжээ хандивын үйл ажиллагаанд оролцдог. Сүүлд сенатор клубийнхэнтэйгээ Эрүүл Монгол эмэгтэй төслийг 4 жил хэрэгжүүллээ, мөн Элэгний өвчлөлийн эсрэг төсөлд хандив өргөж JCI- тайгаа хамтран ажилласан.

- Та барилга угсралтын Американ стандарт гэдэг компанитай . Хэдэн онд байгуулагдсан. Одоо үйл ажиллагаа нь явж байгаа юу?

- Өмнө нь барилга угсралт, засал чимэглэлийн чиглэлээр ажиллаж байгаад энэ компаниа 2006 онд байгуулсан. Сүүлд 21-р хороололд 9 давхар орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниар ажилласан. Энэ оффисын барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Одоо дараагийн төслөө хүлээгээд жижиг сажиг барилгын ажлуудыг хийж байгаа.

- ТОСК барилга барьж байгааг та юу гэж хардаг вэ? Зөв үү буруу юу?

- Гадаадын олон оронд орон сууцны санхүүжилтийн корпорацууд байдаг. Тэд ямар үйл ажиллагаа явуулдаг гэхээр орон сууц барих биш санхүүжилт босгох тал дээр илүү ажилладаг юм билээ.

Төр нь барилга бариад тэрийгээ зах зээл дээр борлуулаад хувийн хэвшлийн барилгын компанитайгаа өрсөлдөнө гэдэг бол өөрөө тийм зөв тогтолцоо биш.

Үүний оронд барилга барьж байгаа компаниудад санхүүжилт өгөөд, мкв –ийг нь тэдээр барина шүү гээд түүнийг нь зах зээл дээрээс худалдаж авдаг юм уу тиймэрхүү арга хэлбэрээр явбал илүү, тогтолцооны хувьд ч зөв болох юм шиг байгаа юм.

- Хоёулаа ирээдүйгээ дүрслэн бодъё л доо. Манай улс хэзээ хэдэн онд гэр хорооллоо бүгдийг нь орон сууцжуулж төвийн шугамд холбосон байх юм бол.

- Энэ нь манай улсын эдийн засгийн чадавхаас шууд шалтгаална. Улс өөрөө урт хугацааны бодлогоор хийх ёстой. Дөрөв дөрвөн жилийн сонгуулийн хугацаанд хийх боломжгүй. Тэгэхээр бидэнд 2030 он хүртэл хөрс болон агаарын бохирдлыг үе шаттайгаар бүсчлэн ангилаад ийм ийм ажил хийнэ гэсэн алсын хараатай бодлого байх хэрэгтэй. Энэ бодлого нь урт хугацааны байх ёстой. Тэгж байж энэ утаанаас ангижирч чадна. Намууд хэтэрхий улс төржөөд өмнөх засгийн газрын хийж байсан зүйлийг үргэлжлүүлэн хийхгүй шинээр юм гаргаад байвал яасан ч хол явж чадахгүй. Дэлхийн бусад хотууд 10 жилийн өмнө бохирын асуудал утааны асуудлыг шийдсэн. Англи 1850-1860 онд бохирын анхны том шугам магистрал туннелийг хийж нийслэлээсээ бохироо хялбархан зайлуулж чадсан түүхтэй. 1960-аад онд түүхий нүүрсийг түлэхийг бүр хориглож утаагүй болж чадсан. Яг үүн шиг бид нийслэлдээ түүхий нүүрсийг түлэхгүй байх хориг тавих хэрэгтэй. Харамсалтай нь улс төрчид маань ард түмэндээ таалагдах гэж зоригтой шийдвэр гаргаж чадахгүй байна.

- Сүүлийн үед их яригдаж байгаа Сервис центрийн талаар таны бодол.

- Сервис центр яахав хэрэгжээд явах юм бол маш сайхан төсөл байгаа юм. Харин хийнэ гэдэг өөрөө маш өндөр зардалтай. Хийсэн хойно хэрэглэгчдийн төлбөрийн чадвар бас асуудалтай. Айлын үүдэнд цэвэр бохир ус дулааныг нь аваад ирнэ. Харин тухайн айл хашааны үүднээсээ дахиад байшин руугаа татах хөрөнгө гаргах хэрэгтэй. Байшин өөрөө дулаан техникийн норм стандартын шаардлагыг хангасан байх хэрэгтэй гэх мэт маш олон өндөр зардал шаардагдах зүйл байгаа. Дээрээс нь яг л байрны мөнгө төлдөг шиг СӨХ-ийн мөнгө төлнө. Тэрийг нь төлөх чадвар манай гэр хорооллынхонд байна уу гэдэг өөрөө маш том асуудал. Төсөл хэрэгжүүлэх байршлаа зөв сонгож хотын А бүсээс эхлэхгүй бол хотын захад СХД-т Сервис центрийг барих юм бол нөгөө хүмүүс нь тэр хэмжээний хэрэглээг дийлэх санхүүгийн боломжгүй байна шүү дээ.

- Та өөрийн дуу хоолойгоо өөрийн цахим хуудас орон зайд хэр илэрхийлж байна. Эсвэл хувийн хэвшилд ажиллаж байгаа учраас өөрийгөө хайрцаглах хэрэг гардаг уу?

- Ажил хийдэг хүмүүсийг байнга шүүмжлээд байх хэцүү л дээ. Юм хийж байгаа хүн бүрд бэрхшээл гэж бий. Шүүмжлэх бол амархан. Шүүмжлэх үедээ шүүмжилж л байсан. Одоо бол шүүмжлээд шүүмжлэл нэг их үг авдаггүй. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэдэн ч удаа өөрчилж батлав. Хийлгэсэн зураг төсөл тэр ажлын өртөг гэхэд л 3-4 тэрбум гэж сонсож байсан. Зөвхөн зураг нь ш дээ. За тэгээд энэ их дээд сургуулиудын байршлыг хэдэн ч удаа солив. Налайх, Багануур гээд сүүлдээ бүүр байхгүй ч боллоо. Ер нь бол ийм үр дүнгүй зүйлүүд асар их хийгээд л байна. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлнэ гээд Азийн хөгжлийн банкаас зээл авч шугам сүлжээ тавьсан боловч өнөөх нь одоо хүртэл ашиглагдахгүй хэдэн тэрбум төгрөг газарт булаатай байна. Энэ мэтчилэн харамсмаар зүйлүүд зөндөө бий л дээ.

ORONSUUTS.com

- УИХ-д барилгын мэргэжилтэй эсвэл энэ салбарт элэгтэй ямар хүн ажиллаж байна. Танд мэдэж байгаа мэдэрч байгаа зүйл байна уу?

- Би мэдэхгүй байна. Тэр нь барилгын сэтгэлтэй энэ нь сэтгэлгүй гэж хэлэх арга байхгүй. Барилга гэдэг өөрөө үндсэн хуулийн заалтад тусгагдсан зүйл. Төр гэдэг нь иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрхтэй гэж заасан байдаг. Тэр үүргийнхээ дагуу барилгаа барихын тулд энэ олон норм дүрэм зохицуулалтууд байгаад байгаа юм. Иргэдээ бодох нь гишүүн бүрийн үүрэг.

- Зах зээл эхэлснээс хойш барилгын салбарынхан сайн нэртэй явсан удаагүй юм шиг санагддаг. Дандаа л чичлүүлж муулуулдаг. Та нэг сайн тэд нарыгаа сэтгэл баястал магтаад өгөөч.

- Сүүлийн жилүүдэд жил бүр дээд тал нь 20 мянга доод тал нь 10 мянган орон сууц барьж ашиглалтад өгч байна. Нийлүүлэлтийг нэмэгдүүлж иргэдийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Энэ компаниуд энэ олон орон сууц бариагүй байсан бол байрны үнэ бүүр галзуурах байсан байхгүй юу. Сүүлийн 10 жилд 100 мянган айлын орон сууц барилаа шүү дээ. Хэрвээ энэ олон орон сууц нийлэгдээгүй байсан бол хуучны угсармал гэж ярьдаг 40, 50 мянгатын нурах гэж байгаа байруудын үнэ бүр нэмэгдчих байсан биз дээ. Барилгачид маань халуунд халж, хүйтэнд хөрөж ард түмэндээ тохилог тухтай амьдрах орон байрыг нь барьж өгч байна.

- Та сая 40 мянгатын байрын тухай дурдлаа. Боломж олдсон дээр нь гэдэг шиг MAD-ийн Уянга хуучин барилгаа буулгах биш тордож янзлаад сэргээх хэрэгтэй гэж ярьж байсныг санаж байна. Та үүнтэй санал нийлэх үү.

- Хотын өнгө төрх гэж байдаг үүнийгээ хадгалах хэрэгтэй. Уянгатай санал нэг байна. УБ хотын өнгө төрхийг хуучин барилгуудаар нь хадгалж үлдвэл илүү юм шиг санагдаж байна. Нураасан ч яг хуучин шиг нь тийм хэлбэр дүрстэй байшин барих хэрэгтэй. Тэрнээс биш өндөрлөж бариад шилэн барилга барих нь тийм ч оновчтой зүйл биш байх аа. Хуучнаар нь байлгахын тулд газар хөдлөлтөд тэсвэртэй болгох нөхцөлийг судалж хүчитгэх арга судлах хэрэгтэй. Гадаадынхан 400-500 жилийн настай барилгуудаа хадгалаад байхад бид нар 50-60 онд барьсан барилгаа тордоод явах боломжтой гэж үзэж байна.

- Та энэ их ажлынхаа хажуугаар mashin.mn гээд сайтыг ажиллуулж байсан. Одоо хэвээрээ байгаа юу?

- Больсон. Хүч хүрэхгүй юм билээ. Би чинь өөрөө мэдээлэл технологийн хүн учраас олон домайн нэрүүдийг өөрийн нэр дээр бүртгүүлж авсан. Нэг мэдсэн чинь 20 гарсан явж байсан. Тэгээд зарахыг нь зараад, хаяхыг нь хаяад, хүнд өгөхийг нь өгөөд одоо 10 гаран домайн нэртэй үлдсэн.

- Танай сэтгүүлийг өдий зэрэгт хүргэхэд гар бие оролцсон Ч. Баатарсүрэн гуайн тухай дурсахгүй өнгөрч болохгүй байх.

- Манай сэтгүүлийн редакцын бодлого барьж ноён нуруу нь болж явсан ахыгаа цаг зуурын байдлаар алдсандаа харамсдаг. Ч. Баатарсүрэн гуай яруу найрагч, МУ зөвлөх инженер, түшигтэй сайхан хүн байсан. Сүүлд эмнэлэгт байхад нь манай хоёр сэтгүүлч очоод уулзахад нь маргааш ажил дээрээ очоод уншлагаа хийнэ гэж ярьж байсан гэсэн, тийм л зүтгэлтэй мундаг агуу сэтгэлтэй хүн байхгүй юу. Хүмүүстэй харилцаа холбоо сайтай их нийтэч хүн байсан даа.

ORONSUUTS.com

- Таны хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага дандаа барилга, орон сууц, үнэ ханш гэх мэт тиймэрхүү албаны асуултад эргэлдээд дуусдаг юм билээ. Хүүхэд насныхаа тухай яриач уншигчдад маань сонирхолтой байж магадгүй. Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв.

- Залуу техникчидийн ордонд 5 ангид байхдаа радио электроникийн дугуйланд нь явдаг байсан. Тэнд анхныхаа радиог савангийн хайрцагт бүх деталуудыг нь өөрөө угсарч, антеныг нь хүртэл ороогоод сонсож байлаа. Түүнээс хойш радио электроникт зүрх сэтгэлээ өгсөн дөө. Уралдаан тэмцээнд байнга орно. Тэр үед чинь онол практикийн бага хурал гэж болдог байсан. Түүнд бас зориулж зурагтын хайрцаг дотор том электрон цаг хийж алтан медаль авсан. Доороо 7 гариг асаж масдаг тухайн үедээ л шинэлэг загвартай болж байлаа. Сүхбаатарын талбай дээр ШУСТО гэж байсан. Тэр цагийг дуурайж хийсэн юм л даа. За тэгээд л 9 ангид байхдаа ТВ-д залгаад тоглодог компьютер тоглоом хийгээд ШБОС /Шинэ бүтээл оновчтой санал / гэсэн гэрчилгээ авч байв. Бидний бага байхад магнетфон, өнгөт зурагт, видео приставка орж ирдэг болсон ч засдаг хүн нь ховор байсан. Тэрийг нь овоо хэдэн цаасаар засдаг байв. Нэг удаа шинэ жилээр Сонсголонгийн автобаазын спорт заалыг 2 найзтайгаа өнгөт гэрлэн чимэглэлээр чимж байсан нэг ийм түүх байна. Тэр олон зуун гэрлийг даах тристер деталь байхгүй. Тэгээд тэр үеийн байшин үйлдвэрлэх комбинатад очиж таньдаг ахаасаа том тросстой Т160 тристерийг авч түүнд нь таарсан схем зохиож тэр олон гэрлүүдийг хөгжмийн аяар ээлжилж солигдож асдаг гэрэл хийж шинэ жилийн заалыг гоё тохижуулж байлаа.

- Багаасаа хөдөлмөрийн үр шим, мөнгөний үнэ цэнийг мэддэг болсон байна шүү дээ.

- Манайх 2 өрөө байранд амьдардаг байсан. Миний ажлын өрөө гал тогоо. Гал тогоо олдох үе нь шөнийн цаг. Тэр боломжийг нь ашиглан шөнөжин сууж юм хийдэг байсан. Орой 11 цагаас хойш өглөөний 7 хүртэл гэрийнхнээ бостол юмаа хийнэ . Манайхан босдог би зөрөөд унтдаг тийм л байлаа. 10-р ангиа төгсөөд армийн драмын театрт би дууны техник хийгээд 500 төгрөгийн цалин авдаг байсан. Тэр үедээ л боломжийн цалинтай ажил байсан.

- Ингэхэд та сайтаа байгуулах хүртлээ ямар ажил хийсэн вэ?

- 1992 онд ажил олдохгүй цалин мөнгө хэцүү болсон тэр үед ах нарыгаа дагаад ганзагын наймаанд явсан. Энэ хооронд 2 жил орчим явсны хүчинд орох орон, унах унаатай боллоо. Хэсэг хугацааны дараа ганзагын наймаа явцгүй болоход нь 1994 онд Чингис хаан гээд жуулчны компаниар дамжуулан Солонгост очоод тэндээс контейнер чокопай ачуулсан. За тэгээд монголдоо ирээд 6 сар ачаагаа хүлээсэн чинь араас ирээгүй. Сүүлд нь хулхидуулсан гэдгээ мэдсэн дээ. Солонгост 20 гаруй монголчууд буцаж очоод хулхидуулсан мөнгөө буцааж авах гэж суулт хийсэн. Үнэндээ солонгосын шүүх цагдаа нь бид нарыг огт авч хэлэлцээгүй. Өргөдлийг чинь хүлээж авлаа шалгая та нар хүлээж бай л гэсэн. Нөгөө залилагч этгээдийг хэзээ олж, хэзээ бид мөнгөө олж авах нь ёстой бүрхэг байв. Зарим нэгэн сайхан сэтгэлтэй солонгос хүмүүс ирж бидэнд ойр зуурт зарцуулах дугтуйтай мөнгө, хоол авчирч өгдөг байсан. Бүүр нутаг нэгт хүнийхээ өмнөөс биднээс уучлалт гуйна. Бид тэнд 1 сар болсон. Азаар нэг буяны байгууллагаас нэг эмэгтэй ирж бид нарын хохирсон гэх бүх төлбөрийг маань барагдуулсан. Амьдралд минь тохиолдсон мартагддаггүй ийм нэгэн сургамжтай түүх байдаг. Ингэж наймаа хийх гэж явахаас гадна хувиараа эрхлэх аж ахуй байгуулж, Зуун бээр компани, Герман технологи зэрэг компанид ажиллаж байгаад өөрийнхөө энэ компаниа байгуулсан даа.

- Та барилгын салбарт 100% сэтгэл зүрхээ зориулж явж чадаж байна уу?

- Ер нь бол тийм. Сүүлийн хэдэн жил барилгын салбарынхаа төлөө cалбарын ТББ-тай ойр нягт холбоотой идэвхтэй ажиллаж байна. Тэд нарынхаа эрх ашгийг хамгаалж, дуу хоолой болж ажиллахыг хичээж ярьж бичиж байна. Сүүлийн үед энэ талаар дуугардаг хүмүүс цөөхөн болсон нь харамсалтай санагддаг. Айл өрхийг орох оронтой болгодог, бүтээн байгуулдаг энэ салбартаа сэтгэл зүрхээ бүрэн зориулах болно. Бид барилгын салбарын цогц мэдээллийг шуурхай хүргэж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжиж, худалдааг идэвхижүүлэх үндсэн талбар байна.

Ярилцлагын урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

/ Барилгын салбарт амжилттай яваа, хийж бүтээсэн зүйлтэй хүн бүрийг АЖЛЫН ӨДӨР ярилцлагын буландаа урьж байна./

Хуваалцах - 31 Жиргэх
Сэтгүүлч: П. Наранмандах

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд

2018-06-24 01:06   Ganaa
Mundag hun dee, amjilt husie.
2017-08-31 02:53   Bor
Ajliig ni hugatsaand ni amjuulj chadaagui 1 zad zagnuulsaan. Daraa ni taarahad mendleed l ajil ni sain uu gehed ih bayarlaj bilee. Hund muu sanadaggui shudarga zaluu bainalee.
2017-06-18 23:46   agar
amjilt husie
2017-05-30 06:25   Энхээ
Сайхан ярилцлага болжээ. Эрчтэй энeргитэй, зөв хандлагатай нэг тийм гоё хүн гэж байдагдаа тийм л хүн дээ. Ажилд нь амжилт амьдралд нь аз жаргал хүсьe.
2017-05-28 08:19   Ganaa
Ene hunii udirdlagand bogino hugatsaand ajillaj baisan, surah zuil ihtei mundag udirdagch bainalee. Ajild ni amjilt husie.
2017-05-26 09:47   Гэрэл
Сайхан сэтгэлтэй тусч залууд баярлаж явдаг шүү. Мэдэхгүй олон зүйлс мэдэж авлаа кк
2017-05-26 05:27   Bayraa
Barilgiig bazaj baigaa ovoo zaluudaa. amjilt husie
2017-05-25 06:02   Зочин
Ажлын амжилт хүсэе