Д.Мөнгөнцэцэг: Монголоос анх удаа АНУ-ийн Нью-Йорк хотод дадлага хийсэн агент болсон
Ярилцлагын зочин:
Д. Мөнгөнцэцэг
Байгууллагын нэр:
REMAX/CENTRAL
Албан тушаал:
Борлуулагч
Чиглэл:
ҮХХ Зуучлал
Ажлын туршлага:
4 жил
Баримталдаг зарчим:
Үнэ цэнийг тодотгож, ёс зүйтэй байх зарчимыг баримтална
Д.Мөнгөнцэцэг: Монголоос анх удаа АНУ-ийн Нью-Йорк хотод дадлага хийсэн агент болсон
2019 оны 04 сарын 03 өдөр
5716     6
Зочны цахим хаяг
Хуваалцах - 184 Жиргэх

АЖЛЫН ӨДӨР ярилцлагын буланд REMAX/CENTRAL-ийн РЕАЛТОР®  Д.Мөнгөнцэцэг уригдан оролцлоо. 2015 оны 10 сард  Олон улсын  франчайз РЕМАКС Монголд нээлтэй хийснээс хойш даруй 4 жилийн нүүр үзжээ. Хэдийгээр 4 жил гэдэг асар богино хугацаа боловч тэд эгнээндээ 35 оффис салбартай, 550 агенттай болсон өнөр өтгөн хамт олныг бүрдүүлж чадсан байна. Тэдний нэг Д.Мөнгөнцэцэгтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Монгол дахь Ремаксын анхны агент болон реалтор, 2 сая гаруй гишүүдтэй  Үндэсний Реалторын Нэгдсэн Холбооны Монгол дахь анхны төлөөлөгч, Олон улсын  ҮХХ-ийн зах зээл дээр үл хөдлөх хөрөнгө борлуулах  эрх бүхий итгэмжлэгдсэн ганц реалтор, мөн монголоос анх удаа гадаадад дадлага хийсэн  ганц  реалтор гэх мэт түүнд анхны анхны гэсэн тодотголууд бий.

 

- Ярилцлагаа үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт орсон түүхээсээ эхэлье.

- Би 2012 онд Англи улсад Лондонгийн  Худалдааны их сургуулийг Бизнесийн удирдлагаар төгсөөд 24 настайдаа Монголд ирсэн. Ажлын гараагаа“Мах Маркет”ХХК компаниас эхэлсэн. Тэнд худалдааны төлөөлөгчөөс гадаад харилцаа, гадаад харилцаанаас VIP хариуцсан менежер,  харилцааны менежер, брэнд менежер гээд  4 албан тушаал ахиж ажиллаж та бүхний өргөн хэрэглээ болсон “НҮНЖИГ” брэндийг үүсгэн байгуулж байсан. Тэгээд 2014 онд “Аригү”ХХК гээд консалт өгдөг компанид маркетингийн захирлаар  ажилласан.

Дараа нь 2015 оны 2 сард  Агуша гээд хүүхдийн бүтээгдэхүүний брэнд менежерийн ажилд орох ярилцлаганд орсон.  Тэр үед ярилцлага авч байсан Батбаатар захирал маань надад Үл Хөдлөх Хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллах санал тавьсан. Тухайн үед Ремаксыг монголд оруулж ирэх санаа төдий байсан юм билээ. Тэр саналыг нь би хүлээж аваад нээлт хийх хүртэл 8 сар хүртэл  хүлээсэн.10 сард нь Ремаксын нээлт нь болсон. Тэр үед CENTRAL, BEST, INFINITY  гэсэн гурван  оффис салбар байгуулагдаж байсан. Батбаатар захирал намайг РЕМОН компанийн  CENTRAL руу хуваарилсан.

- Санал тавьсан гэхээр өөрт чинь ҮХХ зуучлалаар ажиллах ямар нэгэн авьяас чадвар ажиглагдсан байх нь. Яг ямар онцлог шинж чанар ажиглагдсан юм бол.  Дараа нь өөрөөс нь асуусан уу?

-   Мэдэхгүй, яагаад ажилд авах болсон талаар огт асууж үзэж байгаагүй юм байна. Батбаатар захирал бол хүнийг өөртөө татаж, сонгож авч чаддаг удирдагч юм. Гэртээ очоод гүүглээр хайлт хийж анх Ремакстай танилцаж байлаа. Тэгээд л энэ бол миний хийж чадах ажил юм байна гэж эрс шийдэж, сэтгэл шулуудсан.

- Өмнө нь ҮХХ талаар ямар ч мэдээлэлгүй явж байсан байх. Гэхдээ эрхбиш ганц хоёр компанийн нэрийг сонссон л байсан байлгүй дээ.

-  Mongolian properties, Осмо хоёрыг л мэддэг байсан.

- Ажилд ороод анхны борлуулалтыг ямархуу хугацаанд гаргав. Энэ хугацаанд хичнээн ҮХХ -ийн борлуулалтын ажил хийв. 

- Манай ажлын ойролцоо RESTO гээд зоогийн газар байдаг. Түүнийг дөнгөж ажилд ороод 20 хоногийн дотор түрээсээр  гарсан. Анхны үйлчлүүлэгч маань Ремаксаар Америкт үйлчилгээ авч байсан хүн таарсан. Тэнд түрээсээр орсон газар нь 3 салбар нээхдээ надаар үйлчилгээ авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. 2016 онд хамгийн анхны Мөнгөн цолын болзлыг хангаж хамгийн олон тооны борлуулалт хийсэн агент болж байсан. Үүнээс хойш би борлуулалтанд төвлөрөх биш, энэ ажилдаа хэрхэн эзэн болох талаар суралцаж, гадаад, дотоодын зах зээлийн талаар тухай судалж эхэлсэн.

- Манай зуучлалынхан "анх юу ч мэдэхгүй байсан бол одоо учраа олсон" гэж ярьцгаадаг юм билээ. Учраа олох хүртэл учир шалтаанууд  нь юу байв.

-  За үүнийг ингэж тайлбарлах хэрэгтэй юм болов уу. Нэгдүгээрт sales person буюу  борлуулагч хүн хоёрдугаарт,business person буюу бизнес хүн гэж ангилдаг. Эхний борлуулагч хүн тухайн зарах түрээслэх гэж байгаа ҮХХ хөрөнгөө хайж олохоос эхлээд гэрээ хийх хүртэл араас нь хөөцөлддөг бол  хувиараа бизнес эрхлэгч хүнийг харилцагч өөрөө хайн зорьж үйлчлүүлдгээрээ ялгаатай. Ийм зогсолтгүй эргэх системтэй, байнгын үйлчлүүлэгч нартай болохыг л учраа олсон үе гэж хэлэх байх болов уу.

- Тэгвэл өөрөө бизнес ангилалд хамаарагдах хүн үү?

- Байнгын үйлчлүүлэгч нартай болсон болохоор энэ ангилалд орно гэж ойлгож байна. Харилцагч нарын танилын танил найзын найз гээд зөндөө сувгаар орж ирдэг. Ер нь бол би листээ 30 -аас дээш гаргаад байдаггүй. Одоогийн байдлаар надад 30 лист байна. Үүнээс тал нь онцгой эрхийн гэрээтэй, бусад нь  энгийн гэрээ.

- Хүнд мэдээлэл өгөхдөө энэ 30 листээ хооронд нь хольж хутгах явдаг байх уу? Мкв болон үнийг нь андуурах гэх мэт...

-  Бүгдийг нь цээжээр мэдэлгүй яахав. Лист бүртээ сэтгэл зүрхээ зориулж гэрээ хийгддэг учраас хэзээ ч хольж хутгаж мартаж байгаагүй. Үүнийг манай дотоод сургалтаар лист хийх алхмууд гэж заадаг. Энэхүү алхмуудаар хоёр тал хэрхэн харилцан ашигтай хамтран ажиллах арга техникүүдийг заадаг. Би энэхүү хичээлийг өөрийн туршлага, үзсэн харсан зүйлүүдээ нэгтгээд хэрхэн үр дүнтэй HOT Listing авах талаар оффисуудын захирлууд болон агентууддаа урилгаар хичээл заадаг.

ORONSUUTS.COM

- Листээ яаж олж байна.  Энэ олон зуучлалын газруудыг уламжлалт хандлага буюу  зарын сонин сайт шүүж манайхаар заруулаач гэж санал тавьдаг гэж  боддог.

-  ҮХХ-ийг эрэлхийлэх 4 арга байдаг.  Нэгдүгээрт, тухайн эзэмшигчийн өөрөө зарах лист  хоёрдугаарт,   хугацаа нь дууссан лист гуравдугаарт, тухайн нээлттэй хаалганы үеэр орж ирсэн лист, дөрөвдүгээрт  нэтворк буюу танилын танил гэсэн дөрвөн аргаар худалдан авагч эрэлхийлж листээ олдог. Энэхүү аргазүйг ашиглах зарчмаар листинг олж хөрвүүлж өөрийн худалдагч болон худалдан авагч болгодог. Миний  хувьд  танилын хүрээгээр орж ирсэн лист нь 80% эзэлж байгаа. Учир нь нэг удаа байр үзсэн ч, утсаар ярьсан ч эргээд миний үйлчлүүлэгч болох магадлал тун өндөр байдаг. Энэ нь тухайн хүнд чин сэтгэлээсээ туслах гэсэн сэтгэлийг минь үнэлдэг юм болов уу. (Инээв)

-Энэ салбарт ажиллаж байгаа та нарыг цагийн зөрүүнээс болоод гадаадаас шөнө орой  дуудлага орж ирэх, мөн санаатай болон санамсаргүй залгах үед утсаа авах хэцүү, авахгүй байх хэцүү байдаг байх даа гэж боддог ш дээ.

-Шөнийн 4 цагт дуудлага орж ирэх тохиолдлууд байдаг. Бидний сургалтын программын дагуу бол 24/7 ажиллах ёстой.

Шөнө орой залгаж байгаа тэдгээр  хүмүүсийг бид "шуурганы хүмүүс" гэж нэрлэдэг.

Тухайн хүн үнэхээр бодит худалдан авагч байх тохиолдолд шуурганаар ч болсон ирдэг гэсэн санаа юм. Хэдийгээр шөнө орой залгаж байгаа боловч энэ хүмүүс  худалдан авах магадлал бүхий бодит харилцагч нараа гэж үздэг. Тиймээс утасны дуудлага заавал авах ёстой. Энэ нь сахилга бат юм.

- Тухайн лист авахдаа  зарагдах магадлалтай гэж юуг нь илүү хардаг вэ?

-  Үл хөдлөх хөрөнгө  хоёр шалтгаанаар зарагддаг. Үнэ болон байршил. Тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хамгийн бодит үнэ цэнд суурилан гаргасан тохиолдолд зарагдах магадлалыг гаргаж зах зээлд хэдэн хоногийн дотор зарагдах боломжтойг хүртэл гаргаж ирж болдог. Энэ л тухайн агент, реалторын чадвар, туршлагаас мэдээж шалтгаалдаг. Реалтор бидний зорилго үл хөдлөх хөрөнгийг  тоолох, үнийг хамгийн бодит болгож хэрэглэгч үйлчлүүлэгч нарт гарч  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх явдал.

-  ҮХХ зах зээл дээр хэчнээн компани, хэчнээн зуучлагч нар ажиллаж байна. Тийм судалгаа байна уу?

- Монгол Улсын Статистикийн эмхэтгэлээр өнгөрсөн оны нийгэм эдийн засгийн судалгаагаар Үл Хөдлөх Хөрөнгийн үйл ажиллагааны салбарт 4952 нь ажилдаг гэсэн албан ёсны судалгаа байдаг. Нийт 172 компани нь Улаанбаатар хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйд тооцогддог.

- Хөөх 4952 гаруй хүмүүс ажилладаг гэжүү.  Энэ тоо намайг бүүр шоконд оруулчихлаа. Тэгэхээр энэ олон хүмүүсээс 100 -хан хүн л реалтор гэсэн Олон Улсын албан ёсны нэртэй явж байна. Өөрөө тэд нарын нэг.  Тиймээс өөрийгөө энэ салбарт ажиллаж байгаа  бусад хүмүүсээс арай өөр түвшинд тавих ч юмуу тиймэрхүү мэдрэмж төрдөг үү ?

- Реалтор гэсэн нэрэнд хэрхэн хүндэтгэлтэй хандахаас  шалтгаална. Реалтор болсноор  100 гаруй жилийн түүхтэй том системд нэвтрэх эрх үүсдэг. Энэ систем нь тухайн хүнд олон талын боломж олгодог. Дэлхийн Үндэсний Реалторын холбоо нь Реалтор бидний эрх ашиг, тулгамдаж буй асуудлуудад шийдэл гаргаж өгдөг хамгийн том бидний ар тал нь гэж энгийнээр ойлгож болно.

Энэ боломжийг  Монголын Үл Хөдлөх Удирдлагын Академи нутагшуулаад 2 жил гаран болж байна. Бид гишүүнчлэлийн эрхийнхээ хүрээнд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулдаг.  ҮХХ -ийн бизнесийг хэрхэн зөв мэргэжлийн түвшинд хийх вэ гэдэг цогц сургалтууд орж байна. Жишээ нь: шинэ агентад баримжаа олгох сургалт, реалтор хүний заавал мэдвэл зохих ерөнхий мэдлэгийн сургалт буюу GRI, Олон улсад ҮХХ борлуулах Итгэмлэгдсэн реалторын сургалт буюу CIPS , мөн маш олон зэрэг, цолууд байдаг. Энэхүү цол, зэрэглэлээрээ реалторууд хоорондоо ялгарах, арай өөр түвшинд ажиллах гол үзүүлэлт болдог.

ORONSUUTS.COM

- Өөрөө гадагшаа борлуулалт хийж үзэв үү?

- Саяхан цагаан сарын өмнө Олон Улсад борлуулалт хийх эрхээ авсан учир одоогийн байдлаар хийж амжаагүй байна.  Ер удахгүй байх гэж бодож байна.

- Агентаар ажиллаж байгаад оффис нээх болсон жишээнүүд зөндөө байна. Өөрөө оффис нээж гарья гэж бодож байгаа юу?

- Одоогоор тэр талаар бодсон зүйл алга. Гэхдээ хөрөнгө оруулагч хамтран ажиллах санал тавих юм бол нээлттэй.

- Үл хөдлөх хөрөнгийн агент болсон хүмүүст байгууллага нь НД шимтгэл гэж төлөхгүй, дээрээс нь ширээний мөнгө гэж өгөөд хувиараа бизнес эрхлэгч гэсэн статустай яваад байгаа. Өнөөдөр Ремаксд 550 гаруй агент  ажиллаж байна. Энэ зах зээл дээр тоглож чадах л юм бол орон зай асар их  байгаа юм шиг харагдаад байна л даа. Гэхдээ ихэнх хүмүүс нь ҮХХ хөгжил гэхээсээ илүүтэй  авах шимтгэлийн үнийн дүнд татагдаад байгаа юм шигээ.  Үүнээс болоод ҮХХ зуучлалын нэр хүнд чадваргүй сэтгэлгүй хүмүүсийн балгаар унах эрсдэлтэй гэж хараад байгаа.

- Тийм ээ, ер нь энэ бизнесийг зөвхөн  мөнгө гэж харах юм бол энэ зах зээл дээр хол явахгүй. Хаа нэгтээ очоод мөргөөд л унана. Аливаа бизнес эрхлэгч маш зөв хандлагатай байх ёстой. ҮХХ  талх биш учраас  хүмүүсийн хуруу хумсаа хугалан байж цуглуулсан хөрөнгө мөнгөнд нь зөв шийдвэр гаргахад хөтөч нь  болж туслах ёстой. Тиймээс  бид өөрсдөө хөгжиж, ёс зүйтэй ажиллах хэрэгтэй. Болох ёстой зүйл нь болж, хөгжлийн нэг үйл явц юм л даа.

Олон улсад яадаг вэ гэхээр хамгийн шилдэг реалторыг тодорхойлохдоо ҮХХ хөрөнгийн мэргэжилтэн хэдэн төгрөгийн борлуулалт хийсэн, ямар орлоготой ажилласан гэдэг нь хэнд ч хамаагүй байдаг. Харин тэр хүн хэдэн хүнд тусалсан, хэчнээн сайн дурын ажилд оролцсон вэ гэдгээс тухайн реалторын шилдгээр шалгаруулдаг. Энэ салбарт  цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа маш олон хүн байдгийг мэдэрсэн. Зарим нь яаж сайжруулах аргаа сайн мэдэхгүй гацсан, зарим нь мэдээд өөрчлөлтийг хүлээж суугаа мэт санагддаг. Үүнийг хүлээх биш сайжруулах арга замыг  эрэлхийлж,  салбараа ахисан түвшинд хүргэх хэрэгтэй. Тиймээс бид “Монгол Реалтор” клубыг Реалтор Г.Наранхүү, Реалтор Г.Батзаяа, Реалтор Сэргэлэн, Реалтор Б.Цацрал нартай хамтран үүсгэн байгуулаад ажиллаж байгаа. Манай клуб энэ салбарын төлөө дуугарах, тууштай,  зүтгэлтэй сэтгэлтэй залууст үүд хаалга үргэлж  нээлттэй байгаа. 

- ҮХХ зуучлалыг мөнгө гэж харахаас илүүтэй хүнд тус болж байна гэж эерэг хандлагаар ажлаа хийдэг  бол сайхан л байна. Харин үйлчлүүлэгчийн сэтгэл зүй нь хэр бэлтгэгдсэн байдаг юм бол доо.

-  Манайд үйлчилгээ авах соёл, сэтгэл зүй нэг үеэ бодход харьцангуй хөгжиж байна. Гэхдээ дутмаг байгаа. Энэ нь нөгөө талаасаа чанартай үйлчилгээ үзүүлэх тал дээр сул байгаагын илрэл юм. Хэдийгээр бидэнд ҮХХ-ийн борлуулалтаас орж ирж байгаа үнийн дүнгийн шимтгэл нь бодит мөнгөн дүн боловч нүдэнд харагдахгүй маш олон үнэт зүйлүүдийг харилцагч нарт өгч байдаг. MMCG судалгааны компаниас "Худалдан авах сэтгэл зүйн судалгаа" хийсэн байна лээ. Хүн хамгийн их сэтгэл хөдлөлдөө автан худалдан авалт хийдэг зүйл нь орон сууц сонгох үе шат байдаг гэнэ.  Тиймээс мэргэжлийн Реалторууд бид борлуулалтын албанаас ялгаатай нь тухайн хөрөнгийн давуу болон сул талыг худалдан авагчдад хэлж зөв шийдвэр гаргахад нь нөлөөлөх давуу талтай.

- Гэхдээ манай монголчууд зуучлалын байгууллагад төдийлөн таатай ханддаггүй юм шиг  санагддаг. Худалдан авагч тал зуучлалын байгууллага гэдгийг мэдээд ямар хариу үйлдэл гаргадаг вэ?

-   Чи зууч юмуу эзэнд тэгээд хэлчхээрэй гэсэн хандлага бат бөх оршсоор байна. Тэр бүх зүйл дээр эмзэглээд байх юм бол цаашаа явахгүй ш дээ. Үүнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байж, итгэл үнэмшлээрээ удирдаж сурах хэрэгтэй гэж боддог. Тиймэрхүү хандлага хаана ч байсан, одоо ч байгаа, цаашид ч байх л зүйл...

- Ремакс гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ асуултыг асууж  байгаа юм. Ремаксын хувьд агентууд нь чадваргүй гэх хандлага мэр сэр байдаг. Энэ тал дээр...

-  Бид нар чинь хувиараа бизнес эрхлэгч гэсэн статустай явж байгаа. Хамгийн гол нь харилцагч  зөв агенттайгаа гэрээ хийх хэрэгтэй. Энэ бол франчайз бизнес учраас тэрэнд  хяналт тавиад ажиллах боломжгүй бид сайжруулалтыг хийгээд тухайн асуудалд шийдлийг тусгаад явдаг. Энэ бизнес нь хэн дуртай нь хийгээд явах боломжгүй учраас цаг хугацаа харуулна. Зарим нэгэн хүний алдаа бидний үнэ цэнэ дээр гишгэлээд байгааг үгүйсгэхгүй. Бид чинь байгуулагдаад дөнгөж  4 -хөн жил болж байна шүү дээ. Энэхүү хугацаандаа зах зээлд шинэ өнгө төрх, стандартыг тусгаж ажилласны хүчинд Дэлхийн Шилдэг Азийн бүсийн шагналыг 2 ч удаа хүртсэн. Дэлхийн стандартад нийцсэн чадварлаг боловсон хүчинтэй болохын тулд бидэнд цаг хугацаа хэрэгтэй.

-  Оны өмнө Америкт очоод тэндээ 3 сар болох хугацаандаа дадлага хийгээд ирсэн. Энэ тухайгаа сонирхуулаач.

- Оны өмнө 10 сард  Бостонд жил бүр зохион байгуулагддаг Үндэсний Реалторын Холбооны 2 сая гишүүдийн 20 мянга нь нэг дор цуглардаг хамгийн том чуулга уулзалтад оролцсон.  Энэ арга хэмжээ 5 хоног болж мэдлэг боловсролоо дээшлүүлж хоорондоо туршлага судалж танилцах ач холбогдолтой.  Манай Монголоос 8 хүний  бүрэлдэхүүнтэй очоод би тэндээ үлдэж 3 сар дадлага хийгээд ирсэн.

ORONSUUTS.COM

- Америк Монголын  ҮХХ харилцааны зөрүү асар их  ялгаатай байсан байх.

-Хувь шимтгэлийн хувьд тэнгэр газар шиг зөрүүтэй гэж хэлж болно. Тэднийх дунджаар зуучлалаас 6-10 хувь авдаг юм билээ.  Гэхдээ манайх шиг тогтсон хувь гэж байхгүй ярилцаж байгаа хувиа тохирдог. Оффис бүр тус тусдаа компанийн засаглалтай. Тэр компанийн засаглалын дагуу агентууд сонгож ордог. Тухайн хүний ур чадвараас шалтгаалаад  шимтгэл хувиа тохиролцдог. Хэрвээ тухайн  хүн туршлага өндөртэй юм бол 100 хувь шимтгэлээ авахыг ч харсан. Борлуулалтаа сайжруулах юм бол цолууд нь дээшлээд явна гэсэн үг.

- Дадлагаа ямар газар хийсэн вэ?

-Монголоос анх удаа ОУ-ийн франчайз Keller Williams Realty-д дадлага хийсэн ганц хүн нь би болсон.  Олон улсыг үйлчилгээ гэдэг нь миний харснаар цогц бизнес юм байна гэдгийг мэдэж авсан. Нэгдүгээрт, зуучлал хийх нь зөвхөн борлуулахаа л хийдэг, шинжилгээ хийх газар нь ҮХХ-ийн давуу болон сул талыг судлаад 30-40 жилийн түүх өнгөрсөн, одоо ирээдүйг нь шинжлээд өгдөг. Моргейж, хууль эрх зүй, даатгал гэх мэт тус тусдаа үйлчилгээ үзүүлдэг компаниуд хамтран ажилладаг.

Үл хөдлөх хөрөнгийг бэлэн мөнгөөр худалдан авах процесс нь 60 гаруй багц бичиг баримт бэлтгэдэг. Хэрвээ зээлээр байх юм бол 85 төрлийн багц баримт бүрдүүлнэ. Тухайн гүйлгээ хийгдэхэд бэлэн мөнгөөр 3 сарын хугацаа зарцуулагддаг бол зээлээр 6 сар болох жишээтэй. Ер нь бол надад дадлага хийсэн 3 сар хангалтгүй байсан.

-  Худалдан авах процесс нь яагаад 3 сар болдог юм бол.

- Үл хөдлөх хөрөнгө нь өөрөө гаднын болон дотоод маш том хүчин зүйлээс шалтгаалдаг Нэгдүгээрт хуулийн заалтууд нь худалдаж авч байгаа талдаа  хамгаалалт сайтай юм байдаг юм билээ. Хоёрдугаарт  ҮХХ-ийн өөрийнх нь үндсэн ашиглалтын үеийн төлөв байдалд нийцсэн  том бүлэг хууль байдаг.  Мөн зуучлагчийг хамгаалсан хууль гэж байдаг. Хэрвээ тухайн ҮХХ-ийн  шугам хоолойг тэдэн жилийн хугацаанд засварлаагүйгээс болоод гарах үр дагавар нь хожим нөлөөлөх юм байна гэдгийг олон шинжилгээгээр хийж гаргаж өгдөг. Барилгын материалын эдэлгээ, түүнээс үүсэх үр дагавар гэх мэт нарийн зүйлүүд дээр тус бүр амлалт авч байж шийдвэр гаргадаг. Энэ дараалсан шинжилгээ дүгнэлтүүд нь цаг асар их хугацаа шаарддаг юм билээ.  Тэнд байхдаа нэг ажигласан зүйл бол тэдний реалторуудын дундаж нас  55  байдаг бол манайд 26 байх жишээний.  Тиймээс бид ҮХХ харилцаанд маш хүндэтгэлтэй нягт нямбай  хандах нь хэрэгтэй юм шиг санагдсан.

- Тэнд байх хугацаандаа ҮХХ зарах процесст оролцож үзэв үү?

- Үзэлгүй яахав, би тэнд  мундаг чадвартай туршлагатай багийг дагасан. Тэд  төсөл төслөөр нь  хариуцаад явдаг юм билээ.

- Ремаксын үүсгэн байгуулсан эрхэмтэй  зургаа авхуулсан байсан.  Хаа холын  хөгжиж байгаа орны дээл өмссөн нэг охинтой уулзахад түүнд ямар санагдсан бол.

-  Маш богино хугацаанд уулзсан. Их л завгүй, уулзалт цуглаанд дөжирсөн хүмүүс байдаг юм шиг санагдсан. Гэхдээ би брэнддээ маш их хайртай учир Ремаксын жил бүр зохион байгуулагддаг R4 арга хэмжээнд зорьж очиж үүсгэн байгуулагч GAIL LINIGER-тэй биечлэн уулзах зорилготой байсан. Уулзах үед түүнд чин сэтгэлээсээ талархаж, ийм сайхан боломжийг гаргаж өгсөнд нь баярлах зорилгоо биелүүлээд сэтгэл хангалуун буцаж ирсэн.

ORONSUUTS.COM

                  RE/MAX-ийн  үүсгэн байгуулагч GALE LINIGER-тэй хамт

 

-  Хэдийгээр энэ салбарт орсон хугацаа чинь богинохон боловч маш олон сургалтанд хамрагдаж суужээ. Дээрээс нь анхны анхны гэсэн тодотголууд зөндөө байдаг юм байна.

- Одоогийн байдлаар 5 төрлийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтанд оролцсон байна. Жил бүрийн  Лас-Вегас хотод болдог Ремаксын R4 гээд чуулга уулзалт, Бостон хотод болсон Үндэсний Реалторын Холбооны жилийн уулзалт, Атланта  Ситид болсон“Triple Play”буюу “3 төрлөөр тоглоё” гэсэн нэртэй  бас л реалторуудын хоорондын харилцаа холбоог дэмжих зорилготой чуулга уулзалт,  мөн Нью-Йорк хотод болсон ҮХХ хөрөнгийн нэгдсэн чуулга уулзалт, NYSAR гээд Нью-Йорк мужийн Реалторын холбооны уулзалт зэрэгт оролцсон. Эдгээр сургалтанд  сууж байхдаа хөрөнгө оруулагч нарт Монголоо танилцуулж 2 ч удаа итгэл тавьсан. Дадлага хийх шийдвэрээ гаргаад өөрийн машинаа зарж, замын зардал хийж явсан минь энэ салбарт ямар их үнэ цэнэ өгч буйг минь илгэж байгаа бөгөөд 3 сарын туршид маш олон сорилтой нүүр тулгарсан.

- Тэгээд гардныхан хэр сонирхож байна. Худалдан авах шалтаан юу вэ? 

-  Яг үнэндээ Монголоо таниулах эхний алхмууд болохоос биш бодитой нөлөөлөх хүчин зүйлс хомс. Хууль эрх зүйн хувьд асуудалтай барьцгүй гэж хэлж болно. Мэдээж хамтран ажиллах таатай саналуудыг судалж танилцуулсан.

- ҮХХ зуучлалын салбарт ийм үнэ цэнтэй боловсон хүчин бэлтгэгдэн гарсан байхад өөрийгөө сурталчилж олон нийтэд таниулахгүй их л даруухан юм санагдаж байна.

- Танд тэгж харагдаад байна уу.  Гэхдээ би өөрийгөө даруухан биш гэж боддог. Нэлээн  нүүрэмгий тал руугаа. Та бод л доо, Америкт уулзалт цуглаанд  гав ганцаархнаа Монгол дээлээ өмсөөд хэн ч намайг тоохгүй байхад - Сайн байна уу, намайг Мөнгөө гэдэг, би Монголоос ирсэн гээд хүн бүртээ очиж танилцаад.  Энэ үед өөрийнхөө хийж байгаа ажлаараа, Ремаксараа үнэхээр их бахархах сэтгэгдэл төрсөн. Магадгүй гадагшаа би  гэсэн сурталчилгаа маань дутмаг байж болох юм. Тиймээс таны ярилцлага авах саналыг дуртайяа хүлээж авсан. Миний анхны ярилцлага. Надад ярилцлага авах санал тавьсанд баярлалаа.  Ер нь би анхдагч хүмүүст их хүндэтгэлтэй ханддаг. Бид тэд нарын дагагч. Дагагч хүмүүс анхдагч хүмүүсийн юу туулсныг мэддэг ч мэдэрч чадахгүй. Анхдагч нараас Актив зууч компанийн  Янжиндулам эгчийг их хүндэлдэг.

-  Реалтор Мөнгөө гэдэг хүн энэ олон агент реалторуудаас анхдагч  анхны гэсэн тодотголоор ялгарах юм болов уу гэж бодоод байна.

-  Миний хувьд яалт ч үгүй хэд хэдэн анхны гэх тодотгол дагаж явдаг.  Нэгдүгээрт,Монгол дахь Ремаксын анхны агент, Хоёрдугаарт, 2 сая гаруй гишүүдтэй  Үндэсний Реалторын Нэгдсэн Холбооны Монгол дахь анхны төлөөлөгч, Гуравдугаарт, Монголоос  гадаадад анхны дадлага хийсэн реалтор,  Дөрөвдүгээрт, Олон улсын  үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ҮХХ борлуулах  эрх бүхий итгэмжлэгдсэн ганц реалтор (бусад нь брокер эзэмшигч нар). Миний ажлын баримталдаг зарчим " Борлуулалтын үнийн дүнд төвлөрөхөөсөө илүү мэргэжлийн үнэ цэнийг тодотгоно" гэсэн уриатай ажилладаг.

ORONSUUTS.COM

- Олон улсын  үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ҮХХ борлуулах  эрх бүхий итгэмжлэгдсэн ганц реалтор төлөөлөгч гэж байна. Үүнийг хаанаас яаж авдаг юм бэ? Итгэмжлэгдсэн төлөөлөгч болсноор давуу тал юу байна.

- Үүнийг Үндэсний Реалторын Нэгдсэн холбооноос NAR-аас олгодог итгэмжлэгдсэн цол юм. Энэхүү цолыг авснаар аль ч орноос, ямар ч үл хөдлөх хөрөнгө хайсан маш өргөн хүрээний сонголтуудыг гаргах давуу талтай. Рефферал буюу хамтын ажиллагааны цар хүрээ өргөжнө гэсэн үг. Тиймээс та гадаад үл хөдлөх хөрөнгө хайж байгаа бол надад хандаарай гэж урьмаар байна.

- Надад нэг зүйл ажиглагдсан нь Ремаксын салбар оффисуудын захирлууд нь гадаадад сургууль төгссөн мэдлэг боловсролтой боловсон хүчинтэй юм шиг харагдсан. Англид сургуульд сурсан тухайгаа яриач

-  Би хүүхэд байхаасаа л гадагшаа явж сургуульд сурах сонирхолтой байсан. Тиймээс эхлээд хувь хүнийхээ хөгжилд илүү анхаарсан. Залуу Илтгэгчийн сургууль, Залуу Хатагтай, ноёдын сургууль, Ой тогтоолт хөгжүүлэх аргачлал,  Глобал Удирдагч Сан, Төгс  гадаад хэлний сургалт гэх мэт зүйлд хамрагдсан. Анх Герман явах гэсэн боловч хүнд залилуулаад больсон.  Тэгээд Америк руу виз хүссэн боловч татгалзсан хариу авсан.  Америк бүтэхгүй юм байна гээд Англи руу виз мэдүүлсэн боловч бас татгалзсан.  Гэвч бүтэхгүй нь гээд тэр чигт нь хаяалгүй Англи руугаа дахин давж заалдаж орсон. Виз маань гарсан.  Ингэж 19 настайдаа Англид  70% тэтгэлэгээр  Лондонгийн  Худалдааны их сургуулийг  Бизнесийн удирдлагаар төгсөөд ирсэн түүхтэй. Тиймээс Гадаадад суралцахаар явж буй оюутан, залуустаа над шиг зүйлүүдийг битгий туулаасай. Туулсан ч өөрийнхөө туршлагаас хуваалцаж, нэмэр болох юмсан гэж боддог. Бүрдүүлэх бичиг баримт, тухайн орны соёл, очоод байрлах байраа хүртэл хайлгаж болно шүү дээ.

- Миний саналыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэн чамд маш их баярлалаа 

 

ORONSUUTS.COM

ORONSUUTS.COM

ORONSUUTS.COM

ORONSUUTS.COM

 

Хуваалцах - 184 Жиргэх
Сэтгүүлч: П. НАРАНМАНДАХ

Сэтгэгдэл бичих

Илгээх

Сэтгэгдэлүүд

2019-04-28 15:15   enhbayar
ajiliin amjilt hvsii hvsii
2019-04-25 20:34   Hj
Mash myndag hereglegchdiinhee tuluu ajilladag agent shu. Sain saikhniig hucey
2019-04-19 17:47   mm
bi buruu sanaagvi bol keller willamsd mongol emegtei ajildag shig sanagdaj bna
2019-04-04 18:02   Zochin
Saihan yariltslaga boljee..amjilt husie
2019-04-03 20:31   Ghyu
Myndag agent shu. Amjiltiin deediig hucey. Ikh goy yariltslaga bn.
2019-04-03 16:04   Ариун
Ажлын амжилт хүсэе.