Г.Гантулга: 23 насандаа “ Үл хөдлөх хөрөнгийн харилцаа“ номыхоо анхны хэвлэлийг худалдаанд гаргаж байлаа
Ярилцлагын зочин:
Г.Гантулга
Эрдмийн зэрэг:
Доктор (Ph.D)
Байгууллагын нэр:
МУИС-ийн ШУС
Албан тушаал:
Дэд профессорийн зэрэглэлтэй багш
Чиглэл:
Газрын харилцаа, хот төлөвлөлт
Ажлын туршлага:
13 жил
Баримталдаг зарчим:
Хүмүүстэй нээлттэй харилцахыг эрмэлздэг. Энэ нь зөв ойлголцлын үндэс гэж боддог.
Г.Гантулга: 23 насандаа “ Үл хөдлөх хөрөнгийн харилцаа“ номыхоо анхны хэвлэлийг худалдаанд гаргаж байлаа
2017 оны 05 сарын 03 өдөр
8191     11
Зочны цахим хаяг
Хуваалцах - 18 Жиргэх

"АЖЛЫН ӨДӨР" булангийн  дараагийн зочноор Ланд Овнер ХХК-ийн захирал, МУИС-ийн багш доктор (Ph.D) Г. Гантулга уригдан оролцлоо. Газар зохион байгуулалт гэсэн  мэргэжлийг Монголдоо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа залуу сэхээтнүүдийн нэг. Тэрээр Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд гар бие оролцож, шинжлэх ухааны 10 гаруй төслүүдэд ажиллаж, мэргэжлийнхээ чиглэлээр 5 ном бичиж хэвлүүлсэн ЗАЛУУ ЭРДЭМТЭН багш билээ. Багш нараараа бахархан, шавиудаараа гоёж хийж бүтээхийг зорьж яваа эгэл нэгэн багшийн ярилцлагыг хүргэж байна.

-Та  МУИС - ийг  Газрын менежмент чиглэлээр суралцаж төгссөн. Яг энэ чиглэлээрээ магистр, докторын  зэрэг хамгаалсан.  Яагаад энэ мэргэжлийг сонгох болов.

-Юуны өмнө ярилцлагын буландаа урьж оролцуулсан танай хамт олонд баярлалаа. Миний хувьд мэргэжлээ сонгоход хүүхэд насны хүсэл сонирхол нөлөөлсөн байх. Хүүхэд байхаасаа л газарзүй, байгалийн ухааны хичээлүүдэд  дуртай байсан. Хараагаа муудтал ном уншиж, атлас ширтэж өнждөг байлаа. Энэ л үед өөрөө ч бараг анзаарахгүйгээр ирээдүйн мэргэжлийнхээ шийдвэрээ гаргасан байсан. Нэгэнт дуртай ажлаа хийж, хүсэж байсан мэргэжлээ эзэмшсэн болохоор дараа дараагийн зэрэг хамгаалах асуудал инерцээрээ болоод өнгөрсөндөө.

Доктор хамгаалсан сэдвийн нэр юу вэ? Дэвшүүлсэн санаа, агуулга нь юу байв.

- “Улаанбаатар хотын газар ашиглалтын ангилал ба функциональ бүсчлэл” гэсэн сэдвээр хамгаалсан. Газрыг ашиглаж буй хэлбэрээр нь ангилан ялгаж, тухайн ашиглалтын төрлөөр нь хянан зохицуулах боломж бүхий бүсчлэлийг газар ашиглалтын бүсчлэл гэдэг. Миний судалгааны ажил газар ашиглалтын ангиллыг бий болгож, үүн дээрээ тулгуурлаж газар ашиглалтын горимыг орон зайн хувьд тодорхойлж, хил заагийг нь тогтоож газар ашиглалтын бүсчлэлийг бий болгох үндсэн үйл ажиллагааг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломжийг судалж үзсэн.

Судалгааны хүрээнд газар ашиглалтын төлөөлөл байж болох 14 бичил бүс сонгон авч 3 жилийн турш мониторинг судалгаа явуулсан. Ингээд үр дүнд нь газар ашиглалтын бүс бүрийн зарчим, бодлого, шаардлагыг тодорхойлж тухайн бүсэд амьдрах, амрах,  үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг  тодорхойлогдсон гэхэд болно. Судлах явцдаа барилга, байгууламжийн сүүдрийн болон өндрийн хязгаарлалт, давхар талбайн харьцаа, барилгын бүрхцийн харьцаа, сервитут гэх мэт ойлголтуудыг газар ашиглалтын бүсчлэл дээр тулгуурлан  практикт нэвтрүүлэх, ингэснээр өнөөдөр тулгамдаад байгаа хотын газрын харилцааны зөрчил, маргааныг багасгах боломжийг эрэлхийлсэн. Судалгааны ажил маань Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2025 хүртэлх тодотголд тусгагдан орсон. Ямар ч гэсэн практикт хэрэгжих боломж нь бүрдсэн гэсэн үг. Судалгааны ажлаа хүмүүс хүргэх үүднээс хураангуйлж 2011 онд монограф болгон хэвлүүлсэн. 

- Та хэдэн насандаа  докторын зэрэг хамгаалсан вэ? Залуу докторуудын тоонд орох байх.

-Залуугаараа доктор хамгаална гэдэг бол өнөө цагт тийм ч сонин зүйл биш болсон байх л даа. Цаг үе өөрчлөгдөж байна.Одоо цагт залуу судлаач нарт уншиж мэдэх, сурч боловсрох боломж нь илүү нээлттэй болсон. Үүний нэг илрэл гэж боддог. Миний хувьд 27-тойдоо доктор хамгаалсан. Залуу насандаа эрдмийн зэрэг хамгаалснаа олон зүйлийг хийж бүтээхийн эхлэл гэж ойлгож, урамшдаг ч зарим талаар өндөр хариуцлага ачаалал нэмэгддэг юм билээ. Мэдээж энэ бүхний цаана урам өгч дэмжиж тусалж байсан гэр бүл, багш, хамт олон байгаа. Мундаг багш нартай хувь зохиолоор учирч үйлс хэргийг нь үргэлжлүүлж яваа болохоор бахархалтай санагддаг шүү. Үл хөдлөх хөрөнгө, газрын харилцааны салбарын нэрт зүтгэлтэн, МУИС-ийн профессор Г.Пүрэвцэрэн агсан, хот төлөвлөлтийн салбарын тэргүүлэх эрдэмтэн профессор Б.Чинбат,  МУ-ын зөвлөх инженер доктор П.Мягмарцэрэн нарын шавь.

- Ийм залуудаа залуудаа ийм том цолтой болчихоор намбалаг болчихдог уу?

- Доктор гэхээр л костьюм өмсөөд, хөмсгөө зангидаад дүрдээ итгээд яваад байх хэрэггүй л дээ (хэхэ). Мэдээж энэ бол судалгаа шинжилгээ хийсний үр дүнгээ зохих журмын дагуу хамгаалж авч байгаа эрдмийн зэрэг болохоос ямар нэгэн эрх мэдэл, албан тушаал, хүний хувийн орон зайны чөдөр тушаа биш. Би өөрийгөө бол нэлээд нээлттэй, зарим талаар томоогүй ч юм болов уу гэж боддог. Гэхдээ намайг хэн бэ гэдгийг би биш хүмүүс л дүгнэх байх. Хүссэн хүсээгүй хөгширч намба суухаас хойш нас насандаа л байсан нь дээр байх. Одоохондоо бол намба суух арай болоогүй ээ.

-Манай үл хөдлөх хөрөнгийн салбарт эрдэм шинжилгээний ном товхимолууд цөөхөн байдаг. Таны бичсэн “Үл хөдлөх хөрөнгийн харилцаа” номыг Интер номын дэлгүүрээс  олж авсандаа  маш их баярласан. Энэ ном барилга, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудад гарын авлага болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

- Урам хайрласанд баярлалаа. Анх 23 настай байхдаа "Үл хөдлөх хөрөнгийн харилцаа" номыхоо эхний хэвлэлийг худалдаанд гаргаж байлаа. Тухайн үед номыг маань уншаад манай багш Ж.Наранцацралт сайд төрийн байгууллагын удирдах албан тушаалд ажиллах санал хүртэл тавьж байлаа. Гэхдээ би тэр үед МУИС-д багшилж байсан болоод ч тэр үү тэр санал миний хувьд том урам гэж л хүлээн авсан. Сүүлд МУИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулж номыхоо 2 дахь хэвлэлийг гаргасан нь олон хүмүүст хүрсэн бололтой байсан. Номын дэлгүүрүүдэд эрэлттэй, хурдан дуусаж байсан болохоор 2 ч удаа хэвлүүлсэн. Санаанд оромгүй хүмүүс номын талаар санал, магтаал, шүүмж хэлдэгт баярлаж дараа дараагийн номоо бичих урам зоригоо авдаг гэхүүдээ. Одоо энэ номыхоо 3 дахь хэвлэл дээр ажиллаж байна.

- Хорин гуравхан насандаа бүхэл бүтэн барилга, үл хөдлөх хөрөнгийн тухай ном гаргана гэдэг мундаг гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь ээ. Энэ ном агуулгын хувьд маш том шүү дээ. Материалуудаа ямархуу хугацаанд цуглуулж, хэдий хэрийн цаг хугацаа зарцуулагдсан вэ?

-Багш болсон цагаасаа хойш их сургуульд газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн харилцаа гэсэн хичээлүүдийг 11 дахь жилдээ орж байна. Хичээлийн лекц бэлдэхтэй холбоотойгоор эхэлсэн санаачлаг, хөдөлмөр маань яваандаа ном болж хувирсандаа. Хоёр жилийн судалгааны үр дүнд бүтсэн. Өөрийн дэвшүүлсэн санаанууд, нэгтгэн дүгнэсэн мэдээллүүд, зарим нэр томьёоны тайлбар, иргэний эрх зүйн зарим харилцаа гэх мэт нэлээд өргөн агуулгатай. Номын судалгаатай холбоотой эрэл хайгуул хийх явцдаа өөрөө ч гэсэн олон зүйлийг олж мэдсэн. Ер нь бол энэ номоо цаашид баяжуулаад улам засч сайжруулаад явна гэж бодож байгаа.

- Таны ном “Интер ном”-д дууссан байсан. Яг хэзээ 3 дахь хэвлэлт нь гарах вэ?

-Өмнөх хэвлэлтүүдээсээ агуулгын хувьд илүү өргөн болж байгаа болохоор цаг зав их шаардах юм. 2016 ондоо багтаж гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

- Үл хөдлөх хөрөнгө гэж юу вэ? Номонд бичсэнээр олон улсад усан онгоц, агаарын онгоц тэр байтугай олон наст ургамал хүртэл ордог юм байна. Манайд үл хөдлөх хөрөнгийг хуулиндаа юу гэж томъеолсон байдаг вэ?  

-Номын агуулга ерөнхийдөө сургалтад чиглэсэн болохоор аль болох өргөн агуулгатай байхаар бодож олон улсын жишээ туршлагаар баяжуулсан. Яг судлаад үзэхээр дэлхийн улсууд нийгэм, эдийн засгийн онцлогоосоо хамаараад их сонин сонин зүйлийг үл хөдлөх хөрөнгөнд хамруулж үздэг юм билээ. Манай улсын хувьд үл хөдлөх хөрөнгө гэсэн ойлголт одоо л хөгжиж эхэлж байна. Олон ч хууль, тогтоомж батлагдлаа. Эрх зүйн орчин боломжийн болсон гэж бодож байна. Ихэнх тохиолдолд байгалийн бүтээгдэхүүн болох газар, хүний хөдөлмөрийн үр дүн болох барилга байгууламжийн нэгдэл хэлбэрээр тодорхойлогддог. Хамгийн гол нь үл хөдлөх хөрөнгийн олон талт харилцааг эрх зүйн орчноор хангаж, хэрэгжүүлэх хэрэгтэй санагддаг. Хуулиндаа бол “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу  ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд  хамаарна” гэж заасан байдаг.

-Нэг үе бид нар чинь  Ипотек Моргейж хоёрын нэрний ялгааг мэдэхгүй  байлаа шүү дээ.

-Хоёр нэр томъёо зэрэг яригдаад байхаар олон нийтэд сонин санагддаг байх л даа. Хэдий өөр өөрөөр нэрлэгдэж байгаа ч сүүлийн жилүүдэд энэ талаар иргэд нэлээд зөв ойлголттой болсон болов уу. Герман, ОХУ гэх мэт “эх газрын” хууль үйлчилдэг гол төлөв европын улс орнуудад Ипотек гэж нэрлэдэг бол, АНУ, Канад зэрэг Англи-Саксоны эрх зүйн тогтолцоотой  улсуудад моргейж гэж нэрлэгддэг. Хоёр өөрөөр нэрлэж байгаа болохоос агуулга нь ижил зүйл шүү дээ. Мэдээж тухайн улсуудынхаа онцлогоос хамаараад бага зэрэг өөр өөр зохицуулалттай байхыг үгүйсгэхгүй. Америкт гэхэд 10-аад төрлийн моргейж байх жишээтэй.

 Монгол Улсын хуулиудад ипотек гэдэг нэршлээрээ тусгагдсан байдаг болохоор ипотек гэж ярьж, бичих нь зөв гэж бодож байна.

- Та сургуулийнхаа тухай танилцуулахгүй юу?

-МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуульд манай тэнхим харьяалагддаг. Баялаг сайхан түүхтэй, хийсэн бүтээсэн зүйл ихтэй, олон мянган шавь нарынхаа бахархал, үе үеийн олон эрдэмтэн судлаачдын оюуны өргөө болсон улсынхаа ууган их сургуульд багшилдгаа ямагт нэр хүндийн хэрэг гэж боддог шүү. Энэ жил МУИС-д газарзүйн салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ой тохиож байгаа. Миний хувьд Газарзүйн салбараас урган гарсан профессорын багуудын нэг болох Хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын профессорын багт хамаардаг. Манай профессорын баг МУИС дотроо харьцангуй шинэ залуу судалгааны баг гэхэд хийсэн зүйл, ажилласан төсөл, төгсгөсөн шавь нар гээд бахархах зүйл ихтэй хамт олон бий.

-Шавь нь багш нараараа, багш нь шавь нараараа бахархах нь эрхэм сайхан нандин холбоо шүү дээ. Та хэчнээн гарын шавьтай вэ. Тэд хаана юу хийж явна.

-Мэдээж багш хүний хамгийн том бахархал бол шавь нар. Шавь нар сайн явж байвал багш нар баярладаг, бахархдаг. Надад гарын шавиуд олон бий. Эрдмийн чиглэлээр явж байгаа шавь нар эхнээсээ доктор хамгаалж байна. Төрийн болон хувийн хэвшилд нэр хүндтэй үлгэр жишээ болон ажиллаж байгаа мөн  өөрсдөө компаниа байгуулан ажлын байр үүсгээд явж байгаа “босс” болсон шавь нар ч олон бий. Айлын аав ээж хүүхдээ сайн муу гэж ялгадаггүй шиг багш нарын хувьд бүх шавь нар бүгдээрээ адилхан. Ажилд орж байна, албан тушаал ахиж байна гэхэд нь хүртэл урам өгч, амжилт хүсдэг. Сүүлийн үед өөрийн мэргэжлийн чиглэлээр “их сургууль, төгсөгч, оюутан” гурвыг холбосон төгсөгчдийн холбоо буюу alumni association байгуулах талаар төлөвлөж байна.

-Та ямар нэгэн төсөл дээр ажиллаж байгаа юу?

-Манай хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын профессорын баг энэ жилээс  бүс нутгийн төлөвлөлт, хот орчмын орон зайн төлөвлөлттэй холбоотой 2 ч эрдэм шинжилгээний төсөл дээр ажиллахаар зорьж байна. Гадаадын санхүүжилттэй эдгээр төслүүдийн гэрээ хэлэлцээр нь эхнээсээ амжилттай болж байна. Мэдээж энэхүү төслүүд дээр ажиллана. Судалгааны багаараа хамтран манай үндсэн сурах бичиг болох “Газрын менежментийн онолын үндэс” номыг шинэчлэн гаргаж байгаа. Амжвал энэ хавартаа багтаан хэвлэлтэд өгнө дөө.

-Та Ланд Овнер ХХК-ийн захирал. Танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

-Газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компани байгаа юм. Одоогийн байдлаар газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, газрын кадастрын  судалгаа, зураглал, газрын нөхөн сэргээлт, геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна.

Ажил дээрээ

-Та МУИС –д  багшлахын  зэрэгцээ  төсөл дээр ажиллаж,  компаниа удирдаж байгаа. Энэ бүх зүйлээ  яаж амжуулдаг вэ?

-Ер нь бол ажлын ихэнх энерги багшийн ажилд зарцуулагддаг шүү. Компанийн хувьд би үүсгэн байгуулагч гэж явдаг. Анх хамтран байгуулалцсан найз маань ерөнхийдөө өдөр тутмын ажлыг хариуцан явуулдаг. Тэгээд ч улирлын чанартай ажлын ачаалал нэмэгддэг болохоор өдөр тутмын үйл ажиллагаанд нь бараг оролцоод байдаггүй. Хэрвээ ажилдаа оролцохоор бол зуны улиралд сургуулийн хичээл амарсан хойно л оролцдог. Ямар ч гэсэн манай компани 7 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхай, бүтээн байгуулалтын цөөнгүй томоохон төслүүд дээр ажилласан болохоор ажлын туршлага ч сайжирсан шүү. Бас цаашид хэрхэх талаар бодож төлөвлөсөн олон зүйлс байна.

- Барилга, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийсэн хэчнээн хүн байдаг вэ?

-Үйлдвэрлэлийн салбарт олон мундаг чадварлаг мэргэжилтэн, инженер, судлаачид бий. Ялангуяа барилга, архитектур, хот төлөвлөлтөөр. Харин үл хөдлөх хөрөнгийн салбарт судлаач харьцангуй цөөн. Одоогоор үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зах зээл гэх мэт эдийн засгийн чиглэлээр болон иргэний эрх зүй тэр дундаа өмчийн эрх зүйгээр судалгаа хийдэг судлаачид, эрдэмтэд илүү түлхүү байгаа ажиглагдсан. Би заримтай нь уулзаж санал бодлоо солилцдог.

-Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын төлөвлөгөө харилцан уяалдаатай ажиллах байгаа юу? Та мэргэжлийн талаас юу гэж харж байна.

-Нэг зоосны хоёр тал шүү дээ. Тиймээс заавал уялдах ёстой гэж боддог. Нэг үеэ бодвол хоорондын харилцан уялдаа сайжирсан. Гэхдээ бас нэг тийш болчихсон асуудал биш л дээ. Эрх зүйн орчин, байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээлэл өгөгдөл, багаж,  программ болон техник хангамжийн хувьд нэгдмэл уялдаатай байж болно. Үүнд асуудал бэрхшээл бараг байхгүй. Харин салбарын мэргэжилтэнгүүдийн мэргэжлийн амбицаас ч болдог юм уу бүү мэд хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын үйл ажиллагаа уялдаа зарим талаараа огт нийцдэггүй, ойлголцдоггүй. Энэ асуудлыг хөндөхөөр зарим мэргэжилтнүүд их эмзэг хүлээж авдаг шүү (хэхэ). Уг нь бол нэг л газрыг, нэг л хотыг яриад, төлөвлөөд, хөгжүүлэх гээд мэрийгээд байгаа юм шүү дээ аль аль нь. Үүнд арга зүй, технологийн дэвшил гэхээсээ илүү удирдлага, салбарынханы ойлголцол л хэрэгтэй дээ.

- Тэгвэл Зайсангийн газар олголт, бүтээн байгуулалт  хот доторх хотыг  юу гэж харж байна. Улаанбаатар хот маань Богд ууландаа “Баячуудын дүүрэг” гэсэн статусыг бий болгосон.

-Уг нь бол тусгай хамгаалалттай газрын тухай хуулиндаа байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ гэж заасан байдаг. Гэтэл Дархан цаазат Богд уулын бараг бүх ам одоо ямар болоод байгаа билээ.

  Хууль яаж гууль болдгийг ард түмэн тод томруунаар жишээ баримттай нь Богд уулнаас харж болно.

Одоо хойч үе маань ийм зүйл харж өссөн болохоор үүнийг бүр хэвийн зүйл гэж ойлгодог болно. Харамсалтай. Дархан цаазат газар нь дотроо онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэсэн 3 горимын бүсэд хуваагддаг. Үүний зөвхөн хязгаарлалтын бүсэд байгаль орчинд ямар нэгэн хор хөнөөлгүй байдлаар аялал жуулчлал, сургалт судалгааны чиглэлээр газар олгож болохыг нь хуулиар зөвшөөрсөн байдаг. Ийнхүү газар олгох үйл ажиллагааг зохицуулах эрх мэдэл нь газрын албадад биш байгаль орчны чиглэлийн яаманд нь байдаг боловч бодит байдал ийм л байна. Иймэрхүү асуудал бүүр хэвийн үзэгдэл болсны тод жишээ гэмээр “Богд ууланд газар зарна” гэсэн зар хүртэл сонин хэвлэлээр явж байх юм билээ.

- Та нийслэлийн статусыг  өөрчлөхийг дэмждэг хүний нэг.

-Улаанбаатар хотыг өнөөгийн гамшигт байдлаас аврах гарц нь магадгүй нийслэлийн статусыг өөр хот руу шилжүүлэх байж болох юм. Иймээс би үүнийг судлаач хүнийхээ хувьд дэмждэг гэх үү дээ. Агаарын бохирдол, замын түгжрээ, эмнэлэг сургууль цэцэрлэгийн хомсдол зэрэг олон сөрөг үзэгдлүүд хэт төвлөрлөөс үүдэлтэй. Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 45 хувь буюу 300 гаруй мянган өрхийн нэг сая гурван зуун мянга гаруй хүн төвлөрөн амьдарч байна. Төвлөрлийг сааруулж задлах олон арга байгаагаас манай нөхцөлд хамгийн үр өгөөжтэй нь шинэ хот байгуулж, түүндээ нийслэлийн статусыг шилжүүлэх юм.

Шинэ хот байгуулах, нийслэлийн нүүлгэх зэрэг асуудлыг зарим хүмүүс бүтэшгүй санаа гэж үздэг. Шинээр хот байгуулах хөрөнгө мөнгө нь хаана байна? Одоогийн нийслэлийн иргэд яах вэ? гэх мэт олон асуултууд ч үүсэх нь ойлгомжтой. Хот байгуулалтын асуудал бол хөрөнгө оруулалтын таатай орчин, төлөвлөлтийн шийдэл, олон нийтийн хандлага гэсэн 3 зүйлтэй л шууд уялдаатай. Тиймээс зөв л зохион байгуулж чадвал энэ бүтэшгүй санаа биш. Болдог бүтдэг л зүйл. Өнгөрөгч 19, 20-р зуунд дэлхий дээр 40 гаруй улсууд нийслэл хотоо, нийслэлийн статусаа амжилттай нүүлгэн шилжүүлсэн байдаг. Тэгэхээр болгоё бүтээе гэж зориглоод хийвэл бэлэн жишээ туршлага ч байна, орон зайн нөөц бололцоо ч байна. 

Нөгөө талаар “нийслэл нүүлгэх” гэсэн томьёоллын хувьд буруу ташаа ойлголт нийт иргэдийн дунд байна. Ер нь Улаанбаатар хотыг нүүлгэх тухай яриагүй. Харин нийслэлийн статусыг шилжүүлэх асуудал байгаа юм. Олон улсад үүнийг “Capital function relocation” гэж хэлдэг. Бараг энэ ч илүү ойлгомжтой нэршил байх. Харин төвлөрлийг сааруулахын эерэг талыг бол яриад дуусашгүй сэдэв болно доо.

-Улаанбаатар аль чиглэл рүүгээ тэлж хөгжвөл зүгээр вэ?

-Одоо тэлээд хэрэггүй байх. Жишээлбэл байгалийн хязгаарлах нөхцөлүүд болох гадаргын налуу, ул хөрс, улирлын цэвдэг гэх мэт барилгажиж, дэд бүтэц барихад саад учруулж, зардлыг өндөрсгөхөөр олон хүчин зүйлс байна. Мөн хотын орон зайн тэлэлт нь эргээд эдийн засгийн хувьд хотын зардлыг өндөрсгөдөг. Иргэнд ч тэр, төр засагт ч гэсэн дэд бүтэц, нийтийн тээвэр гэх мэтээр зардал ихсэх нөхцөл болно.  Тэгээд ч угаасаа хот маань оршуулгын газар, хогийн цэгүүддээ бүслүүлчихсэн. Газрын нөөцөөр хомс. Хэрвээ хот тэлэх бол өргөөшөө биш өндрөөшөө тэлбэл зүгээр юм даа.

- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраас үйлчилгээ авч байсан уу?

- Авч байсан. Хэд хэдэн удаа. Сүүлд Монзууч компаниар дамжуулан орон сууц авсан. Үл хөдлөх хөрөнгө зуучлал илүү найдвартай, шуурхай санагддаг. Угаасаа зах зээл дээр байх ёстой нэг субъект гэж ойлгож хүлээж авдаг. Олон олон зуучлалын компаниуд гарч ирснээр энэ талын харилцаа хөгжиж байна. Завгүй, ажил алба ихтэй хүмүүст их хэрэг болдог байх бас над шиг хашир худалдан авагчид ч бас найдвар, итгэл төрүүлдэг байх шүү.

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна.

-Янз бүрээр л өнгөрөөнө дөө. Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө ч юм уу цагийг өнгөрөөдөг. Гэр бүлээрээ гоё сонирхолтой кино үзэх дуртай. Ном уншина. Хоол хийнэ. Хоол иднэ гээд л.(хэ хэ) Ер нь амрах цагтаа амарч, ажиллах цагтаа ажиллах зарчмыг баримтлахыг хичээдэг дээ. Амралтын цагаар ажил бодох дургүй. Ажлаас болж амьдралаа мартсан хүмүүс байдаг даа. Би ч бас тийм л байсан. Одоо бол харин гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнддээ цаг зав гаргахыг зорьдог болсон.

Фото зураг, шүлэг, аялал их сонирхоно оо. Хүүхэд байхдаа зурсан зургуудаараа үзэсгэлэн гаргаж, шүлгийн номоо хэвлүүлж байсан. Шавь нартайгаа хамтран цуврал ТВ нэвтрүүлэг ч хийж байлаа. Сонирхолдоо хөтлөгдөн юм юм л хийж явлаа. Гэхдээ сонирхогчийн хэмжээнд л. Хобби юм даа.

- Шүлэг гэснээс Freezone хамтлагийн Төрөөгийн дуулсан “Чи хаана байсан юм вэ?” дуу таны шүлэг юм билээ.

-Тиймээ. Сайхан дуу болсон шүү. Миний шүлгээр албан ёсоор хийсэн анхны дуу. Өмнө нь би өөрөө ч мэдээгүй явж байхад миний шүлгээр хийгдсэн дуунууд бас байсан. Одоо цаашид бас хэд хэдэн дуунууд гарахаар цаг үеэ хүлээж байгаа. Аяндаа тэгээд гарахаараа хүмүүст хүрнэ бизээ.

 

-Мэдээж та номын цуглуулгатай байх. Ямар чиглэлийн ном цуглуулдаг вэ? Хамгийн сүүлд уншсан ном

-Номын цуглуулга бий шүү. Гол төлөв уран зохиолын номуудтай. Одоогоор Жорж Мартины “Хаан ширээний тоглоом”, ажилтай холбоотойгоор “Японы Ураясү хоттой танилцаж хот байгуулалтыг ойлгох нь” гэдэг номыг уншиж эхлээд байна.

- Ер нь та залуудаа бүх зүйлээ хийгээд амжуулж.  Одоо юу хийхээр төлөвлөж байна. Магадгүй улс төр ч юм уу,  янз бүрийн салбар луу орж хүч үзье гэж бодож байна уу?

-Хорвоо дэлхий уудам, хийх ажил их гэдэг шиг үнэхээр хийх ажил их байна. Сурч мэдэх зүйл ч их байна. Хийх ёстой ажлаа уул гэж бодох юм бол би дөнгөж бэл хавьцаа нь байгаа байх. Олон салбар луу зэрэг зэрэг орж явахаар анх эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэх хүсэлтэй дээ. Хаяа нам, улс төрийн хүчнүүд хуралдаа урихаар нь очиж илтгэл тавьдаг. Хэлэлцүүлэгт нь оролцож үзэл бодлоо хуваалцдаг. Надад аль улс төрийн хүчин, ямар нам байх нь хамаагүй. Гол нь зөв зүйтэй зүйл хийж, эрдэмтэн судлаачдынхаа дуу хоолойг сонсъё, ажил хэрэг болгоё гэсэнд нь би нээлттэй хандаж санаа оноогоо хуваалцдаг. Тэрнээс биш бусдаар улс төрийн хувьд идэвхгүй төлөвт байхыг эрмэлздэг.

- Монголын залуучуудаас амжилт бүтээлээр нь хэнийг онцолж дурдмаар байна.

-Монголд маш олон мундаг залуус байгаа шүү. Манай МУИС-д гэхэд үлгэр дууриалал авахаар чадварлаг залуу багш, судлаачид олон байх юм. Миний хувьд онцолж хэлбэл Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхийлөгч доктор Д.Баттогтох байна. Аж үйлдвэр,бизнес, шинжлэх ухааны уялдаа холбоог сайжруулах талаар их юм хийж байгаа залуу бий дээ.

- Та бид хоёрын ярилцлага нэг зөөлөн тал руугаа боллоо. Шийдвэл зохих чухал хэд хэдэн асуултуудыг маань орхиод өнгөрлөө.

-Юу юугүй сенсаацлаад олон нийтийг турхирсан, нийгмийг стрессдүүлсэн мэдээ, ярилцлага, нийтлэл их байх болжээ. Мэдээж шүүмжлүүштэй, сэтгэл дундуур явдаг зүйлс байдаг ч сайн нь муугаасаа хамаагүй илүү их гэдэгт итгэдэг. Тиймдээ ч асуудалд аль болох олон талаас нь хандахыг хичээдэг. Эерэг хандлагаар хандсан бүхэн эргээд эерэг үр дагавар дагуулна шүү дээ. Бүгд өөр өөрийн зорилгоо тодорхойлоод, зорилгынхоо төлөө ажиллаж, хичээж зүтгэж байгаа цагт Монгол Улс маань хөгжин цэцэглэх болно оо. 

Барилга, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр салбартаа манлайлан ажиллаж байгаа ярилцах сэдэв арвинтай хүн бүрийг АЖЛЫН ӨДӨР  ярилцлагын буландаа урьж байна. 

Хуваалцах - 18 Жиргэх
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд

2016-02-27 08:56   Булган
асуулт нь ямар сонин үсэрсэн асуулт вээ багшдаа амжилт хүсье.
2016-01-27 11:28   Naranmandakh.Purev
Дараа дараагийн ярилцлагаа ухаантай сайхан асуулт тавихыг бодье оо. Баярлалаа
2016-01-27 11:17   Turu
zov shuu! mergejiltenguudiin oilgoltsol dutaj baigaa salbardaa. Ternees chadaltai zaluus ene met olon baina
2016-01-27 01:27   Oyutan korea
Nomnuud haanaas olj boloh boloo
2016-01-26 11:55   Зочин
жижүүрийн биш сонин содон сайхан л асуулт тавьсан байна. надад бол таалагдлаа
2016-01-26 01:19   zochin
ene setguulch guai yamar teneg2 asuult asuudag yum be.
2016-01-25 04:21   уншигч
Хүн ингэж л сурч хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажлын амжилт хүсэе.
2016-01-25 04:04   Tsoomoo
Далий юм бичсэн байж магадгүй. Энэ газар олгоод заавал хашаа хатга гэдэг юм балай санагдаад байдын. Энэ тэнд хээр, Цонжингийн тэнд гээд дүүрэн төмөр хашаа.
Өөр өнцөгөөс харахад үзэмж муу, арзайж, ярзайсан янз бүринй хашаанууд байдаг.
Хашаа хатгахагүй бол гадар нь агшиж тэлээд байдаг юм уу? ойлгохгүй юм. Координатаараа зураг тураг нь гарцан бол тэгээл хөдлөшгүй биз дээ?
тэгж л юм хатга гээд байвал хэдэн буланд нь хилийн багана шиг багана хатгачих л даа.
2016-01-25 03:37   bayaraa
Angijavdaa amjilt. Bidnii baharhal shu
2016-01-25 03:08   real estate
Mundag zaluu bn. Amjilt
2016-01-25 01:59   Гэрэлтуяа
багшдаа ажлын амжилт хүсье сайхан ярилцлага байна. Залхуугүй залуу хүний жишээ бол та гэж би боддог.