Ө.Ганболд: Манайх нэг удаа тендерт оролцоод 40 мөнгөний татварын өртэй гарч хүчингүйд тооцогдож байсан
Ярилцлагын зочин:
Ө. Ганболд
Гавьяа шагнал:
Алтан гадас
Байгууллагын нэр:
Эдшил ХХК
Албан тушаал:
Ерөнхий захирал
Чиглэл:
Зураг төсөл
Ажлын туршлага:
37 жил
Баримталдаг зарчим:
Аливаад эмх цэгц
Ө.Ганболд: Манайх нэг удаа тендерт оролцоод 40 мөнгөний татварын өртэй гарч хүчингүйд тооцогдож байсан
2017 оны 05 сарын 03 өдөр
14094     9
Зочны цахим хаяг
Хуваалцах - 20 Жиргэх

АЖЛЫН ӨДӨР булангийн зочноор Эдшил ХХК ерөнхий захирал Ө. Ганболд уригдан оролцлоо. Тэрбээр Зураг төсөл, Архитектурын чиглэлээр 37 жил тасралтгүй ажиллан  салбараа хөгжүүлэхэд  гар бие оролцож яваа эрхэм. Сүндэрлэн босох барилгын сүүдэр тусах загварыг нь гаргадаг монголын ШИЛДЭГ АРХИТЕКТУРЧ билээ.  Хүн бүрийн  мэдээд байдаггүй  "Зураг төсөл"  гэдэг  салбарын тухай ийнхүү халуун яриа өрнүүлснийг хүлээн авна уу.

- Танай салбарын талаар би маш хомс мэдлэгтэй. Тиймээс буруу зөрүү зүйл асууж магадгүй.  Миний эхний асуулт Архитектор гэдэг их ховор мэргэжлийг яагаад сонгох болов.

- Би хүүхэд байхын зураг сайн зурдаг, сургуулийнхаа анги кабинетийг тохижуулах, гарын ур шаардсан бүх ажилд оролцдог байлаа.  Гоо зүй, моодны мэдрэмж, урлаг хөгжим аль алийг нь сонирхдог байсан болохоор 7, 8 -р ангиасаа л  архитектор болох мөрөөдөл тээж эхэлсэн гэхэд болно. Тэр үед би хичээл номдоо гайгүй олон юм сонирхдог, сониуч  зантай байсан болохоор Архитектур гэдэг урлагийн мэргэжлийн онцлог тэр талыг нь харсан юм л даа.  Намайг 8 ангид байхад Тасгийн овоон дээр барих Ардын армийн дайчдын хөшөөний төсөл шалгаруулах уралдааны зар "Үнэн"  сонин дээр тавигдсан байв.  Өмнө нь би амралтаараа Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөөг очиж үзсэн маань их тус болж уралдаанд оролцоход нэмэр болсон. Тэгээд  төслөө зурж, хөөсөнцрөөр макет хийн шилэн хоргонд хийгээд хот руу илгээсэн.  Хэдэн жил өнгөрсний дараа манай товчооны дарга Зайсан толгойн хөшөөны загварыг зохиогчдын нэг Өлзийхишиг гуай шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан юм шиг байгаа юм. Гэнэт тэр өнгөрсөн явдлыг санасан уу яасан  - Чи байсан юм бишүү гэсээр манай өрөөнд орж ирсэн. Түүний ярьснаар намайг хүүхэд гэдгээр нь урамшуулж тусгай байр гаргаж 50 төгрөгөөр шагнаж байсан юм билээ. Харамсалтай нь тэр шагнал надад ирээгүй л дээ. Миний анхны уран бүтээлийн шагнал тэр болох байсан байх.

-  Зүрх сэтгэлийн дуудлагаа замдаа алдалгүй архитектор мэргэжилтэй болох нь танд амархан байв уу?

Би Төв аймгийн Жаргалантын 10 жилийн дунд сургуулийг 1972 онд дүүргэсэн хүн л дээ.  Намар нь МУИС-ийн 1  жилийн Гадаад хэлний бэлтгэл ангид элсэж дараа жилийн хавар нь  төгссөн. Олны танилуудаас Баабар манай англи хэлний группэд сурч байсан гэж гайхуулах дуртай.  Тэр хавар хуваарь сонгох болоход би сурлага гайгүй байсан болохоор 60 гаруй хүүхдүүдээс 5, 6-д жагсаж мэргэжлээ сонгосон боловч нөгөө, миний хүссэн архитектурын хуваарь байгаагүй. Харин арай дөхүү болохоор нь Польшид модон эдлэл, мебелийн чиглэлээр сурах хувиар сонгосон. Тэр үед би 19 настай байв.  Зун нь гэртээ харьсан боловч нэг л сэтгэл дундуур.  Бидэнд дүрслэлийн геометр заадаг байсан Майдарын Туяа багшийн кабинетийн хананд өлгөөтэй барилгын гоё гоё таталбар перспектив, зургууд нүдэнд харагдаад сэтгэл гэгэлзээд байв. Наадам өнгөрөнгүүт  аав ээждээ ч хэлэлгүй хот орж тухайн үеийн Улсын Барилгын Зургийн Төв Институтийн боловсон хүчний хэлтсийн дарга Гомбосүрэн, Монголын Архитекторуудын Эвлэлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан архитектор Шагдарсүрэн нартай уулзаж зарим нэгэн зураг бүтээлүүдээ үзүүлэн сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжийн талаар ярилцав.  Миний аз таарахад  Нэг Маягийн Зургийн Товчоонд дагалдан техникчээр 1 жил ажилласны  дараа Архитектурын сургуульд явахаар институтийн удирдлагуудтай тохиролцож чадсан. Ингээд би 1974 оны намар Ташкентын Политехникийн Дээд Сургуулийн Архитектурын ангид суралцан 1979 онд төгсөж ирсэн түүхтэй. Сургуульд явахын өмнө 1 жил ажилласан маань Архитектор болох гарааны эхлэл болсон гэж боддог.

Эдшил гэдэг  нэрийн   цаад утга нь юу вэ?  Газар усны нэр үү?

-Эдшил гэж хоёр үгний эхлэлээс бүрдсэн нийлмэл үг.  Зах зээлд дөнгөж ороод байсан үед Энхтайван  найрамдлын нийгэмлэгийн дарга байсан Билэгт ах намайг нэгэн халимаг гаралтай америкийн иргэн Эрдэнэ Кулдинов гэдэг хүнтэй  танилцуулж өгсөн.  1993-1997 оны хэцүү үед Эрдэнээ ах маань зун болгон Монголд ирж буйдан хийж зардаг жижиг бизнест маань  тусалдаг байлаа. Тэр ирэх болгондоо 2-3 том чемодан дүүрэн багаж, хэрэгсэл авчирч зөөлөн мебель хийхийг бидэнд заан өгч, түүний ачаар бид янз бүрийн дизайнтай буйдан хийж зардаг байлаа. Түүний туслалцаа хүнд үеийг шударга хөдөлмөрөөр туулахад минь их дэм болсон.  Иймээс түүний компанийн “Ed’s upholstering” гэдэг нэр  миний Шилдээд овгийн эхний үгүүдийг  нийлүүлээд ЭДШИЛ нэртэй  компани байгуулсан. Харин нэрийн маань нэг сул тал нь Э-гээр эхэлсэн болохоор лавлах жагсаалтад хамгийн сүүлд бичигддэг юм билээ. Үүнийг сүүлд анзаарсан.

ORONSUUTS.com

-Танай компанид одоо хэчнээн залуучууд ажиллаж байна.

Манайх нийтдээ 31 хүнтэй.  24 нь зураг төслийн чиглэлээр,  үүнээс 13 нь архитектор, 10 нь төрөл бүрийн инженерийн мэргэжилтэй залуучууд ажиллаж байна.

Танай компани энэ хугацаанд хэчнээн зураг төслийн зураг хийж гүйцэтгэв.

Том жижиг нийлээд 400 гаруй барилгын зураг төслийн ажил хийсэн. Үүний 40-өөд хувь нь хэрэгжсэн байх.   

- Үүнээс зөвхөн орон сууцын зураг төслийг нэрлэвэл?

-   Шинэ төгөл, Хөгжил хотхон, Эрин хороолол, Хос Өргөө, Олимп хотхон, True-L хотхон Park side residence, Шинэ Толгойт хороолол, Саруул дэнж хотхон, Гарден сити гэх мэт

- Жишээ нь Park side residence-ийг хэдий хэрийн хугацаанд зургийг нь хийж дуусгав? Та өөрөө ямар ажлыг нь хариуцан хийдэг вэ?

- Park side residence –ийн эхний ээлж нь 16 давхар, 3 блок барилгатай.  Бид энэ төслийг бараг 3 сар хагасын хугацаанд хийж боловсруулсан. Миний хувьд архитектур, орон зайн эхний үндсэн шийдлийг нь гаргаж өгөөд  бусдыг нь манай залуучууд хийж гүйцэтгэдэг.

- Бүх зүйл хялбар болж, програмчлагдахын хэрээр зураг төсөл зохиох явцад олон дэвшилт зүйл гарсан байх. Наад зах нь цаг хугацааны асуудал дээр.

1973 онд их сургуулийн бэлтгэл ангиа төгсөөд зургийн институтэд ажиллаж байхад манайд төсөв зохиодог ах эгч нар сампингийн дараах үеийн гараар эргүүлдэг тооны машин хэрэглэдэг байлаа. Тэр үед тооны машин дөнгөж орж ирж байсныг санаж байна. Бид ч 1998 он хүртэл бүх зургаа гараараа зурж байлаа. Дунд зэргийн барилгын зураг хийхэд 10-аад хүн 3-4 сар сууж зурдаг байсан бол одоо компьютерээр ийм хэмжээний ажлыг 6 хүн ганц сарын дотор амжуулах боломжтой болсон. Компьютер нь зураглал, тооцооны ажлыг маш хурдтай болгож байна. Гэхдээ мэдээж зохиох, шийдэх ажлыг хүний толгой л хийсээр байх болно. Сүүлийн үед, хөгжингүй орнуудын барилга, хөрөнгө оруулалтын бизнест BIM /building information modelling/ гэж нэрлэгддэг төлөвлөлтийн цогц програмчлалын систем нэвтэрч байгаа нь онцгой үйл явдал болох төлөвтэй байна. Манайд  зарим нэгэн тодорхой тооны хүмүүс энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн боловч,  барилга нийт салбараараа, бүх түвшин, чиглэлээр олон өөрчлөлт зохицуулалт хийх шаардлага, хүндрэлтэй асуудал тулгарсаар байна. 

- Өнөөдөр Архитектор хүний ширээн дээр цаас харандаа байхгүй болж компьютер бүх зүйлийг нь орлож байна шүү дээ.

 - 1980-аад онд  харандаа, баллуур, гүйдэг шугам, ваатман цаас, туш, харандааны кальк,  миллиметровка, төрөл бүрийн шаблонууд гээд олон төрлийн багаж хэрэгсэл агссан налуу ширээний ард цагаан халад өмсөн зурж суудаг байлаа шүү дээ. Өнөөдөр архитектор хүний ширээн дээр өнгийн фломастер, гар утас, компьютер дэргэд нь принтер л байхад бараг болдог болжээ.

ORONSUUTS.com

-Зураг төслөөр дагнан мэргэшсэн монголдоо эхний 5-д орох  компаниудыг нэрлээч гэвэл.

Одоо шууд ингээд амархан нэрлэх хэцүү л дээ. Номинаци, ямар нэгэн рейтинг, жагсаалт хаана ч одоогоор хийгдээгүй байгаа. Өөрийнхөө мэдэх ууган, тогтвортой ажиллаж байгаа компаниудаас Эрчим Төсөл, Балданз, Би Ти, Хатанбаатар, Кон Консалтинг зэрэг компаниудыг юун түрүүнд дурдах хэрэгтэй. Өнөөдөр манай салбарт залуу компаниудын төлөөлөл шинэ үеийнхэн болох Измон, Пи Си Ди Пи, Эн эй Пи, Интелект Тауэр зэрэг эрчимтэй өсөж яваа компаниуд бас байна.

- Уучлаарай, Ганболд захирал аа би зураг төслийн компаниудыг бараа зарна гэж зовохгүй, хар бор ажилтай зууралдаад байхгүй  эрсдэл багатай оюуны бизнес гэж боддог.

-  Бид нарыг хүмүүс цаас худалдаж их хялбархан мөнгө олдог гэж боддог байж болох юм. Гэхдээ тэр хүний боловсрол, инженер техникийн талын мэдлэгээс болно. Манай орны хувьд зураг төсөл зохиодог ажлын хэдэн онцлог байдаг. Монголд мебель, хувцсыг эс тооцвол биднээс өөр цаасан дээр биет зүйлийг зохион бүтээдэг мэргэжил ч уламжлал ч байхгүй. Иймээс хүмүүс амар ойлгодоггүй болов уу. Бидэнд захиалагч талын асар их мөнгийг зөв  өгөөжтэй зарцуулах хариуцлага ирдэг. Зураг төсөл маань сайн болсон бол захиалагч тал ямар ч чимээ өгөхгүй таг алга болдог. Харин буруу зураг хийсэн бол захиалагчийн талд асуудал үүсгэж олон дуудагдах жишээтэй. Гадаадын нэг судалгаагаар хамгийн их стресстэй ажлын  хоёрт манай мэргэжлийг оруулсныг уншиж байсан. Яагаад ингэж үзсэн юм бол гэж өөрөөсөө би асуухад хүрсэн. Миний бодлоор зохиолч, зураачид шиг өөрийн онгод, тааваараа, босон суун туурвидаггүй гэрээний давчуу хугацаанд сайн бүтээл хийх гэж стрестэй байдагт болов уу.  Зарим оронд ноцтой алдаа гаргавал хүнд ял тулгадаг хуультай холбоотой байж болох юм.

 Барилга бүтэх явцын тулгийн гурван чулуу  Зураг төсөл, Захиалагч, Гүйцэтгэгч гэж би ойлгодог. Магадгүй зураг төслийг  суурь ч гэж хэлж болох байх. Гэтэл ийм чухал мэргэжлийн салбар нь  барилга угсралтын сүр хүч, нэрийн дор, ард нь хоцорч бараг дурдагдахгүй юм. Үүний нэг тод жишээ шинэ орон сууцын  реклам зар сурталчилгаа танилцуулга дээр Зураг төсөл зохиогч компани гэж бараг бичигддэггүй үлддэг.

Хүмүүсийн огт анзаардаггүй зүйлийг чи олж харжээ. Сайн байна. Манай салбарын зарим хүмүүс ч архитектор инженер гэсэн 2 мэргэжлийг ялгаж ойлгодоггүй тохиолдол бий. Үүнтэй адил нийгэм маань хэн зохиосон, аль компанийн зураг төсөл вэ?  гэж авч үзэх нь арай болоогүй байх шиг санагддаг. Дуучдыг сайн мэддэг хэр нь  ая, үгийг нь зохиосон зохиолчдыг төдийлөн мэддэггүйтэй адилхан юм л даа. Өндөр хөгжилтэй, суурин соёлтой улс оронд ямар ч барилгын төслийн тухай яригдахад заавал Архитектор, Зохиогчдын тухай дурдсан байдаг. Ялангуяа өвөрмөц онцлог барилгын төслүүд дээр архитектор нь хэн, зургийн зохиогчид нь хэн бэ гэдгийг нь онцгойлон анхаардаг. Нэртэй том архитекторуудын төслөөр баригдсан бол олон нийтийн анхаарал, сонирхлыг татаж, бараг реклам нь болдог шүү дээ. Өнөөдрийн нийгэм, олон нийтийн сэтгэлгээ, хөгжлийн түвшинд  тухайн барилгын эзэн нь хэн бэ? өнгө зүс, үнэ өртөг нь ямар вэ гэж сонирхож байгаа болохоос биш Зохиогч, Гүйцэтгэгч хэн бэ гэх нь бага байна л даа.

 - Ер нь зураг төслийн үнэлгээний дундаж үнэ хэд байдаг юм вэ?

- Зураг төслийн ажлын жишиг үнэ БД 81-16-12 гэсэн зөвлөмжийн дүрэм байдаг. Энэ дүрмийн дагуу тооцож үзээд наймаалцаж гарна даа. Чанарыг бууруулахгүйгээр, яавал бага үнэд тохируулан ажлаа хөнгөвчилж, алдагдалд орохгүй  байх вэ гэсэн зарчим баримталдаг. Захиалагчийн зураг төслийн ач холбогдлыг хэр ойлгохоос ихээхэн шалтгаалж гэрээлж байна. Яг тэд эд гэсэн тогтмол тоо байхгүй. Гадаадад бол зургийн үнэ тухайн барилгын нийт өртгөөс хувилж 5-8%, зарим тансаг жижиг барилгад 10% -д ч хүрдэг. Сингапурт гэхэд өртгийн 6.5-аар тооцдог журам гэж байна. Яг одоо манай зах зээл дээр, жишиг үнээр тооцож чадвал барилгын нийт өртгийн 1-2,5% болж таардаг. Барилгын овор хэмжээнээс бас шалтгаалах нь ойлгомжтой. Жишээ болгоход 300 мкв талбайтай барилгын 1мкв –ийн зургийн нэгж үнэ 20,800 төгрөг байхад 3000мкв барилгынх 12,300 болж буурах  жишээтэй.

- Зургийн компаниуд нэг ижил зурсан зургаа хуулбарлан зарах тохиолдол гарвал,  үүнийг яаж зохицуулдаг вэ ?

- Бид хэн нэгэн захиалагчид зориулж 10 давхар орон сууцын зураг зохиожээ гэж бодъё. Тэр цаасан дээр буусан биет баримт бичиг нь захиалагчийн өмч болдог. Түүний биет бус  оюуны бүтээл, шийдэл нь зохиогчийн өмч байдаг. Иймээс захиалагчид зориулан өөр цаасан дээр давтан тохируулж, ашиглаж болдог. Тэглээ гээд маргаан  гараад байдаггүй.

- Зарим нэгэн компаниудын шинэ орон сууцын өрөөний зохион байгуулалтын зураг харж байхад  нэг их гонзгой, эсвэл ашиггүй урт коридор гэх мэт өрөөний хэмжээг нь алдсан зургууд нэлээдгүй байх юм. Яагаад ийм зураг гардаг юм вэ?

Наад асуудал чинь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгд: Захиалагч тал маш бага хугацаа өгснөөр зураг төслийг яаруу сандруу гаргах явдал тохиолддог. Хоёрт: Газрын байршил,  давчуу орон зайнаас болоод зарим нэгэн өрөөг золиослох явдал байна. Гэхдээ сайн архитектор үүнийг шийддэг байх хэрэгтэй. Япон Солонгост зай талбайг маш сайн ашиглаж байна. Бид үүнээс суралцах хэрэгтэй.

Барилгын явцад захиалагч компани зураг төслөө өөрчлөх явдал хаа сайгүй байх юм. Ялангуяа өрөөний зохион байгуулалт дээр. Баталсан зураг төслийг ингэж хаа хамаагүй өөрчилж болдог юм уу?

Зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчилж болно, болохгүй гэсэн хоёр асуудал байна. Юу болохгүй вэ гэвэл барилгын даацад нөлөөлөх үндсэн бүтээц, үндсэн төлөвлөлт, овор хэмжээ, ихэнх тохиолдолд инженерийн системүүдийн үндсэн шийдлийг өөрчилж болохгүй. Зарим нэгэн гарцаагүй өөрчлөлтийг зохиогчийн зөвшөөрлөөр өөрчилж болдог. Даацын бус хамар хануудыг зөвшилцөн өөрчилж болно. Бүр жижиг, тухайлбал чимэглэл өнгөлгөө маягийн зүйлийг заавал зохиогчоос зөвшөөрөл авах шаардлагагүй. Хамгийн гол нь  барилгыг хүлээлгэн өгөхдөө өөрчлөлтүүдээ үзүүлсэн гүйцэтгэлийн зураг үйлдэж баримтжуулсан байх шаардлагатай.

- Тэгвэл өөрчлөлт болгондоо зохиогчоос гарын үсэг авах ёстой юу?

- Утсаар яриад тохиролцох асуудал ч байж болдог. Заавал газар дээрээ уулзаж байж шийдэх асуудал дийлэнх байдаг. Янз бүр.

Зураг төсөлтэй холбоотой хууль эрх зүйн актууд хэр хангагдсан байдаг вэ?

- Манай зураг төслийн ажилд ашиглагддаг 200-аад норм стандарт, дүрэм журам байдаг гэж үздэг. Зарим нь хуучирсан, буруу тусгагдсан заалтууд зөндөө л бий. Зураг төсөл боловсруулах, зөвшөөрөлцөх, батлах зэргийн журмууд нь хуучирсан, сайжруулах шаардлагатай байна. Ялангуяа, Магадлалын болон Мэргэжлийн зэрэг, Тусгай зөвшөөрлийн журмыг  боловсронгуй болгох шаардлагатай. Норм дүрэм гэвэл "Хот төлөвлөлтийн норм"  гэж байна. Үүнийг хэрэгжүүлэхэд боломжгүй. Тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй. 1990 оны үед  гарсан норм л доо. Мөрдөхөд хэцүү, мөрдөхгүй байж болохгүй ийм зүйлүүд зөндөө байна. Жишээ нь: Өнгөрсөн жилжин  Өдрийн сонин,  Астра буйлдинг хоёрын хооронд үүссэн маргаан, 120 мянгатад баригдаад буулгах дээрээ тулсан барилга байна. Норм стандартын уялдаа холбоогүй, хяналт буруу тавигддагаас үүссэн л асуудал. Дээрээс нь хот төлөвлөлтийг хариуцан баталгаажуулж байгаа мэргэжлийн хүмүүсийн мэдлэг, туршлага нимгэнээс гарч байгаа олон асуудал байгаа.

ORONSUUTS.com

-  Ноднин жил Нийслэлээс нэг тогтоол гарч тэр нь та нарын хооронд их асуудал үүсгэсэн юм шиг байгаа юм. Тийм л мөрдөж болмооргүй тогтоол байсан юм уу?

- НИТХ-аас гаргасан 2015 оны 4 сарын 10 ний 5/14 тоот тогтоол гэж бий. Тэр тогтоол дээр архитектурын төсөл зохиох “хүн төрөлхтний технологийг” зөрчсөн заалт байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Архитектор хүн төлөвлөлтийн даалгавар гараагүй байхад барилгын эскизийн төсөл дээр ажиллаж болохгүй гэсэн утга санаатай заалт байгаа юм. Энэ нь хөрөнгийн эзэн эхлээд ямар хэлбэр хэмжээтэй барилга хүсэж байгаагаа архитектортой зөвлөхгүйгээр дарга нараас ямар барилга барихаа заалгана гэсэн үг л дээ. Ийм орчинд яаж архитектурын тухай ярих вэ дээ. “Тусгай” хүмүүсийн төсөл болохоор жам ёсоор явах нь ойлгомжтой.

- Зураг төсөл хэчнээн хэсгээс бүрддэг юм вэ?

- Архитектур, технологи; Барилгын бүтээц; Халаалт, агаар сэлгэлт; Усан хангамж; Цахилгаан;  Холбоо дохиолол гэх мэтийн үндсэн 6 хэсгээс бүрддэг. Мөн ландшафт, автоматик, ухаалаг систем, галын систем, дууны систем, интерьер, төвлөрсөн тоос, цэвэрлэгээний гээд олон нэмэлт хэсгүүд заримдаа шаардагддаг. Энэ бүхэнд чинь олон мэргэжлийн инженерүүд ажиллаж оролцдог юм.                                       

- Зураг төслийн тодорхой мэдлэгтэй  хүн л зураг захиалахгүй л бол учрыг нь ойлгохгүй юм байна.

-  Заавал мэдлэг хэрэгтэй байх шаардлагагүй. Бид тайлбарлаж харилцан ярилцсаны дараа ойлгоно оо.

- Захиалагч,  гүйцэтгэгч нарын хооронд зураг төсөлтэй холбоотой маргаан гарч, шүүхээр шийдвэрлүүлж байсан тохиолдол байдаг юм болов уу?

-  Тийм сүртэй том асуудал гарч байгаагүй.

-Танай компани СБ дүүрэгт шинэ орон сууц бариад захиалга авч байгаа. Та анх удаагаа орон сууц барьсан гэсэн . Орон сууц барих хэцүү байв уу? 

- Бид зөвхөн цаасан дээр зурж бүтээн байгуулалт хийдэг байлаа. Тэгээд хэдэн жилийн өмнө өөрийнхөө газар дээр 2 блок 71 айлын орон сууцын барилга эхлүүлсэн. Барилга эхлээд ашиглалтад өгөх хүртэл 7 жилийн хугацаа зарцуулсан. Нэг талаас хөрөнгө мөнгө, санхүүжилт удаашралтай байсан. Нөгөө талаас  барилгаа яарч бариагүй.  Барилгын ажилд ажилчдын сахилга бат, ур чадвар, туршлага дутах, ажлын талбайн орон зайн давчуу байдал гээд олон хүндрэлтэй асуудлууд  гарч байсан ч  аюул осолгүй дуусгасан. Харин дууссаны дараа хөршийн газар руу 40 см орсноос болж гэрчилгээгээ авч чадахгүй бараг 9 сар болсон. Манай барилга газрын хэмжээ, байршлаасаа болоод энгийн бус шийдэл, дизайнтай барилга болсон. Энэ барилга дээрээ зураг төслийн компанийн бүтээл гэдгийг илэрхийлэхийг зорьж хичээсэн.  

ORONSUUTS.com

- Зураг төслийн захиалгыг яаж авч байна. Захиалагч компани үнийн санал авдаг юм уу, эсвэл уралдаан шиг юм зарладаг юм уу.

- Манай компанийн хувьд зар  сурталчилгаа гэж хийдэггүй, сайтаа ч ажиллуулж амжаагүй байгаа. Захиалагчид маань өөрсдөө асууж ирдэг. Голдуу  хуучин захиалагчид байдаг. Бараг 100% хувийн хэвшлийн захиалга дээр ажилладаг. Төсвийн санхүүжилттэй ажлууд их асуудалтай. Өвчилсөн хүнийг аль болох сайн эмчээр  үзүүлэхийг боддог шүү дээ. Тэгэхэд төсвийн ажлууд эсрэгээр, дайсныхаа шархадсан цэргийг алив найраатай эмчид хүргэж, түүнээсээ хувь хүртдэг юм шиг. Дээр нь зургийн даалгавар нь үндэслэл тооцоо муу, бүтээлчээр хандах боломжгүй байдаг.  Буруу хийгдсэн бол дагаж буруу хийх хэрэгтэй болно.  Яг л  эзэнгүй ч юм шиг. Ялангуяа  зураг төслийн тендер онцлогтой байх ёстой. Тайлбарлая л даа, барилга угсралтын компаниудад тендер зарлах нь гарцаагүй. Баригдах гэж байгаа барилгын овор хэмжээ, шийдэл нь зураг төслөөрөө тодорхой болсон байдаг тул үнээрээ уралдах нь зөв. Харин зураг төслийн тендерт техникийн, санхүүгийн  гэсэн 2 саналын санхүү, үнийн санал нь бага дүнтэй, дээр нь жишиг үнийн бэлээхэн дүрэмтэй тул үнээр өрсөлдүүлэх нь утгагүй. Харин техникийн санал нь илүү ач холбогдолтой тул харьцуулж сонгох буюу уралдаан хэлбэртэй байвал улс оронд маань хэрэгтэй л дээ. Гэтэл шалгаруулалт нь “өөр маягийн техник асуудалтай” зууралдаад явчихдаг. Барилгын ажил эхэлж, тэрбум, тэрбумаар мөнгө урсах үед зургийн сайн, муу нь ойлгогдож эхэлдэг бөгөөд галт тэрэг нэгэнт хөдөлсөн байдаг тул бурууг нууж, сайныг тэнгэрт тултал рекламдаад өнгөрнө. Ер нь өнөөгийн тендерүүдийг хараад байхад маш олон ач холбогдолгүй жижиг  шаардлагуудтай. Үүгээрээ “найраагүй” оролцогчдыг унагаж “ганцыгаа” авч үлддэг юм шиг санагддаг. Бид бие биеэ сайн мэддэг болохоор инээгээд л өнгөрдөг дөө. Манайх нэг удаа тендерт оролцоод 40 мөнгөний татварын өртэй гарч хүчингүйд тооцогдож байсан түүхтэй. Харин хувийн хэвшил, хувь хүнтэй бол шууд нүүр тулж уулзаад чадах чадахгүйгээ ойлголцоод шийддэг нь амар санагддаг.

Ноднин жил  2015 оны 10 сард Сөүл хотноо болсон “Дэлхийн 100 Архитектор” олон улсын архитектурын үзэсгэлэнд Оюу толгой компанийн захиалгатай таны төсөл шалгарч тавигдсан юм билээ.

Тийм ээ. Манайх салбартаа томоохон тоглогчдын нэгд  тооцогддогийн хувьд, сүүлийн 5 жилд хийж бүтээсэн төслүүдээсээ энэ үзэсгэлэнд оролцуулах урилга хүлээн авсан юм.  Бид, Оюу Толгой ХХК-ийн захиалгатай, Шинэ Даланзадгадад баригдах Уул уурхайн жишиг сургуулийн зургаар оролцсон. Том компанийн, боломжийн үнэлгээтэй  захиалга болохоор бид хичээж ажилласан. Энэ төсөл маань шилдэг 100-д багтсанд  баяртай байгаа. Энэ цогцолборын онцлог гэвэл газар хөдлөлийн өндөр эрсдэлтэй байрлалд энгийн, найдвартай схемээр, үе шаттайгаар барилгажих боломжийг хангасан кампус  маягаар  төлөвлөгдсөн. Говийн бүс гэдгээр нь дундаа 4 улирлын цэцэрлэгтэй болгож Патио төлөвлөж өгснөөрөө бас өвөрмөц зураг төсөл болсон.  

ORONSUUTS.com

- Нууц биш бол энэ хэмжээний томоохон төсөл хэдэн саяар хийгддэг вэ?

Дагалдах бүх ажлуудыг багтаагаад туслан гүйцэтгэгч нартайгаа нийлээд нийтэд нь 464 саяар хийж өгсөн. Авах мөнгөний хэрээр хийх ажил их шүү дээ .

-  Хот төлөвлөлийн талаар таны бодол.

Хүн бүр өөрийн салбарыг амин чухал гэж ярьдаг нь зүйн хэрэг юм. Үүний нэгэн адил би ч гэсэн архитектор хүний хувьд хот төлөвлөлтийн асуудлыг илүү амин чухал гэж үздэг.        Яагаад амин чухал вэ гэвэл товчхондоо монгол хүний ирээдүйн амьдрах орчны соёл чухал уу үгүй юу гэдэг асуудал юм. Хот төлөвлөлтийн ялгаатай тал нь барилга, байгууламжтай  адил өрдөг тоглоом шиг буулгаад, засаад дахин барих боломжгүй. Газар өмчлөл, эзэмшлээс болоод засвар оруулах боломжгүй болдог. Болсон ч олон их наяд төгрөг хэрэгтэй. Иймээс, эхлээд хотоо заавал төлөвлөсөн байх хэрэгтэй. УБ хотын нийт суурьшлын 80 гаруй хувь болсон захын дүүргүүд төлөвлөлтгүй байна. Ийм байж, хааш яаш хатгасан хашааны газраа өмчлөлд өгөөд байгаа нь хорлонтой. Дахин төлөвлөлт гэж аргаа барсан ажил хийх гэж үзэж байна шүүдээ. Өнөөдрийн Улаанбаатар хотын хот төлөвлөлтөөс Зөвлөлтийн архитекторуудын эхлэлийг нь тавьж үлдээсэн, “соц” үеийн гудамж замын сүлжээ л жаахан эмх цэгцтэй болж үлдсэн. Газар нь түрүүлэх үү, төлөвлөлт нь түрүүлэх юм уу гэсэн философи маягийн асуултад уначаад байгаа юм. Газрын тухай хуулийн үндсэн үзэл санааг сонгогчдод тал засах зорилготой цагаа олоогүй хууль гэж үздэг шүү.

Танайх одоо ямар төсөл дээр ажиллаж байна.        

- Бид одоогоор жижгэвтэр 6 төсөл дээр ажиллаж байна. 2 томоохон ажил дээр гэрээ хэлцлийн шатандаа явж байна. 

- Та яриандаа англи үгийг байнга хэрэглэх юм. Та англиар чөлөөтэй ярьдаг уу?

- Бага сага мэднэ ээ. Оюутан байхаасаа оролдож байлаа. 1984 онд МУИС-ийн Оройн Англи хэлний 2 жилийн курст ажлынхаа зав чөлөөгөөр алдаг оног явж суралцсан. Мөн Н.Энхбаяр, С.Баяр зэрэг томчуудтай хамт сурч байсан шүү.

- Асуулт бүрт минь илэн далангүй ярилцлага өгсөн танд баярлалаа.

ORONSUUTS.com

Хуваалцах - 20 Жиргэх
Сэтгүүлч: П.НАРАНМАНДАХ

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд

2019-07-12 16:20   Dr, louis
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад dr.louisclinic@gmail.com хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Учир нь бид бөөрний эмнэлэгт яаралтай хэрэгтэй эсвэл 918704214690
имэйл: dr.louisclinic@gmail.com
whatsapp: 1- (725) 2017759
Үнэ: $450,000usd
2017-01-01 10:46   Н.Намуунаа
Хөдөлмөрч, хүн чанартай сайн хүн юм аа. Ярьсан бүхэн нь ухаантай санагдлаа... Амжилт!
2016-08-19 23:00   зүрх судас
Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах үйлчилгээтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга билчэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
2016-08-19 09:45   werty
Dajgui hodolmorch ah, joohoon biznes talruugaa hogjchihson
2016-08-19 08:27   зочин
Манай татварынхан 40 мөнгөний татварын өрийг хүртэл тооцож ажилладаг гэнээ . Энэ долоо хоногийн шилдэг онигоогоор шалгарах байхаа
2016-08-17 06:33   mctt
erdemtei hun daruu, ih murun dulguun gej, mash shan engiin hun. bid bas jijig tusul deer zahialga ugun hamtarch ajillaj bsan.
2016-08-17 00:07   Агуу юм энгийнээс
Мундаг л юм. Гэхдээ төрийн ажлыг сайн ойлгодоггүй л юм шиг дутагдал байна. Тэндэрийн энгийн шаардлага бүрийн цаана нарийн хариуцлага байдаг юм шдээ.
2016-08-16 05:22   Оюу
Чадварлаг архитектороос гадна хүн сайтай хүн дээ тусч, энгийн даруу жинхэнэ мужик л гэж хэлнэ.
2016-08-16 05:20   Оюука
Мундаг хүн шүү амжилт хүсье