

АЖЛЫН ӨДӨР ярилцлагын буланд MAD urban компанийн гүйцэтгэх захирал Ц. Уянга уригдан оролцлоо. Твиттер хэмээх ертөнцөд өөрийн байрь суурь, үзэл бодлоо ЭЛИЙРЭГЧ нэрээр чөлөөтэй илэрхийлдэг хурц үгтэй дайчин бүсгүй. Түүний монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан шинэ стандарт, сервис үйлчилгээний талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр үл хөдлөх хөрөнгийн цаашдын хөгжилд чиг нь болох дамжиггүй. Ингээд та бүхэндээ түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

- Хоёулаа ярилцлагаа нэг сайхан түүхээр эхэлье. Танай өвөө 40-50 мянгатын бүтээн байгуулалтанд гар бие оролцож 2 өрөө байраар шагнуулсан гэсэн. Нэр алдар нь хэн гэдэг хүн байв?
- Манай үеийн 70-80 оны хүүхдүүд ихэвчлэн эмээ, өвөө дээрээ өсдөг байлаа шүү дээ. Тэр үеийн гадаадад сурч байсан ээж аавын хаяул хүүхдүүдийн нэг. Хяналтын системийг аав ээжээсээ олсон бол гэрийн хүмүүжил, ертөнцийг үзэх үзлийг эмээ өвөөгөөсөө авсан. Манай өвөөг Гэндэндаржаа гэдэг. Тухайн цаг үедээ нэр хүндтэй алба хашиж хоёр дайнд оролцож явсан хурандаа хүн байсан. Өвөө маань Маршал Чойбалсан, Цэдэнбал даргатай хамт ажиллаж, улс орны бүтээн байгуулалтын ажлуудын протоколуудыг хөтөлж явсан, одоогийнхоор бол төрийн захиргааны менежер гэх юм уу даа. Түүхийн амьд гэрч болсон хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн. Зөвхөн хотын төвийн барилга гэлтгүй монголын анхны хот төлөвлөлтийн бодлого боловсруулахад оролцож, хэрэгжилтэнд нь хяналт тавьж, үндсэн менежментийг нь ахлаж явсан хүн. Өвөө маань өндөр насалж олонд хүндлэгдсэн буянтай буурал байлаа.
- Цэрэндоржийн гудамжтай холбоотой асуудал дээр нэг хүн “Уянга гэдэг хүнд оролцохгүй сэдэв гэж алга” гэж нэг пэйж дээр бичсэн байсан. Уг нь би таны ажил үл хөдлөх хөрөнгийн салбар, ялангуяа 40, 50 мянгаттай холбоотой гэж бодож байтал өвөөгийх нь бүтээсэн байгуулсан барилга түүний эргэн тойрон дахь зүйлийг хамгаалах нь зүйн хэрэг юм байна гэж бодсон.
- Чи буруу бодоод байна. Хотын төвийн 40, 50 мянгатыг байгуулцаж байсан хүний үр сад гэдэгтээ ч гол нь биш. Миний ажиллаж байгаа салбарын гүйцэтгэсэн төсөл хөтөлбөрүүд хүссэн хүсээгүй хот төлөвлөлттэй холбогдож ирсэн. Манай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл хот төлөвлөлтийн судалгаа, үл хөдлөх хөрөнгө оруулалтын зуучлал, зөвлөх үйлчилгээ, зах зээлийн орчны судалгааг голлон гүйцэтгэдэг. Олон Улсын RICS гэдэг байгууллагаар итгэмжлэгдсэн бөгөөд бидний үндсэн зорилго бол хот төлөвлөлт, хотын үнэлгээний стандартыг олон улсын төвшинд тогтоож гаргадаг байгууллага. Нэг ёсондоо RICS –ийн стандарт гэдэг нь хот төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээний Библи гэсэн үг. Энэ хүрэхийн тулд бид 8 жилийн цаг хугацааг зарцуулсан. Хотын талаар одоогийн хүмүүсийн бодож байгаа шиг надад төөрөгдөл байсан.
Харин энэ салбарт олон жил ажилласны хувьд ХОТ ГЭДЭГ ЮУ ВЭ? гэдэг ойлголтын суурийг олж авсан.
Миний үзэл бодол шууд 360 градус өөрчлөгдсөн гэж хэлж болно. Өндөр шилэн барилга баригдаж, олон унаа машинтай болж, давхар гүүрэн замтай, хэт динамик ачаалалтай болсоноор гоё хоттой болно гэсэн үг биш юм байна. Хот гэдэг яг л хүн шиг амьд организм, биеийн анатомийн бүтэцтэй нарийн систем юм.
- Өөрөө Цэрэндоржийн гудамжны барилгын ажлыг эрс эсэргүүцэж байгаа хүний нэг. Гэтэл 2014 онд Ikon.mn Өглөөний зочинд орохдоо “ ... чадвал газар доорх байгууламжуудыг хөгжүүлэх л хэрэгтэй. Харин дээр нь байгаа хөрөнгүүдээ улам ихээр засан сэлбэж, чанарыг нь сайжруулж, орчныг нь эрүүлжүүлж, гоёмсог сайхан экстерьертэй, үзэсгэлэнтэй болгож байж үнэлэмжийг нь нэмэгдүүлэх ёстой” гэж хэлж байсан байна. Тэгэхээр хэдхэн жилийн өмнө ярьсан зүйлийнхээ эсрэг яриад байгаа юм бишүү гэж бодоод байна л даа.
- Тэр миний ярьсан зүйлийн агуулга арай өөр, байгууламж гэдгийг өөр утгаар хэлсэн. Миний хэлж байгаа энэ санаа нь аль 5000 мянган жилийн өмнөөс эхтэй, хотын дэд бүтцийн сүлжээний менежментийг хэлж байгаа юм. Тэр үед л гэхэд эртний Византын үеийн хотууд ундны усан сангаа өөр хоорондоо холбоотой бүхэл бүтэн холбоост инженерийн аргаар шийдсэн байсан гээд бодоод үз дээ. Газар доорхи байгууламж гэдэг хотын дэд бүтцийн шугам сүлжээ, хүн болон тээврийн хэрэгслийн гарц орц нь нэгээс нөгөө рүү шилждэг, үйлчилгээний төвүүд болон метроны шугам, авто зогсоолуудтай холбогддог бүхэл бүтэн цогцолбортой шийдлийг хэлдэг. Энэ Цэрэндоржийн гэх төсөл нь олон нийтийн эрх ашигт зориулагдсан газар доорхи инженерийн шугам сүлжээ бүхий байгууламж биш. Харин хэсэг бүлэг хүмүүсийн арилжааны өмчлөлийн зориулалттай газар доорхи үл хөдлөх хөрөнгийн барилга байхгүй юу. Энэ байгууламж хаашаа юутай холбогдох гээд байгаа юм. Дээгүүр болон доогуур нь явж байгаа кабелийн шугам, магистралийн шугам нь байгууламжтайгаа хэрхэн, яаж холбогдох юм. Машингүй гудамж гээд л байгаа. Тэгвэл машины зогсоолыг доогуур нь яаж оруулах , олон нийтийн ногоон байгууламжийн талбайг яаж нэмэгдүүлэх гээд байгаа юм гэх мэт зөндөө асуудлууд байна. Гэтэл энэ бүх зүйлийг хангаагүй байж зөвхөн бизнесийн байгууллагын эрх ашгийн дагуу хийгдэж тооцоологдсон нь харамсалтай.
Тодорхой бүлэг хүмүүсийн сонирхолыг илэрхийлсэн газар доорхи барилга болохоос биш иргэд, олон нийтийн хэний ч асуудлыг шийдэхгүй зүйл байгаа юм. Дараачийн асуудал Land mark гэдэг ойлголт. Гадаргуу дээрх төлөвлөлт. Гадаргуу дээрх төлөвлөлт хийгээгүй байж барилга яриад байх юм. Тэр барилгыг хэн ашиглах юм. Өдөрт хэдэн насны хичнээн хүмүүс гарч орох. Тэр хүмүүст ямар нөхцөл байдлыг нь хангах юм. Энэ бүгдийг гаргаж өгөөгүй байж дизайны зургаар төсөөлж ерөөсөө болохгүй. Төлөвлөлт гэдэг зүйл хамгийн чухал. Нэг зорилтот цэгээс нөгөөдөх рүү шилжихгүй бол царцаамал үхмэл хот болно гэсэн үг. Гэтэл өнөөгийн Цэрэндоржийн гудамж маань нийгмийн бүхий л бүлэг, давхаргын соёл ахуй, хөдөлгөөн, ая тух, солбилцол, харилцан шүтэлцээг бүх хэлбэрээр хангасан, хотын үнэт өв болсон газар. Энэ гудамж газар доорх зогсоолд зориулагдсан машин холхиж, сигнал хангинасан газар болбол бид гэртээ ч унтаж чадахгуй, тав тухгуй, үнэлгээ унасан газарт амьдарна. Ер нь бол бидний амьдралын ихэнх хугацаа, мөчлөг, харилцаа, соёлын солилцоо маань гудамжиндаа л өнгөрдөг. Гудамж гэдэг бидний амьдралын салшгүй чухал хэсэг. Бидэнд Land mark буюу харах, хүрэх, шүргэлцэх хараа, авиа харилцааны задгай орон зайн тун цөөн үлдсэн. Хол ойрыг хараа шилжүүлэн харах, амрах, нас, хүйс, нийгмийн гарлаас үл хамааран нийгэм харилцааны холимогшил бүрдсэн газар. Гэтэл хотоос иргэдэд танилцуулсан зүйл юу ч байгаагүй. Нийгмийн төлөвлөлтийг нийгэмд оролцож байгаа, өмчилж байгаа хамтрагч нартай нь ярилцаж, зөвлөлдөж хийх хэрэгтэй. Тийм байсан ч ганц барилгын төслийн төлөө хотынхоо хамгийн үнэт газар луу дайрч, давшилдаг байж болохгуй.
- Би харин нэг зүйлийг гайхаад байгаа юм. Тендерт хичнээн байгууллага оролцсон талаар мэдээлэл олж сонссонгүй. Та нарт энэ талаар мэдээлэл байна уу?
- Тендер бид нарын мэдээгүй байхад сонгуулийн үеэр болсон юм бишүү. Хэрэгжүүлэгч нь Бүти гээд нэг компани сонсогдоод байгаа. Би энэ салбарт олон жил ажилласан ч тэр компанийн талаар огт мэдэхгүй юм байна. Бүти гээд компанийн бүтээн байгуулалт, борлуулалтын хэмжээ нь үл хөдлөх хөрөнгийн архивт байдаг юм уу?
- Бүти бол манай үндэсний томоохон компаниудын нэг л дээ. Олон барилгын төсөл дээр ажилласан.
- Захиалагч нь хот, хэрэгжүүлэгч нь Монголын Барилгын Үндэсний Ассоциаци гэж байгаа. Тэгэхээр төрийн бус байгууллага тендерт оролцож болдог юм уу? Оролцож болдог юм бол ямар ямар компаниудтай өрсөлдөж Бүти төслийг нь авсан юм. Ихэнх барилгын компаниудыг нэгтгэсэн 150 гаруй гишүүнтэй ассоциаци гээд байгаа. Тэгэхээр Ассоциаци нь дангаараа тэр байгууллагуудыг төлөөлж оролцож байгаа бол өөрийнхөө гишүүдтэйгээ өрсөлдсөн болж байна уу? Олон нийтэд энэ талаар үнэндээ ямар ч мэдээлэл алга.
- Та нарын энэ эсэргүүцлийг хичнээн хүн дэмжиж байна.
- Дөрөвдүгээр хороонд оршин суугчдыг оруулаад нийт 2000 гаруй хүний гарын үсэг цугларсан байгаа. Ер нь бол энэ зүйл зөвхөн 4-р хорооны нутаг дэвсгэрт хамааралтай иргэдийн асуудал биш. УБ хотын нийт иргэд 1,300,000 хүмүүсийн өмч. Бидний хувьд Улаанбаатар хотод байгаа ганц өргөн чөлөө шүү дээ.
- Хэдэн жилийн өмнө CENTRAL TOWER барих тэр үед маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Одоо энэ барилга манай хотын төвийн чимэг болоод байна шүү дээ. Магадгүй өрөөсгөл хандаад байж болох юм.
- Бид чинь тусгаар тогтносон улс. Бусад улс, орнуудын түүхийг авч үзье. Цагаан ордон Вашингтон бол Америкийн 50 мужаас бүрдсэн холбооны улсын нийслэл. Үнэндээ цагаан ордон бол учиргүй нандин уран барилга бол биш. Тэр том хөрөнгөтөн улс, дэлхийн их гүрэн гэхэд манайхаар бол даруухан лагерийн байшин шиг л харагддаг байхгүй юу. Гэтэл ердийн нэг холливуудын од, нэртэй бизнесменүүдийнх нь харшийг харвал ямар байдаг билээ. Харин Цагаан ордны хашаанаас гараад эргэн тойронд нь 2000 радиус дотор юу ч байхгүй. Энэ бол тусгаар улсынхаа нэр хүнд, сүр хүчийг харуулж байгаа хэрэг. Иргэд нь төрөө дээдэлдэг, төр нь ард түмнээ төлөөлдөг. Хэн нэгний хувийн эрх ашгийг төлөөлдөг зүйл биш гэдгийг илэрхийлдэг. Central tower баригдлаа гээд Төрийн ордон үнэтэй болоогүй л биз дээ.
- Танай компанийн M.A.D гэдэг үгийн товчлол юу гэсэн үг вэ? Үл хөдлөх хөрөнгийн салбарт шинэ брэнд, чиг хандлагыг бий болголоо шүү дээ.
- МAD гэхээр галзуу, шатсан гэх утга илэрхийлэх ч араас Mongolia гэдэг үгийг залгаад ямарч бэрхшээлээс шантарч буцахгуй, эрмэлзэл зориг дүүрэн Монголчууд гэсэн утгаар хүмүүст хоногшуулах трэнд бий болгох гэж хичээсэн. M.A.D. гэдэг нь Make a Difference Mongolia гэсэн үгийн товчлол байгаа юм. Монголд өөрчлөлт хий, өөр бай, өөрчлөгч нь бай гэсэн утга санаа бүхий үг л дээ. Бид хамгийн наад зах нь компанийн нэрээс авхуулаад ажлаа хүртэл өөр түвшинд хийдэг байх ёстой гэсэн зорилго тавьсан. Шинэ стандартыг үл хөдлөх хөрөнгийн салбарт бий болгох. Түүнээс биш бие биенээ хуураад, бусдын бизнесийн санааг хулгайлаад явах биш. Бид бусдыг түүчээлэх ёстой. Бодоогүй санаагүй зүйлийг шинээр хийх хэрэгтэй гэж бодож, хичээдэг. Өнөөдөр манай байгууллага эргэлтийн 57 хөрөнгө, 42 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Татвар ч хангалттай төлдөг.
- Уянга гэдэг хүн яаж яваад энэ салбар руу орчихов.
- Зах зээл өөрөө хэрэгцээг үүсгэдэг гэдэг биз дээ? Манай Бельги хамтрагч Christopher De Gruben Монголд Mongolian propеrty-д ажиллах урилгаар ирсэн юм л даа. Манай хүн дэлхийн том том сургуулиудыг төгссөн, одоо хүртэл сурсаар байгаа, өөрийгөө байнга дайчилдаг дипломатч айлын хүүхэд. Маш өндөр мэдлэгтэй. Christopher удалгүй тэр газар ажлаасаа гараад нөхөр бид хоёрт энэ зах зээлд хамтран ажиллах санал тавьсан. Бид өмнө нь зөвлөх үйлчилгээ хийдэг байсан л даа. Манай нөхөр IT чиглэлээр цахим засаглалаас авхуулаад олон газруудад шинэ төсөл гардаж гүйцэтгэсэн туршлагатай хүн. Бид тэр саналыг нь хүлээн авч тулгын 3 чулуу шиг Бельги, Франц, Монгол гэсэн 3 хувь эзэмшигчтэйгээр компаниа байгуулж, 2008 оноос хойш зүтгэсээр өнөөдрийг хүрлээ дээ. 2010 оноос бид анхны хөрөнгө оруулалтаа авч байсан. Харамсалтай нь манай монголд хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд наад захын сервис үйлчилгээнүүд байдаггүй байсан. Гаднаас худалдаж авъя гэхээр чадал хүрэхгүй. Энэ хооронд орон зай үүсчихээд байсан юм л даа. Тэгээд л бид зүтгэчихсэн. Зүтгэсэний ачаар өнөөдрийн байр сууринд ирсэн. Энэ хугацаанд бид жаахан мөнгө харангуутаа л уул уурхайн салбар болон бусад зах зээл рүү хальж ороогүй. Өөрсдийн гол зорилго, ноён нуруугаа алдаагүй авч яваа. Одоо Монголд бид зөвхөн олон улсын стандартаар ажиллаж байгаа ганц байгууллага гэж хэлж болно.
- Гол үйл ажиллагааны чиглэл юун дээр тулгуурлан явж байна.
- Нэг сонин нь манайхыг хүмүүс үл хөдлөх хөрөнгийн брокер компани гэж боддог. Манайх барилгатай ямар ч холбоо хамааралгүй. Манай чиглэл шал өөр. Үл хөдлөх хөрөнгө гэхээр л шууд автоматаар зуучлал хийдэг компани гэж бодох юмуу эсвэл барилга барьдаг гэж бодоод байдаг. Хүн өөрийн мөнгөө хатуу болгодог зүйл бол барилга, үл хөдлөх хөрөнгө. Түүнийг гүйцэтгэдэг нь барилгын компаниуд. Development буюу хөгжүүлэгч компани нь хөрөнгөө босгож төслийг удирдаж, эдийн засгийн түвшинд тус тусдаа явах ёстой байтал манайд барилгын компани бүгдийг нь базаж хийх гэснээс болж захиалагч, гүйцэтгэгч, борлуулагч нь холилдоод ойлгогдохоо больсон. Энэ үнэхээр буруу чиг хандлага. Хөгжүүлэгч компани чинь өөрөө хөрөнгө татах хэрэг болноо доо. Хөрөнгө татахын тулд тухайн барилгын үр өгөөжийг заавал тооцох болно. Хамгийн гол нь судалгаа шүү дээ. Манай голлох үйл ажиллагаа үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээл дахь судалгааны ажил. Зах зээл дахь хөрөнгийн судалгаа саяханыг хүртэл түүхий, нойтон явсаар ирсэн. Манайхан хөрөнгө татах гээд барилгын архитектурын нэг зураг үзүүлээд яваад байдаг. Гэтэл орчны судалгаа, зах зээлийн судалгаа, цаашдын үр өгөөжийн судалгаа, санхүүгийн харьцуулсан үнэлгээ гээд маш олон зүйлүүд хэрэг болдог. Энэ зүйл нь байхгүйгээс болоод гадаад зах зээлд гарахаараа уначихаад байдаг. Энэ бүхэн монголд цогцоороо хараахан байхгүй байсан учраас ийм сервисүүдийг бид гаргаж ирсэн юм. Дараа нь Хөрөнгийн менежмент буюу зах зээлд гаргасан хөрөнгийг эргэлтэд оруулах, арчлан тордох үйлчилгээ. Үүний дараа хөрөнгийн чанараа сайжруулахын тулд интерьерийн засал чимэглэл. Гадныханд зориулж орон сууцандаа хийнэ гэсэн үг шүү дээ. Хэдийгээр энэ сервисээс бид төдийлөн өндөр ашиг олдоггүй ч энэ сервис байхгүй бол монголд хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг маш хэцүү. Тиймээс бид хүссэн хүсээгүй орсон. Үүнийг хийж байгаа. Хамгийн сүүлийнх нь удирдлагын хэлтэс буюу зөвлөх үйлчилгээ маань орж байгаа юм. Мэдээж том том байгууллагуудын хэлцэлүүдийг зохион байгуулж хийдэг. Зээл авч хүүнд дарамтлагдсан газруудад дараачийн хөрөнгө оруулалтыг татаж өгдөг диллер хийдэг гэх юм уу даа. Гэхдээ энэ тийм ч амархан зүйл биш л дээ гурван жилдээ нэг удаа болдог зүйл. Бид энэ зах зээл дээр ийм үндсэн 4 үйлчилгээ үзүүлдэг. Тухайн үед гурвуулханаа суугаад бүх зүйлээ эхэлж байсан бол өнөөдөр бид олон улсын жишиг стандарт бүхий RICSн итгэмжлэгдсэн нэгж болон явж байна.
- Нууц биш бол танайх судалгааг хэдээр хийдэг вэ.
- Нууцлаад байх юу байхав. Энд тогтсон үнэ тариф гэж байхгүй ш дээ. Захиалж байгаа ажлын цар хүрээнээс хамаарна. Зах зээлийн дэлгэрэнгүй судалгаа 25 мянган доллар байдаг. Хамгийн дээд талдаа 300-500 мянган доллар хүртэл ажил авна. Энэ бол тийм ч хялбар биш. Мэдээж бид гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын итгэмжлэгдсэн төлөөлөгч байх хэрэгтэй болноо доо. Бээжинд байрладаг хөрөнгийн үнэлгээний судалгааны баг авахад шаардлага нь маш өндөр бүх зардлыг нь даана. Бид үүнийг дотоодоо гаргаж ирэх гэж маш их эрмэлзсэн. Зургаан жил ажилласаны хүчинд RICS эрхийг нь авсан. Тэр эрхийг авлаа гээд орхихгүй жил бүр очиж давтан шалтгалт өгч эрхээ сунгуулна. Хэрвээ бид зөрчил гаргасан тохиолдолд эрхээ хасуулна.

- Танайх хотын төвийн хуучны байруудын доторх зохион байгуулалтын хануудыг нь янз бүрээр өөрчилж янзлаад байгаа. Аюулгүй байдал талаас үзэх юм бол осолтой юм санагддаг.
- Манай байрууд ихэвчлэн 40 мянгатад байдаг. Хэдхэн байр 50 мянгатад бий. 40 мянгатын байрын юу гоё гэхээр орон зайнд нь тоглолт хийх боломжтой байдаг. Архитекторын гоё хийцлэлтэй дотор төлөвлөлтийг яаж хийх нь дурын сонголт ихтэй. Сүүлийн үеийн барилгууд каркасаа зангидаад түүнийхээ дагуу ханаа босгодог. Харин 40 мянгат болохоор ханаа өрчихөөд давхар хооронд нь бетонын даацын карказуудыг суурилуулдаг. Даацаас хамаарсан хязгаарлах зүйл бага. Тиймээс нэг их асуудал үүсэх зүйл байхгүй.
- Харамсалтай нь та нарын тохижуулсан нэг орон сууцны орцны зургийг хулгайлсан юм билээ. Энэ нь монгол хүний урт гар өлөн нүдтэй холбоотой хэрэг байх даа.
- Би түүнийг санаатай үйлдэл гэж бодож байгаа.
- Банк хүртэл зээл гаргахгүй байгаа эдгээр хуучин барилгуудыг нураах тал дээр та эсрэг байр суурьтай байгаад байдаг. Танай компанийн бизнестэй хамааралтай болохоор ингэж хандаад байна уу даа гэж би боддог.
- 40-50 мянгат руу өлөн нүдэлсэн хэсэг бүлэг хүмүүс байгаад байна. Гурван давхар байшин нурах гээд түүнд нь монгол улс санаа зовж гэнэ дээ. Газар хөдлөх юм бол 5 болон 9 давхар угсармал байшингууд ялгаагүй л нурна. Алинд нь олон хүн амьдарч байна, хэн нь аюулаас зайлж гарах боломж хомс байна гэхээр 5 болон 9 давхрын айлууд л байна. Газар хөдлөлт болоход тэрэндээ тулах юм бол 3 давхраас үсрэхэд сайндаа хөлөө л хугална биз. 40 мянгатын орон сууцыг сайжруулвал үнэтэй болчих вий л гэж үхтлээ айгаад байгаа бололтой. Монголд газар хөдлөлтийн анализ хийсэн японы нэг компани бидэнд хэлж байсан. Гурван давхрын тоосгон барилга асгараад нурах гэсээр байтал танай энэ карказан барилгууд илүү аюулд өртөнө гэж. Карказан барилгын уян хатан чанар нь алга болдог. Харин газрынхаа хөрсөн дээр фундаментгүй шахуу байх тусам хөрсөө дагаж хөдлөнө. Сэгсрэлт өгөх юм бол асгарна. Сэгсрэлт өгөх, дайвалзах гэх мэт өөр өөр байдаг юм байна л даа. Ер нь бол газар хөдлөлт нь газрын хагалбар дагаж үүсч явдаг. Хагалбар үүсэх юм бол байшин дундуураа цууралт өгнө. Фундаментгүй байр хөрсөө дагаа дайвалзаад байдаг. Хамгийн аюул багатай. Доошоо гүн Фундаменттай байгаад дээшээ хатуу бетонон карказ байх тусам гол рам буюу даацын бүтцийн хугаралт үүсдэг гэж тайлбарлаж байсан.
- Түрээсийн байр сонирхож байгаа гадаадынхан хамгийн түрүүнд ямар үзүүлэлтийг нь хардаг вэ?
- Хотын соёл. Хотын соёл гэхээр манайхан бетонон хана, хашаагаар тусгаарласан гудамж, талбай, эсхүл өндөр шилэн барилгууд гэж боддог. Гадныхан гоё барилга харах гэж тэнд нь амьдрах гэж монголд ирдэггүй. Хамгийн гол нь тухайн ард түмний ахуйн соёлын цөмд нь хамт амьдрах сонирхолтой байдаг.
- Эдийн засгийн хямрал танай компанид нөлөөлж байна уу?
- Гайгүй шүү. Бусад газар мөнгө хийж байх үедээ хөрөнгө худалдаж аваад өөр салбар руу орж групп, корпораци болж байхад бид буцаагаад компанийн менежмент рүүгээ оруулж байсан.
- Үл хөдлөх хөрөнгийн харилцааны хууль эрх зүйн талаар юу хэлэх вэ?
- Энэ талаар ярих юм бол дуусашгүй яриа болно. Жишээ нь миний хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын компаниудыг лицензтэй болгоно гэдэгт санал огт нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл өрсөлдөөнийг хөндлөнгөөс хянаад байх нь тийм ч оновчтой зүйл биш. Хэдэн байгууллагын бизнес болох юм бол хэрэглэгч нарт сонголт байхгүй болно шүү дээ. Хүмүүсийн хувийн сонголтонд нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Үйлчлүүлэгч хэр чанартай үйлчилгээ авна түүнийхээ л мөнгийг төлөх хэрэгтэй. Хяналтыг лицензээр биш нээлттэй дата базаар хангах хэрэгтэй. Харин энэ зах зээлд оролцъе гэсэн болгон сар бүрийн хураамжаа төлөөд явдаг ч юм уу?
- Хэн хянаад хэнд төлнө гэж?
- Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбоо ч юм уу. Өөр ямар байгууллага байна тэд нар нь хоорондоо ярилцаад, тохиролцоод явах хэрэгтэй. Ямар нэгэн зүйл хийх гэж заавал төрөөс удирдуулах хэрэггүй байх.
- Ноднин жил ТВ-ийн нэвтрүүлэгт орж байхдаа ерөөсөө машин унадаггүй гэсэн . Үнэхээр одоо ч гэсэн машингүй юм уу?
- Өөрийнх чинь хувьд машин юу вэ?
- Ажил төрөл амжуулахад үнэхээрийн чухал хүний хэрэгцээ шүү дээ. Яг утас шиг маш чухал зүйл.
- Би хэсэг машин унаж байгаад хотын төвд орж ирсэнээс хойш 5-6 жил машингүй явж байгаа. Болдог л юм байна. Надад машин тийм чухал биш.
- Та Орос 3-р сургууль дараа нь МУИС-ын харилцаа төгссөн юм билээ. Орос англи хэл чөлөөтэй гэж ойлгож болох уу?
- Орос хэл миний хоёр дахь унаган хэл юм л даа. Зарим нэг жаахан шүүмжлэлтэй талууд бий. Миний үзэл бодлын илэрхийлэл арай учир дутагдалтай байдаг байх. Нөгөөтэйгүүр ертөнцийг өөр өнцгөөр харах олон талт сэтгэлгээг олгодогоороо сайн талтай.
Нэг ёсондоо хүний ярьж байгаа зүйлийг 2 талын үзүүрээр мэдээллийн боловсруулалт хийнэ гэдэг хоёр хэлтэй байхын давуу тал.
Дунд сургууль англи хэл бага сага заалгаж байсан боловч ойлгосон ойлгоогүй явсаар байгаад МУИС-д лавшруулж сурсан. Бизнесийн үйл ажиллагаанаас хамаараад англи хэлээ дагаад баруунжсан сэтгэлгээ суудаг байх.
- Сургуулиа төгсөөд ямар ажил хийж байв.
- Би өөрийгөө азтай гэж боддог. Социализм ардчилал хоёрын дунд их юм сурсандаа олзуурхдаг. Тэр үед их сургуулийн багш нар маань мундаг байлаа. Манай ОУХарилцааны Баясах багш, Нямаа деканаас авхуулаад, за тэгээд тэнхимийн эрхлэгч гээд зөндөө мундаг хүмүүс байлаа шүү дээ. Намайг хүүхэд төрүүлээд ирэхэд шалгалтаас чөлөөлдөггүй байсан байхгүй юу. Шалгалтыг авдагаараа хатуу авна. Сайн багш нарын ачаар бидний суурь маш сайн тавигдсан. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа зөв хүмүүсийн гарт өлгийдүүлсэн. Төрийн албанд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын гадаад харилцааны албанд орсон. Чойжанцан гээд мундаг хүний удирдлагад ажилласан. Энэ газар ажиллаж маш их зүйл сурсан. Удирдалага нь хүнийг боловсруулаад гаргадаг юм байна гэдгийг тэндээс л мэдэж авсан даа.
- Гадаад нөхөр 2 охинтой гэдгийг Твиттер хэрэглэгч нар мэдэж байгаа байх. Хаана яаж танилцав. Энэ олон жил монголд амьдрахдаа танай нөхөр монгол иргэншилтэй болсон уу?
- Танилцсан түүх энэ тэр гэж ярьсаар байгаад улиг болсон. Ярьмааргүй байна. Хүний явдаг зам, учирах хувь тавилангаар л танилцсан. Нөхөр маань Монголын иргэн болоогүй. Бид хоёрт хүнд ярьчихмаар сонин содон зүйл гээд байх зүйл алга. Бусдын л адилаар түрээсийн орон сууцаар дамжиж явсаар амьдралаа босгосон.
- Твиттерийн талаар дурдахгүй бол ярилцлага маань амтгүй болох байх. Твиттерийн хуудас дээрээ “Массын боловсролын хохирогч” гэж бичсэн байдаг. Ямар учиртай үг юм вэ? Мөн Элийрэгч нэр нь этгээд сонин сонсогддог.
- Нийгэм чинь тодорхой хугацаанд боловсроод шинэ нийгмийн бүтцийг бий болгож байгаа шүү дээ. Тэр үүссэн бүтэц, үнэт зүйлийг дараагийн орж ирэх гэж байгаа нийгмийн байр суурийг эзлэх хүмүүст өвлүүлэх залгамж системтэй байх ёстой юм л даа. Гэтэл манайд эхнийх нь учраа олоогүй байхад дараагийнх нь гарч ирдэг. Эхнийх нь хотжиж амжаагүй байхад дараагийн нүүдэл хөдөөнөөс орж ирдэг. Тэгээд залгамж чанаргүй масс гэдэг чинь өөрөө системдээ төөрөгдөхөд амар болоод байгаа юм. Засаглал дээр ч ялгаагүй, эрх баригчдаас авхуулаад доод түвшиндээ хүртэл бүх салбартаа ийм болчихсон. Үүнийг нь би тэгээд янз бүрээр хэлж гэгээрүүлэх гэж ядаад, массын дунд зөрчил үүсээд, системийн залгамжаа ойлгуулж чадахгуйдээ сүүлдээ өөрөө дунд дайтаад явж байна. Сошиалд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж гараад ирсэн учраас бүгдээрээ өөрийн ойлгосон, ойлгоогүй нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх гэж хамтдаа оршиж байна. Тэр дунд галзуурч элийрсэн нь дуу хоолойгоо илүү чанга хүргээд байгаа учраас л Элийрэгч гэсэн ийм нэр сонгосон төдий. Нэг талаар ёжлол, нөгөө талаар эсэргүүцэл гэж хэлж болно.
- Уучлаарай, твиттерт би таныг дагадаг юм л даа. Хааяа таны постыг хөндлөнгөөс харахаар хатуу үгтэй хэрүүлч юм шиг, эсвэл нөгөө талаар нийгмийн тэмцэгч ч юм шиг харагдаад байдаг. Зарим нэгэн оруулсан постыг харахаар ямар ч хүний эгдүүцэл хүрмээр санагддаг.
- Би аль нь ч биш. Тэмцэгч гэхээр ямар нэгэн зохион байгуулалтанд ороод, хүмүүсийг уриалан дуудаж, түүнийхээ үр дүнг үзэх гэсэн тууштай оролдогыг тэмцэл гэх байх. Би гудамжинд гараад ямар нэгэн зүйлтэй тэмцээд байдаггүй шүү дээ. Харин сошиал дээр миний үзэл бодлыг хэрэлдэж байна гэж хардаг бол тэр хүмүүсийн байж байгаа хэр хэмжээ цар хүрээ нь тэр. Жишээ нь чиний дургүй хүргэсэн ямар миний пост байна.
- Твиттерийн 140- хөн тэмдэгтэд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхэд хангалттай биш байдаг учраас заримдаа буримдаад хараалийн үг шиддэг юм шиг санагдсан. Урьсан зочиндоо хайр гамгүй шулуун үгээр ярьж байгаад маань бас дахин уучлаарай. Хэдэн сарын өмнө бичсэн ийм нэгэн пост байсан. Сэтгүүлчдээс Ikon.mn Болортуяа, gogo.mn Ариунбилэг, Монгол HD Лхагва нэг нь хэн билээ хэдэн тооны сайн сэтгүүлч байдаг гэсэн пост нь үе үеийн мундаг сэтгүүлчдийг үгүйсгэж байгаа хэрэг л дээ. Би өөрөө сэтгүүлч учраас надад лав таатай санагдаагүй.
- 140 тэмдэгтэд ямар ч уянгын халилтай болон өрнөлтэй, дүгнэлттэй зүйлийг багтаах боломжгүй. Сонирхол ч үгүй болно. Тиймээс л цөөхөн тэмдэгтэд багтааж өөрийгөө илэрхийлэх микро блогийн зарчмаар л зорилгодоо хүрнэ. Твиттерийн гол онцлог л түүндээ байгаа юм. Миний бичиж байгааг зүйлийг зөвөөр орчуулж уншиж чадаж байгаа хүмүүс л хүлээн авч ойлгодог. ФБ болохоор гэр бүл, найз нөхөд, насанд хүрсэн хүрээгүй төрөл бүрийн хүмүүс нэг талбарт гардаг учраас шалдар булдар хамаг юмаа хамаж маргалдаад мэтгэлцээний талбар болоход их хэцүү байдаг. Твиттерийн үгэн дээр ноцолдохоо болих хэрэгтэй. Намайг гадаад нөхөртэй болохоор монголчуудыг мууллаа гэх юм. Манай Монголчууд гэхээр би ч гэсэн өөрийгөө хамруулж байгаа шүү дээ. Асуудлын логик ярихаас илүүтэйгээр хэн ярьж, юу бичив гээд ухаад эхэлдэг. Намайг гадаад нөхөртэй гээд тусгайлан авч үзэхээр миний эгдүү хүрээд танай монголчууд, танай дуракууд гэж ирээд би өдөөн хатгасан зүйл бичдэг болсон. Би бичих үгээ аргадан байж миний монголчууд, тэнгэрлэг ард түмэн минь гэхдээ... гэж нялцагнаад байвал гол өгөх гээд байгаа мессэжийн агуулга хүмүүсдээ хүрдэггүй байхгүй юу. Уг нь би Монголоо гэж бодсондоо л иймэрхүү юм бичдэг. Тэгэхэд өөрсдийгөө заавал нэг эмгэнэн гашуудсан, хохирогчийн дүр төрхөнд аваачиж тавиад, гомдоод шаралхаад, өрөвдүүлж эсвэл нийтээрээ үзэн ядаад л. Гэхдээ миний 60 мянган дагагчаас 30 мянган нь таларахан хүлээн авдаг. Коммент бичихгүй RT хийхгүй байсан ч чимээгүй зүрх дарчихаад явдаг. Зарим нэг нь намайг хүлээн авах бүү хэл, үүнтэй маргаж мэтгээд ч нэмэргүй гэж хүлээн зөвшөөрсөн ч байдаг байх.
- Дээр миний нөгөө сэтгүүлчдийн талаар асуусан асуултанд
- Үнэндээ би тийм юм бичиж байснаа мартчихаж. Санахгүй байна. Гэхдээ дээрх сэтгүүлчдийг яагаад онцолж дурдсан байх вэ гэвэл тэдний өөрсдийнх нь стиль болон нийгэмд мэдээлэл хүргэдэг хэлбэрүүд нь өөр. Тэгэхэд бусад сэтгүүлчид яадаг гэхээр, юу ч хамаагүй сенсаци болж байгаа зүйлийг олж аваад өрдөг. Өрнөл, дүгнэлт, логик холбоос байхгүй. Нэг тал руу хэт хэлбийж, тэнцвэртэй мэдээлэл өгдөггүй. Миний онцолсон сэтгүүлчид болохоор тодорхой сэдвийг аваад, тал талаас нь мөлжөөд, сайн дүгнэлт гаргаж бичдэг.
- Гэхдээ Монголын сэтгүүл зүйг дөрөвхөн хүнээр дүгнэнэ гэдэг.
- Хэн байна. Чи тэгээд цааш нь нэрлэ дээ.
- Байгаа байгаа гэхдээ хоёулаа энэ сэдвийг орхье. Яагаад гэвэл энэ сэдэв дарьтай торх л гэсэн үг. Твиттерийн хаяа 8 жил манасан хүний хувьд өөрийн тань хувьд зөв үзэл бодолтой жиргэдэг хэн хэн гэдэг хүмүүс байна.
- Хүүшээ, би энэ зөв үзэл бодол гэдэг үгэнд дургүй шүү. Бүх зүйлд 100 % зөв гэж байдаггүй л байхгүй юу. Хүн чинь янз бүр байна, гэхдээ ноён нуруугаа л алдах ёсгүй. Нийгэмд хамгийн зөв, туйлын зөв, бүхнийг зөв хардаг, зөв ярьдаг, зөв сэтгэдэг хүн бий болгох боломжгүй. Ийм хүнийг нэхээд, хүсээд, гаргаад ирэхээрээ л буруу зүйл рүү явдаг. Дэлхий нийтийн түүх ч тийм байсан. Хамгийн хүсэмжит баатар нь хамгийн агуу удирдагч болоод ирэхээрээ л хүчирхийлэгч, мунхруулан тэнэгрүүлэгч болж ирсэн. Зөв байх, зохистой байх хүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
- Твиттерт мөнгө авч жиргэдэг гэсэн яриа мэр сэр бий. Энэ яриаг хүлээн зөвшөөрөх үү. Магадгүй хэн нэгэн ийм санал тавьж байсан уу?
- Мөнгө авдаг үгүйг нь би мэдэхгүй байна. Гэхдээ буруу биш шүү дээ. Америкт явж байхад хоолны газар орохоор манай ресторанд тэд дахь удаагаа ороод сельфидвэл, тэдэн удаа RT авах юм бол тэдэн удаа үнэгүй хоол иднэ, ийм хөнгөлөлт үзүүлнэ гэсэн урамшууллаа ил зарласан байдаг. Энэ бол зөв маркетинг. Зах зээл өөрөө хэрэгцээг өдөөдөг болохоос биш хүн зохиогоод зах зээлийг удирдана гэж байхгүй ш дээ. Энэ бол өөрөө эрүүл, жам ёсоор хөгжиж байгаа зүйл. Улс төр ч гэсэн ялгаагүй, өөрийн идеологи, бодлого, байр сууриа түгээж дэмжигчид татах талбар нь. Ямар ч зорилгоор бай надад мөнгө төлж жиргүүлэх болбол миний үнэт зүйлд нийцсэн, өдрийн цалинг маань хол давсан үнэлгээтэй л байх ёстой. Тиймээс надад санал тавихын тулд намайг худлаа үнэн судлах байлгүй дээ. Манайх 5,3 тэрбум төгрөгийн эргэлттэй жижиг компани. Жилдээ 600 мянгаас 1 тэрбум орчим төгрөгийн татвар төлдөг. Уянга гэдэг хүн цайны газар ажиллуулдаг ч юм уу, энгийн нэг ажилтан хүн байсан бол өөр хэрэг л дээ.
- Ингээд яриад сууж байхад Уянга гэдэг хүний ертөнцийг үзэх үзэл их өвөрмөц санагдлаа.
- Үнэндээ тийм биш. Би нийгмийн нэг л бүтээгдэхүүн, эд эс нь. Хаана толгой ажиллуулах зүйл байна тэнд л элийрээд явах нь миний хувьд жаргал. Энэ нь намайг эрчилж өгдөг. Миний ярьдаг үндсэн сэдэв бол үл хөдлөх хөрөнгө, хот төлөвлөлтийн асуудал. Түүнээс юу ч мэдэхгүй байж уул уурхайн талаар ярихгүй ш дээ. Ер нь бол би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Би урьд насандаа сайн үйл их хийсэн юм шиг байгаа юм. Харин хойд насандаа нэлээд зовно гэдгээ мэдээд хүлээн зөвшөөрсөн байгаа .
Урилга хүлээн авч илэн далангүй ярилцлага өгсөнд баярлалаа.
M.A.D URBAN КОМПАНИЙН ХИЙСЭН ОРОН СУУЦНЫ ДОТООД ЗАСАЛ
Yu yarih geed bgaa ni oilgogdohgui hereldeed bganuu yagaad bgay oilgoogui